Thursday, January 27, 2011

Ашиг сонирхлын зөрчил Авлигын суурь болдог хэмээн ярьлаа

Мэдээллийн эх сурвалж http://www.president.mn/mongolian/node/1424

Иргэний танхим: Шинэ хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг

Ашиг сонирхлын зөрчлийн тухай шинэ хуулийн төслийг Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын шинэ оны анхны хэлэлцүүлгийн Хуулийн нэр их урт юм. “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэжээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын Х.Тэмүүжин тэргүүтэй хэсэг гишүүн санаачлан боловсруулсан юм.
Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Бурмаа удирдаж, “Сонирхлын зөрчлийн тухай ойлголт, Монгол Улс дахь сонирхлын зөрчлийн нөхцөл байдал, түгээмэл хэлбэрүүд”, “Австрали Улс дахь ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт”, “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулж буй гадаад  орнуудын туршлага” гэсэн сэдвээр судлаачид мэдээлэл хийж, шинэ хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.
Монгол Улсад сонирхлын зөрчлийн тухай асуудлыг нэлээд хожуу ярьж эхэлсэн байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалд томилох, огцруулах асуудал, тендер буюу сонгон шалгаруулалт, лиценз олголт, ашигт малтмалтай холбоотой тогтвортой байдлын гэрээний эргэн тойронд үүссэн олон маргааныг хүн бүр ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарлах болсон. Бас сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас харахад Монгол Улсад авлига улам газар авч буй бололтой байх юм. Авлигын индексээр дэлхийн улс орнуудын жагсаалтад 1998 онд 35-д, 2006 онд 99-д, 2009 онд 120-д оржээ. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэсэн “Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2009” судалгааны дүнгээс шинжээчид энэ хоёр байгууллагын хүрээн дэх авлига түгээмэл  байна гэсэн дүгнэлт хийжээ. Бас  үг хэлсэн, саналаа илэрхийлсэн хүмүүс “Сонирхлын зөрчлийг авлигын хөрс суурь гэж үздэг. Манай улсын хувьд жил ирэх тутам нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтаас болж, авлигын индекс өсч, ядуурлын үзүүлэлтээр Азийн орнууддаа толгой цохиж яваа нь энэ чиглэлд эрхгүй өөрчлөлт, шинэчлэл шаардаж байна. Сонирхлоо нийтэд ил тод зарлах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах одоогийн тогтолцоог сонирхлын зөрчлийг хянах хөшүүрэг, арга хэрэгсэл байх хэмжээнд өөрчлөх, сайжруулсан эрх зүйн зохицуулалттай болох нь төрийн үйл ажиллагаанд шударга, нээлттэй, ил тод, тунгалаг байдлыг хөхүүлэн дэмжихэд хамгийн бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. сонирхлын зөрчлийг сайтар зохицуулж, авлигатай үр дүнтэй тэмцэж чадсан орнууд уг асуудлыг тусдаа бие даасан хуулиар зохицуулсан байдаг. Хуулийн төсөл аль болох товч тодорхой байвал сайн. Үг хэллэг, хуулийн нэр, зарим заалтыг ахин сайн нягтлан хоёрдмол утгагүй болгох хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчил, авлига нь ганц төрийн албанд бус хувийн салбарт гарсаар байна. Хууль аль болох өргөн хүрээнд үйлчлэхээр байвал зүгээр. Анх 2007 онд энэ хуулийн анхны төслийг боловсруулсан ч одоо л хэлэлцэх асуудал яригдаж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэн батлаасай гэж хүсч байна” хэмээн ярьж байлаа.

Одоо хэлэлцэх гэж буй хуулийн төсөл бол гурав дахь хувилбар нь ажээ.

No comments:

Post a Comment