Friday, January 28, 2011

Монголд сонирхлын зөрчил байна уу?

2010 оны 12 сарын 16
  Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/45129.shtml
УИХ-ын нэр бүхий гишүүд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Төрийн албанд нүүрлээд байгаа авлигын эсрэг тэмцэхийн тулд хамгийн түрүүнд төрийн албан тушаалтнуудын сонирхлын зөрчлийг хязгаарлаж, хуульчилж өгөх ёстой гэж хууль санаачлагчид хэлж байна. Тиймээс бид энэ удаа,

1.Сонирхлын зөрчил Монголд байна уу, байгаа бол ямар хэлбэрээр?

2.Сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах ёстой юу, өргөн баригдсан хуулийн төслийн талаар та ямар саналтай байна вэ?

3.Сонирхлын зөрчлийн тухай хуулийг батлан гаргахад манай улстөрчид бэлэн үү? 

гэсэн гурван асуултад УИХ-ын гишүүдээс нэгэн зэрэг хариулт авсан юм. Сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар бид өмнө нь хоёр ч удаа хууль санаачлагчдын тайлбарыг хүргэсэн тул энэ удаа гишүүдийн байр суурийг сонслоо.

Л.Гантөмөр: Шууд мэтгэлцээний хэлбэрт оруулчихгүй бол энэ хууль дэмжигдэнэ

-Сонирхлын зөрчил гурван зүйл дээр харагддаг. Нэгдүгээрт УИХ-ын гишүүд хууль батлахдаа сонирхлын зөрчилд орж байна. Өөрийн эрхэлдэг бизнес, аж ахуйн салбартай нь холбоотой зохицуулалт хийж байгаа хуулийн төслүүд дээр ороод, ажлын хэсэг ахлаад ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихдаа өөрийнх нь бизнес эрхэлдэг салбартай холбоотой яамыг тэргүүлж байна. Барилгын бизнес эрхэлдэг хүн Барилгын яам толгойлох жишээтэй. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Өөрийнх нь, эсвэл гэр бүлийнх нь хүн бизнесийн байгууллагад ажилладаг, хувьцаа эзэмшдэг тохиолдолд тэр чиглэлийн үйл ажиллагааг хариуцдаг яамыг толгойлж болохгүй. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бизнес эрхэлдэг хүн Хөдөө аж ахуйн яамыг удирдаж болохгүй нь байна. Төрийн албан тушаалтан төрийн боддлого шийдвэрийг өөрийн болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн явуулдаггүй байх ёстой. Сонирхлын зөрчлийн гурав дахь хэлбэр нь тодорхой албан тушаал хашиж байгаад ажлаасаа гарахдаа өөрийн эрхэлж байсан салбарт бизнес хийх, мэдээллийн давуу байдлаа ашиглах явдал. Хөдөө аж ахуйн яаманд удирдах албан тушаал хашиж байсан хүн ажлаасаа гарангуутаа хөдөө аж ахуйн компанийн захирал болоод явчихаж байна гэдэг бас л сонирхлын зөрчилд орсны нэг хэлбэр. Ийм л учраас Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Нэг хуулиар шийдэж чадахгүй байна л даа. Угаасаа сонирхлын зөрчилд орохгүй байна гэдэг маань өөрөө улс төрийн их том соёл юм, улс орон болгон л үүний төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж байна.

-Ерөнхий томьёоллоосоо илүү сонирхлын зөрчилд яг юуг авч үзэх вэ, ямар тохиолдолд авлигын зөрчил, цаашлаад эрүүгийн хэрэг болох вэ гэдгийг нэлээн нарийн зааглаж, холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа. Жишээлбэл, Х.Тэмүүжин гишүүн энэ хуулийн төсөл дээр маш их ажилласан, олон талын судалгаа шинжилгээ хийсэн. Хууль гарсны дараа бол сонирхлын зөрчлийн асуудлууд нэг мөр шийдэгддэггүй юм гэхэд нэлээд эмх цэгцэндээ орох ёстой. Үнэндээ бол батлагдаж гарангуутаа “сейф”-энд орчихож магадгүй хуулиудын нэг л дээ. Тийм учраас УИХ-аар батлагдсаных нь дараа хэвлэл мэдээллээр дамжуулаад олон нийтэд таниулах ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Тэгвэл олны хараа хяналт ч сайжирна, төрийн албан тушаалтнууд ч гэсэн сонирхлын зөрчил гэж юу юм, яаж түүнээс тойрч гарах вэ гэдгээ мэддэг болно.  

-Энэ хуулийг авч гарахын тулд их л сайн ажиллах хэрэгтэй болно. Манай гишүүд бас үүн дээр сайн ажиллах байх. Мэдээж авлигыг эсэргүүцдэггүй, сонирхлын зөрчлийг эсэргүүцдэггүй хүн алга. Зүгээр шийдэх арга замыг нь олон хүн, олон янзаар тайлбарладаг. Сонирхлын зөрчлийн тухай хууль бас нэг арга зам нь. Тиймээс дахин дахин яриад байх биш, өнөөдөр өргөн бариад байгаа хуулийн хүрээнд асуудлаа шийдэхийг оролдоод үзье л дээ. Хүн болгон л үүнийг ярьж байгаа, гэвч шийдэх арга зам дээрээ маргаад гацдаг байхгүй юу. Тэгээд бидний энэ маргааныг гаднын байгууллагууд хагалдаг. Авлигын хууль дээр ч олон улсын байгууллага л маргааныг хагалж байсан, сонирхлын зөрчилтэй олон асуудал дээр дандаа гаднын байгууллагууд бидэнд шахалт үзүүлж ирсэн. Тиймээс энэ удаа бид аль болох олон улсын байгууллагын шахалтгүйгээр, “Нэг шийдэл нь энэ юм байна шүү” гэдэг дээр хоорондоо ойлголцоод хийгээд үзье. Ингэж л гишүүддээ уриалж ажиллана гэж бодож байна. Байнгын хороо, бүлэг дээр хоорондоо маргаад, бие биенээ үгүйсгээд явахаасаа илүү альтернатив өөр санал юу байна, түүнийг сонсоод, тэр саналаа энэ хуульд оруулж ирэх боломжийг нь бас гаргаж өгөөд явья. Тэгэхгүй бол хүн болгон өөр нүдээр хараад, өөр өөр орны туршлага яриад асуудлаа шийдэхгүй гацаадаг тохиолдол бий. Х.Тэмүүжин гишүүн үүн дээр нэлээн хүч гаргаж ажиллаж байгаа. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн төсөл, Дэгийн хуулийн төсөл дээр гарсан шиг шууд мэтгэлцээнд битгий ороосой, гишүүдтэйгээ ярилцаад, санал бодлыг нь сонсоод яваасай гэж бодож байна. Үндсэн санаа санаачилга нь Х.Тэмүүжин гишүүнээс гарсан, миний зүгээс бол үүнд нь хүч нэмээд, саналаа хэлээд явж байгаа. Хууль санаачлагч маань өөрийнхөө төслийг авч гарах, өөрийнхөө ойлгож байгаа зүйлийг бусдад ойлгуулахын төлөө гишүүдтэй маш олон удаагийн уулзалтуудыг хийх хэрэгтэй болох байх. Гишүүдийн өргөн барьсан хууль дээр гардаг нэг хүндрэлтэй зүйл нь өргөн барьсан гишүүд нь л хүч гаргахгүй бол асуудлыг шийдэх их олон гарц байдаг учраас тэр нь зөрчилтэй юм шиг, хэт маргаантай харагдаад ирэхээр зогсчихоод байдаг. Хүн бүртэй ойлголцоод явбал энэ хууль олонхийн дэмжлэг авна.       

Д.Энхбат: Энэ хууль төрийн албан тушаалтнуудад хамгаалалт болно

-Төрийн албанд ашиг сонирхлын зөрчил маш их байгаа. Гэхдээ энэ нь үргэлж муу гэсэн үг биш, амьдралд байдаг л зүйл. Гагцхүү далд хэлбэрт шилжээд, буруугаар ашиглаад байгаа нь л асуудал үүсгээд байна. Тиймээс түүнийг ил тод болгох нь өнөөдрийн засаглалын тогтолцоог сайжруулах тийшээ явна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ хууль батлагдсанаар харин ч тухайн төрийн албан хаагчийг хамгаална гэж ойлгож болно. 
-Энэ хуулийн гол агуулга нь ашиг сонирхлын зөрчлийг ил тод, нээлттэй болгоход оршиж байгаа юм. Ингэснээрээ ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг хардах эрхгүй болгоно. Яагаад гэвэл төрийн албан хаагч Сонирхлын зөрчлийн мэдүүлэгтээ өөрийнхөө ашиг сонирхлын зөрчлийн тухай тайлагнах ёстой. Энэ нь хамгаалалт болж өгөх төдийгүй түүнийг янз бүрийн байдлаар хардах ч эрхгүй болно гэсэн үг.  

-Би хувьдаа хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахын төлөө ажиллана. 

Я.Батсуурь: Хоёр том нам, Ерөнхийлөгч “авлигыг устгана” гэж амласан биз дээ


-Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол авлига үүсэх анхны алхам. Бараг авлигын тал нь гэж үзэж болно. Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарласан, зохицуулсан хориглосон хууль манайд байдаггүйгээс авлига хээл хахууль газар авсан. Тиймээс бид хэд энэ хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Намрын чуулганаар хэлэлцээд эхэлчих болов уу гэж найдаж, хүлээж байна. Энэ хуулийг Европын орнууд батлаад, хэрэгжүүлээд явж байгаа. Балти орчмын орнууд энэ чиглэлийн маш сайн хууль боловсруулсан нь үр дүнгээ өгч байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн, бид ч түүнээс нь нэлээд туршлага судалсан. Ашиг сонирхлын зөрчил гэж яг юуг хэлээд байна вэ гэхээр төрийн албан хаагч албан тушаалаа ашиглаад өөртөө болоод ойр дотныхон, тэр дундаа эцэг, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө давуу боломж олгох явдал газар авсан Үүнийг л хуулиар хориглож байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хориглочих юм бол авлига багасна. Төрийн албан хаагчид, нийтийн албаны ажилтнууд өөрийнхөө сонирхлын зөрчлийг жил болгон ил тайлагнадаг болно. Түүнийг нь харьяа байгууллага, яам нь дүгнэнэ, хадгална. Шинээр албанд орох хүн нь Хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна Сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болно. 

-Сонирхлын зөрчлийн мэдүүлгийн загвар, эх хувийг жич гаргаж, Засгийн газраар батлуулна. Тухайлбал, Ашигт малтмалын газрын лиценз олгодог албан тушаал дээр орд газрын лицензтэй хүн томилогдож болохгүй, бас уул уурхайн компанитай хүн ч дээрх албан тушаалд очих эрхгүй гэсэн үг. Тухайн хүн би энэ албанд очиход тийм ажил гүйцэтгэх юм байна гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Тиймээс төрд алба хаших хүн хувийн сонирхлын зөрчлөө ил мэдүүлэх ёстой. Хуулийн төсөлд “нийтийн алба” гэдэг нэр томъёог оруулсан. Илүү өргөн агуулгатай болж байгаа юм. Төрийн албаныхан, төрийн тусгай албан хаагчдаас гадна төсвийн мөнгөөр төрийн ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа  төрийн бус байгууллагуудын удирдлагууд ч орно гэсэн үг. 

-Би хувьдаа хууль батлагдана гэж найдаж байгаа. Улстөрийн голлох хоёр хүчин, УИХ-ын сонгуульд амлалт өгөхдөө “Авлига, хээл хахуулийг устгана” гэдэг том амлалтыг авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч мөн ийм амлалт өгсөн, тодорхой ажлуудыг ч хийж байгаа. Улстөрчдийн зүгээс дэмжлэг авна гэж найдаж байгаа. Хэрвээ ямар нэг байдлаар хүндрэл учруулах юм бол хууль санаачлагчид тэмцлийн хэлбэрт шилжитлээ л үзнэ дээ /инээв/. 

Ж.Энхбаяр: Би бол их гэгээлэг талаас нь харж байна

-Маш их байгаа, дэндүү хавтгайрчихсан. Үүнийг маш сайн ялгаж зааглах ёстой. Энэ хууль батлагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйг цэвэр тунгалаг, ойлгомжтой болгоход нэлээн сайн зохицуулалт болно. Хоёрдугаарт, Төсвийн ил тод байдлын тухай хуулийн төсөл бас боловсруулж байна. Төсвийн орлогыг хаанаас ямар эх үүсвэрээс бүрдүүлэв, түүнийгээ юунд зарцуулав гэдэг нь тодорхой байх ёстой. Жишээлбэл,Говь-Алтай аймагт Засаг дарга нь төсвийнхөө хүрээнд хэдэн төгрөгийн зарцуулалт хийж байгаа нь ил тод байдаг мэдээллийн цахим орчин үүсгэх хэрэгтэй. Ингэснээр нийгэм, тэр дундаа татвар төлөгч иргэн бүр төсвөө хянах бололцоотой болно.  Сонирхлын зөрчил гэдэгт төрийн албан хаагч өөрийн хувийн эрх ашгийг хамгаалах, хувийн давуу байдлыг бий болгох,  ийм асуудалд орооцолдох бололцоогүй, түүнийг нь хуулиар хааж өгөхийг хэлээд байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийг тодорхой зааж, төсвийн ил тод байдлыг хангаж өгөх юм бол авлигын асуудал Монголд эрс багасна гэж бодож, зорьж байна. 

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар бид гурав хамтран УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан. Бидний өмнөө тавьсан зорилго бол Монгол Улсад газар авч,  хорт хавдар болчихсон авлигыг яаж эмчлэх вэ гэдэг асуудал юм. Тэр хүрээнд бидний хийж байгаа ажлын нэг нь Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл юм. Зорилго нь авлигын гол субьект болсон төрийн албанд цэвэр тунгалаг байдлыг бий болгоход чиглэнэ. Сонирхлын зөрчлийн хуулиар үогсохгүй Төрийн албаны тухай, холбогдох хэд, хэдэн хуульд өөрчлөлт орно. Жил бүр төрийн албан хаагчдаас Хөрөнгө орлогын мэдүүлэг авч байгаа нь тэр хүний хөрөнгийн урсгалыг бүртгээд, түүх үүсгээд байна. Дээрээс нь сонирхлын зөрчлийг хязгаарлаад өгөхөөр энэ авлига багасна. Үнэхээр та төрд ажиллахыг зорьж байгаа бол төрийн төлөө л ажиллана, та баян чинээлэг амьдарч чадахгүй. Дундаж иргэний төвшинд ажиллаад, төрөөс авах халамж, нийгмийн үйлчилгээгээ аваад явна. Түүнээс төр бол баяжих, хөрөнгөжих эх үүсвэр биш, ийм ажлын нөхцөл болохгүй гэдэг талаас нь үүнийг хийж байна. Ашиг хонжоо хайсан хүн төрийн албанд ажиллах бололцоог хааж байгаа юм. 

-Гишүүд дэмжих байх гэж найдаж байгаа. Дэмжүүлэхийн тулд залуу гишүүд ажиллаж байна. Ямар ч байсан Монголын төр өөрөө урагшилж байна, өөрийгөө цэвэрлэж байна. Төрийн албан хаагчдыг намын харьяаллаас салгасан гэдэг маань өөрөө их том амжилт. Харьцангуй тодорхой үе шатын дараа улам цэвэршээд, төрийн албаны зөвлөл нь системийн хувьд тогтворжоод ирэхээр өөрөө их аятайхан болно. Төрийн алба улстөрөөс харьцангуй холдож байна. Цаг хугацааны юм бас байна. Дээрээс нь бидний санаачилсан хуулиуд батлагдаад орчин нөхцлийг бүрдүүлээд эхлэх юм бол төр нь төр шиг болох байх. Би бол хувьдаа их нааштай гэгээлэг талаас харж байгаа. 

Э.Бат-Үүл: Монголд хоёр анги давхарга үүсчихээд байна

-Ашиг сонирхлын зөрчил байгаа, байх байхдаа хэрээс хэтэрлээ. Бизнес эрхэлдэг хүн яг тэр бизнесээ дэмжих төрийн шийдвэр гаргуулж байна. Ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэхгүй бол яваандаа энэ төрд алба хашиж байгаа хүмүүс чинь тусдаа анги давхарга болж хувираад байна. Тэд төрийн эрх мэдлийг ашиглаж, өөртөө зориулж, хөрөнгө хураадаг боллоо. Энэ нь цаанаа хөрөнгөтөн анги, феодал анги гэдэг шиг улстөрчдийн “ангийг” төрүүлэх болсон.

-Энэ бол эргэлт хийж чадах хууль. Улстөрийн анги давхарга төрийн эрх мэдэлд очих гэнэ. Тэгэээд төрийн эрх мэдлийг өөрийнхөө ашиг сонирхолд ашиглах гэнэ. Үүнд хаалт тавих хуулийн төсөл оруулж ирсэн гэж хувьдаа дүгнэж байгаа. Яагаад гэвэл Монгол орон өнөөдөр хоёр ангид хуваагдаад байна. Төрийн эрх мэдэлд очсон улстөрчид нэг анги болчихсон. Тэр сонирхлын зөрчилтэй улсууд төрийн эрх мэдлийг өөрийнхөө эдийн засаг, улстөрийн сонирхол, хувийн амьдралд ашиглаад байна. Нөгөө талд нь төрийн эрх мэдэлд очиж чадаагүй, тэдэнд мөлжигдөж, дарлагдаж байгаа хоёрдах анги. Тэгэхээр Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл нь тэр “дээд” ангийнхны эрх ямбыг байхгүй болгоно гэсэн үг. Энэ хуулийн төслийг дагалдаад зөвхөн Төрийн албаны тухай хууль төдийгүй, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын хууль гээд маш олон хуульд өөрчлөлт орох ёстой. Нэлээд өргөн хэмжээний өөрчлөлтүүд орно. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар бид үндсэн зарчмаа л тогтоож авах юм. 

-Ёстой ширүүн юм болно доо. Нэг ёсны дээд ангийн эрх мэдлийг үгүй болгох гээд байна шүү дээ. Би энэ хуулийг батлахын төлөө ямар л авъяас чадвар, хүч чадал, ааш омог байна, тэр бүгдийгээ гаргана гэж бодож байгаа даа. 

С.Оюун: Төрийн алба илүү хариуцлагатай, цэвэртунгалах болох ёстой

-Маш их байгаа гэж боддог. Нэгдүгээрт сонирхлын зөрчлийг хуульчилж, журамлаж чадаагүй. Хүмүүсийн ойлголт ч бас тодорхой болж чадаагүй, олигтой хяналт тавьж чаддаггүй учраас төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчил ямар ч хяналтгүйгээр маш их газар авсан.  

-Хуулийн төсөлтэй танилцсан. Зорилго нь их зөв, зайлшгүй батлах ёстой хууль. Хуулийг баталсан даруйд өргөс авчихсан юм шиг, нэг өдөр зүгээр болчихдоггүй юм гэхэд аажимдаа үр дүнгээ авчирна. 2006 онд Авлигатай тэмцэх тухай хуулийг УИХ-аар баталсан даруй авлига огцом буурчихаагүй ч, авлига илүү эрсдэлтэй болж эхэлсэн. Ямар ч байсан, төрийн албаныхан Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг болж, энэ нь нээлттэй болж, хянах байгууллагатай болсон. Түүнтэй адил Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдахад албан тушаалаа урвуулан ашиглах, сонирхлын зөрчилтэй асуудал байсан ч түүнийгээ үл хайхраад өөртөө ашигтайгаар эргүүлэх байдал эрсдэлтэй болно. Тиймээс хуулийг батлах ёстой. 

-Энэ хууль УИХ-ын 76 гишүүний асуудал биш. Төрийн албанд 150 мянга гаруй хүн ажиллдаг. Түүн дотор удирдах албан тушаалтай, төсөв мөнгө зарцуулах эрхтэй, ажилд хүнийг авах эрхтэй хэсэг нь нийт төрийн албаныхны 10 хувийг эзэлж байгаа. Мөн төрийн албанд он удаан жил ажилласан хэсэг бас бий. Гэхдээ төрийн алба өөрөө илүү хариуцлагатай, цэвэр тунгалаг байх ёстой. Үүнийг бодоод хувийн явцуу сонирхлоосоо татгалзаад хуулийг дэмжих байх гэж бодож байна. Би бол хуулийг батлахын төлөө ажиллана.


Б.ЗАЯА, Г.ДАРЬ 

No comments:

Post a Comment