Thursday, January 27, 2011

Ашиг сонирхлын зөрчил

Б.Мандах
  Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/47718.shtml

 
Хөзөр тарааж дууслаа. Хамгийн сайн “мод”-той нь хожих шийдвэрлэх тоглолт. Надад боломжийн хөзөр иржээ. Хэн нэгэнд хатан байхгүй л бол би хожих нь тодорхой. Харин хажуугийн нөхөрт дундаж хөзрүүд байгаа бололтой. Урдаас хараад сууж буй залуугийн царайг харвал хожигдох нь гарцаагүй байгаа бололтой. Гэнэт газарт нэг хөзөр унасан байгааг бид олж харав. Бидний зүг харах “дөрвөлжингийн эмэгтэй”. Тоглогчдод асуулт гарч ирлээ. Энэ хөзрийгтоглолтод  оруулах уу? Миний гарт байгаа сайн мод дахиж ирэх нь эргэлзээтэй тул би энэ хөзрийг энэ удаагийн тоглолтод оруулахгүйгээр өнжөөхийг хүсэж байна. Тоглоомыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ хөзөр тоглолт эхлэхэд оролцоогүй тул нэг удаагийн тоглолт өнжөөхөд буруудах зүйл байхгүй. Харин хажуугийн нөхөр тоглолтод оруулахыг шаардлаа. Газарт буй модыг тоглолтод оруулснаар түүний гарт буй хөзөрт хослол үүсэх боломж нэмэгдэх аж. Дутуу хөзрөөр хожлоо шийдэх нь шударга бус хэмээн өөрийн үндэслэлээ тайлбарлав. Урдаас харж буй залуу шийдвэрлэх тоглолтыг ийм маргаантай байдалд хийж болохгүй гэдгээ хэллээ. Түүнийхээр энэ тоглолтыг бүхэлд нь цуцлах санал гаргав. Түүний гарт буй хөзөр өөрт нь хожил авчрахгүй тул дараагийн тоглолтыг гаргах нь түүний зорилго байв. Энэ хөзрийгтоглолтод  оруулах уу? Бид шийдвэр гаргаж чадсангүй. Яагаад гэвэл бидэнд тус бүрт нь ашиг сонирхол байна. Хамгийн гол нь бид шийдвэрийг өөрсдөө гаргах гэж оролдоод байгаад байна.

СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ ЮУ?


Энэ хууль батлагдсанаар мэдээж бид гурван хөзөрчин нөхрийн маргааныг шийдвэрлэхгүй. Гэвч бидний маргааныг шийдвэрлэхэд бид биш өөр сонирхлын зөрчилгүй хүнээр шийдвэрлүүлэх ёстой тухай зарчмыг агуулсан бий. Хүн бүхэнд ашиг сонирхол бий. Гагцхүү ашиг сонирхолтойгоо зөрчилдөх нийтэд хамааралтай шийдвэрийг гаргахгүй байх нь чухал. Дээр гурван хөзөрчний хувьд аль нэг нь шийдвэр гаргах нь зөв сонголт биш. Хэдий үнэнч шударгаар шийдвэр гаргасан ч түүнд нь эргэлзэн хардсаар байх болно. Яагаад гэвэл энэ бол бидний үнэн зан чанар. Өнөөдөр хууль тогтоогч 76-г бүгдийг нь хар өнгөөр аль хэдийн будчихсан. “Тэд төрөөс төрсөн тэрбумтангууд, 76 луйварчин” л . Ийнхүү хардах шалгаан нь өнөөх гишүүдэд ашиг сонирхлын зөрчил байгаад учир бий. Ийм нөхцөлд өөрсдийгөө үнэнч шударгаар ажиллаж байгаа гэж хэлсэн ч, үнэхээр шударгаар ажиллаж байсан ч ямар ч ялгаагүй. Хардсаар л байх болно. Хуульчийн хүүхэд хуульч, эмчийн хүүхэд эмч болох нь манайд түгээмэл. Үүнээс л сонирхлын зөрчлийн ул мөр нийгэмд хэр их байгаа гэдэг тодрох болно. Танил, нөхөд ах дүү хамаатан садны холбоо Монголд түгээмэл бөгөөд хүчтэй нөлөөтэй. Байрны даргаас эхлээд Ерөнхий сайдыг хүртэл бүхий л шатанд өөр өөрийн өнгө төрх, ашиг болоод хохиролтойгоор оршсоор ирсэн.

Барилгын бизнестэй хүн Барилгын яам толгойлж, Эрүүл мэндийн сайдын эмнэлэг өргөжин тэлсээр, Боловсролын сайдын суудлаа өгсөн нь сургууль байгуулах болжээ. Шүүгчээр ажиллаж байсан хүнээр өмгөөлүүлчихвэл ялах нь баталгаатай гэнэ. Яагаад гэвэл түүний найз нөхөд нь хэргийг нь шалгаж шийднэ шүү дээ. УИХ-ын гишүүн өөрийн эрхэлдэг бизнесийн салбартай холбогдох хуулийн төслүүдэд хамгийн идэвхтэй оролцдог. Мэддэг салбартаа ажиллахад хамгийн ойр байдаг ч ашиг сонирхол үүнд хүссэн ч хүсээгүй ч үүсч л байдаг. “Төрийн болон төрийн өмчийн байгууллагын ажилтан, албан тушаалтны шууд болон шууд бус хувийн ашиг сонирхол нь үнэн зөв, бие даасан шийдвэр гаргахад нь нөлөөлөхөөр байвал тухайн асуудлаар байр сууриа илэрхийлж болохгүй” (Жералд Карнеу-Ашиг сонирхлын зөрчил ба хууль боловсруулагчид) хэмээх дүрмийг дэлхийд хүлээн зөвшөөрөх болж. Хэн нэгнийг шударга байхыг үргэлж шаардаж, хянаад байх нь бүтэхгүй зүйл. Гагцхүү хэнийг ч байсан шударга ажиллахаас аргагүй нөхцөлд ажиллуулах боломж бий. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг болсноор авлига гэх зүйлийг эрсдэлтэй болгосон. Харин одоо сонирхлын зөрчлийн мэдүүлгийг гаргадаг болчихвол авлига үүсэх нөхцөлийг эрсдэлтэй болгох юм. Өмнө нь авлига ашиг ихтэй эрсдэл багатай бизнес байсан бол одоо эрсдэл ихтэй ашиг багатай болох болно. Үүнийг хийхэд бага зэрэг зохицуулалт байх л шаардлагатай. Саяхан УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг батлан гаргасан. Гэтэл үүнийг нь өөрсдөдөө ашигтайгаар Үндсэн хуульд халдах нөхцлийг бүрдүүлж байна хэмээн шүүмжилцгээсэн. Сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдэхгүйгээс ийнхүү нийтийн албан тушаалтныг хардацгаадаг. Уг нь Итали зэрэг оронд парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болбол тухайн парламент нь биш шинээр сонгогдсон дараагийн парламент уг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталдаг хуультай байдаг аж Өөрөөр хэлбэл “өөрчлөх” ямар нэгэн ашиг сонирхолтой хүмүүсээс зайлсхийж ашиг сонирхлын зөрчилгүй бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлдэг байна. Дүрэм тодорхой байх тусмаа тоглоход хүндрэл үүсэхгүй.

ТӨРИЙН АЛБАНААС НИЙТИЙН АЛБА РУУ

“Монду” удам угсааны нэгэн хүү ээжээсээ “Манайх яагаад чөмөгний ясыг хугалж чанадаг юм бэ” гэж асуужээ. Ээж нь “манай ээж тэгж чанадаг байсан учраас бид ч мөн тэгж чанадаг” гэж хариулжээ. Сониуч хүү өвөө дээрээ очоод өнөөх асуултаа дахиад л асуужээ. Өвөө нь мөн л “манай эмэг ээж тэгж чанадаг байсан учраас үр хойч нар бид ч мөн тэгж чанадаг болсон юм” гэж хариулжээ. /одоо жаахан фантастик хийлээ шүү/ Жаал хүү өвөөгийнхөө эмэг ээж дээр очоод “Монду угсааныхан бид бүгдээрээ л чөмөгний ясыг голоор нь хувааж чанадаг. Энэ ямар учиртай вэ” хэмээн шалгааж гэнэ. Харин эмэг эх нь түүнд “манай тогоо жижигхэн болохоор ясыг бүтнээр нь хийж чанаж чаддаггүй байсан юм” гэж. Яг л энэ түүх шиг бид олон зүйлийг хуучнаараа байсан нь дээр гэж үзэн үүнийгээ хамгаалсаар ирсэн. Гэвч уламжлал бүхэн бахархал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн цаг хугацаа ч аливааг шинэчлэн өөрчлөх учиртай. Үүний нэгэн жишээ бол “Public” гэх үгийг “Төрийн” хэмээн ойлгож өдий хүрсэнтэй холбоотой. Үүнээс төрийн алба, төрийн ажилтан хэмээх үг нь иргэдэд хамааралгүйгээр тэнгэрээс буугаад ирсэн гэмээр, сүрдмээр ойлголттой олон жилийг өнгөрөөв.

Харин одоо хуулийн төслийн нэрэнд анхаарлаа хандуулъя. “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ”. “Төрийн алба” гэх үгнээс энэ удаад татгалзжээ. Хэдий нэг үгийг өөрчилсөн ч олон эерэг талыг дагуулах нь тодорхой. Ямартай ч “ясаа нугалж чанах” ойлголтоо эвдсэн нь нэг алхам шүү. Зөвхөн энэ санааных нь төлөө хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжсэн ч болох юм.

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮ?

“Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад  хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ. Үндсэн хуульд энэхүү ойлголтыг “ашиг сонирхлын зөрчил” гэж тодорхойлж. Гэтэл хуулийн төсөлд “ашиг” гэх үгийг орхин томёолсон аж. Иймд дахиад л хуулийн төслийн нэрэнд анхаарлыг чинь хандуулъя. “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ”.

/“Үгний хойноос хөөцөлдөөд” гэж хэн нэг нь үл ойшоож болох юм. Гэвч энэ бол утга зохиолын өгүүллэгийн тухай биш хуулийн талаар ярьж байгаа хэрэг хэмээн өөрийгөө зөвтгөөд цааш нь үргэлжлүүллээ/

Чуулганы хуралдаан дээр нэгэн гишүүн “утга зохиолын нэг үгнээс түмэн утга цацарч байдаг бол хуулийн нэг үгнээс ганц утга л харагдах ёстой” хэмээн хэлсэн байдаг. Сонирхлын зөрчил гэдэг нь ерөнхий ойлголт. Хүн юуг ч сонирхож болно. Харин энэхүү сонирхол нь өөрт нь эд мөнгө, нэр хүнд, эерэг нөлөөлөл зэрэг ашгийг авчрахаар нөхцөлд дээрх хууль үйлчлэх ёстой. Тиймд энэ асуултыг хууль тогтоогчдод үлдээе. СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮ?

Хөзөр тарааж дууслаа.  Газарт дахиад л нэг “хөзөр” ширээний захад байгааг олж харав. Бид өөрсдөд ирсэн хөзрөө өмнөх удаагийнх шиг харцгаасангүй. Одоо шийдвэр гаргацгаах уу? Бидний хэн ч ямар шийдвэр гаргасан үнэн зөв гэдэгт бид итгэлтэй байх болно. Энэ хөзрийгтоглолтод оруулах уу?

No comments:

Post a Comment