Friday, January 28, 2011

Сонирхлын зөрчлөө ”хазаарлах”-ыг дэмжив

2011 оны 1 сарын 17
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50181.shtml

Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль шаардлагатай байгааг сүүлийн гурван жил ярьсан билээ. Тиймээс ч гишүүд төрийн өндөр албан тушаалтан, эрх баригчдын сонирхлын зөрчлийг хазаарлах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан ч өнөөг хүртэл хүчин төгөлдөр хууль болоогүй. Хамгийн сүүлийнх нь буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд санаачлан боловсруулсан. УИХ-ын гишүүдээс энэ хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхийг асуулаа. Дэмжиж байгаа бол хуулийн хамрах хүрээ, хуульд ямар зохицуулалт орох ёстой вэ гэсэн асуултад эрхэм гишүүд ийн хариулж байна.

Ц.Сэдванчиг: БУСАД ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ САЙН ХЯНАХ ХЭРЭГТЭЙ

-Манай намын бүл­гээс гарсан хуу­лийн төслийг бо­ловс­руулах ажлын хэс­гийг би ахалж бай­гаа. Авлигын эс­рэг, авлигыг буу­руу­лах, төрийн эрх мэдлийг ашиг­лаж бизнес хий­дэг, баяждаг, хуй­валддаг тогтолцоог болиулах зорил­готой хууль. Болиулдаггүй юм гэхэд ба­гасгах байх. Энэ утгаар нь би дэмжиж байгаа. Гэхдээ гишүүдийн өр­гөн барьсан хуулийн төслийн зүйл заалтыг харахад Үндсэн хууль, УИХ-ын тухай хуультай харшилж байгаа зүйл байсан. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн байсан. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газ­рын гишүүн болсон бол байнгын хороо, УИХ-ын чуулган дээр санал өгөх л эрхтэй гэсэн байгаа. Бусад эр­хийг нь хязгаарлахаар Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний бие даасан байдалтай зөрчилдөж бай­на уу гэдгийг анхаарах ёстой. Тө­рийн албан тушаал, эрх мэдлээ ашиг­лаж бизнес хийдэг. Тэр нь улс орны эрхийг ашгийг хохироож, төрийн нэр хүндийг унагаадаг. Эдийн зас­гийн сонирхлоор төрийн ажил явуул­дгаас болж Монгол төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс со­нирх­лын зөрчлийг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай. Одоо хуульчлаагүй л болохоос хэнд, ямар сонирхлын зөрчил байгаа нь мэ­дэгддэг. Мөн төрийн чухал ал­бан тушаалд өөрсдийнхөө хүнийг то­ми­луулдаг. Түүгээрээ дамжуулж бизнес хийдэг. Эргээд нөгөө хүнээ хам­гаалдаг жишиг бий. Тиймээс ал­бан тушаалын наймааг зохицуулах зүйл заалтууд хуулийн төсөлд орсон байна лээ. 

Д.Ганхуяг: СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГЭДГИЙГ САЙН ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ

-Хуулийн төс­лийн анхны хэ­лэлцүүлэг эхэл­чих­сэн байгаа. Со­нирхлын зөрч­лийг зохицуулах хуу­лийн төслийг дэм­жиж байгаа. Хууль баталж бол­но. Харин хэрэгжих бололцоог нь нэ­лээд харж байна. Хам­гийн түрүүнд сонирхлын зөрчил гэж юу юм бэ гэдгээ сайн тодорхойлж өгөх ёстой. Зөвхөн улстөрчид биш төрийн захиргааны албан хаагчид, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд бүгд хамрагдах ёстой. Мөн Төрийн албан хаагчдын ёс зүйн тухай хуультай болох тухай зүйл, заалтууд орсон байна лээ. Сонирхлын зөрчилтэй гэвэл өөрөөсөө гадна ах дүү, эхнэр зэрэг ойрын хүмүүсээ ту­хайн салбарт байгааг мэдүүлэх зүйл заалтууд орсон байсан. Хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлэг болж байгаа уч­раас судалж байна. Цаашдаа зо­хи­цуу­лалт нь бүр тодорхой болох байх.

П.Алтангэрэл: НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

-Сонирхлын зөр­чилтэй байна, түү­нийг арилгах ёстой гэсэн яриа их гардаг болж. Энэ үнэн. Улс төр цэвэр, тунгалаг байя гэвэл ашиг со­нирхлын зөрч­лөөс ангид байх ёстой. Гэхдээ ашиг сонирхлын зөр­чил гэдгээ зөв томъёолохгүй бол болохгүй. Жишээ нь, хүнсний жи­жиг мухлаг ажиллуулдаг байсан гишүүнийг  “Энэ сонирхлын зөрчил­тэй” гээд хүнсний тухай хэлэлцэх бүрт хөөгөөд байж болохгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нэрэнд юм бүхнийг хамруулаад байх вий гэж болгоомжилж байна. Түүнээс биш улс орны хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс албан тушаалаа ашиглаад хувийн сонирхлоо төрийн ажилд шигтээд байх боломжийг хааж өгөх ёстой. Үүний тулд маш нарийн зохицуулалт хийж өгөх ёстой юм билээ. Хуулийн төслийг дэмжиж байгаа. 

Л.Гантөмөр: БИЗНЕСИЙН ЕРТӨНЦ ТӨРИЙН АЛБА ХОЁРЫГ ЯЛГАХ ЁСТОЙ

-Дэмжиж байна. Төрийн албан хаагчид хувийнхаа ашиг сонирхлоор төрийн ажилд ханддаг хандлагыг бүрэн таслах ёстой. Энэ хуулийн гол агуулга нь сонирхлын зөрчлөө мэдэгддэг болгоход оршиж байгаа. Мэдэгдэл хийнэ гэдэг өөрийнхөө болон ах дүү, хамаатан сангуудынхаа эрхэлдэг бизнесүүдийг мэдээлнэ. Улмаар тэдний хийдэг бизнес ямар нэг байдлаар төрийн шийдвэр гаргах асуудалтай уялдаж байгаа бол өөрөө шийдвэр гаргах ажлаас татгалзах ёстой. Бизнесийн хувьд том, жижиг ялгаагүй. Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхэлдэг хүн хөдөө аж ахуйн салбарт төрийн ажил хийх эрхгүй  болохыг энэ хуулиар зохицуулах юм билээ. Өөрөөр хэлбэл, Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах агуулгатай хуулиар бизнесийн ертөнц төрийн алба хоёрыг ялгах ёстой. 

Н.Ганбямба: СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ ИЖ БҮРЭН ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ

-Сонирхлын зөрчлийг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай байна. УИХ-д бизнесийн бүлэглэлийн сонирхол давамгайлчихаж. Байнгын ажиллагаатай анхны парламент, Улсын бага хурлын үед зөвхөн Монгол Улсын төлөө амбицтай улстөрчид байсан гэдгийг баталгаатай хэлж чадна. Гэтэл одоо бизнесийн бүлэглэл, олгигархиудын сонирхлоор сонгогдож салбар, салбараараа бүлэглэл үүсгэдэг болсон. Тиймээс энэ хуулийг нэн яаралтай батлах ёстой. Хамгийн наад зах нь өөрийнхөө сонирхлын зөрчилтэй асуудлаар хэлэлцэж байгаа асуудалд оролцохгүй байх ёстой. Энэ зохицуулалт одоо ч байдаг. Гэтэл УИХ-ын гишүүд Монгол Улсыг хөгжүүлэх үү гэхээс илүүтэй тухайн бүлэглэлийн эрх ашгийг хөндөх хууль орж ирэх вий гэхээс сэргийлдэг болчихсон. Тиймээс зөвхөн ашиг сонирхлыг зохицуулах хуулиас гадна Сонгуулийн хуулиас эхлүүлээд хуулиудыг иж бүрнээр нь, үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Бизнесийн ашиг сонирхлыг зохицуулдаг хуульд тэр, тэрний ашиг сонирхол зөрчилдөнө гэдгийг тусгасан заалт яагаад байж болохгүй гэж. 

Монголын эдийн засагт цөөхөн компани зах зээлийн нэг салбарыг эзэлчихсэн байна. Ийм монополь бүтцийг задлахын тулд Ашиг сонирхлын зөрчлөөс гадна цогц хуулиудыг өөрчлөх ёстой. Хуулийн хамрах хүрээний хувьд удирдах албан тушаалтан, төрийн өндөрлөгүүдээс эхлэх ёстой. Мөн төрийн албан хаагчийг 10-20 сая төгрөгийн бизнес эрхлэхийг зөвшөөрөх хуулийн төсөл явж байгаа. 

Д.Дондог: ТОМООХОН ШИНЭЧЛЭЛИЙН ХУУЛЬ ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Төрийн албан хаагчид одоо ер нь их хатуу шалгууртай байгаа шүү дээ. Өглөө ирээд орой буцдаг, төрийн алба хашихаас гадна өөр ажил, орлого олж болохгүй гээд заачихсан байдаг. Мөн авлигад хардагдах тохиолдол их бий. Харин Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хуулийг өргөн барьсных нь дараа судалж үзэхэд төрийн албан хаагчид болон гүйцэтгэж байгаа ажилтай нь холбоотой хориглох зүйлээ тас хориод, хүний амьдралд байж болох зарим зүйлийг нээж өгсөн байгаа юм. Аливаа юмыг нуух тусмаа л задгай болдог. Төрийн албан хаагч 30, 40 жил одоогийн Төрийн албаны хуулиар ажиллана гэвэл хамгийн сүүлд ядуусын эгнээнд л шилжинэ. Өөр нөхцөл байхгүй байгаа юм. Нөгөө талаас уг хууль төрийн албан хаагчдын өртөх гээд байгаа авлигаас сэргийлсэн учир дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ бол томоохон шинэчлэлийн хууль гэж бодож байна. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг олон түмэнд, төрийн алба хашиж байгаа бүх хүнд ойлгуулж байж хийхгүй бол Дэгийн тухай хуультай ижил гэнэтхэн гарчихвал эвгүй зүйл болно. Ингэж орон нутаг даяар хэлэлцүүлэг явуулж, хуулийнхаа талаар мэдээлэл сайн цацвал уг хуулийг төрийн албан хаагчид дэмжих болов уу. 

Д.Очирбат: СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГИШҮҮН ОЛОН БИЙ

-Ашиг сонирхлын зөрчилтэй олон гишүүд байна. Компанид ажиллаж байгаад орж ирсэн гишүүд УИХ-д тэр салбар чиглэлийнхээ хуулийг түлхүү хийх юм уу, ашиг сонирхлын зөрчлөөр хандвал төрийн ажил явахгүй. Тиймээс Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг дэмжиж байна. 







Д.Тэрбишдагва: СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ ЯРИХ ЦАГ НЬ ИРСЭН

-Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг төр засагт ажиллаж байгаа хүмүүсийг бодоод үзсэн ч уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Ер нь энэхүү хуульд өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой зүйлийг санаачилж оруулж болохгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн ноос, ноолуурын бизнес эрхлэдэг байлаа гэхэд үүнийхээ чиглэлээр санал хэлж болно. Харин хууль санаачилах нь зөв зүйтэй гэж боддоггүй юм. Монголд сонирхлын зөрчлийн хуульгүй учир их дураараа байна. Ах, дүү хамаатан садан, найз нөхөд нь бизнес эрхлэдэг байж болно шүү дээ. Харин  хэтрүүлээд өөрчилж болохгүй. Донжийг нь тохируулсан хууль батлах хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг ярих цаг нь болсон. 

Д.Зоригт: МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ НЬ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Аж ахуйн нэгжүүдийн удирдлагад сонирхлын зөрчлийн талаар зохицуулсан заалт Компанийн тухай хуульд байгаа. Тухайлбал сонирхлын зөрчилтэй этгээд өөртөө холбоотой асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцохгүй гэсэн заалт бий. Гэтэл манай улс төрийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хуульд ийм зүйл заалт байхгүй нь буруу. Барууны орнуудад аливаа нэг аж ахуйн нэгжийг удирдаж байгаа эсвэл ямар нэг хувьцаатай хүн бол төрийн байгууллага болон улс төрийн албан тушаалд очих дээрээ тулвал тэр байгууллагад байгаа бүх хувьцаа, удирдлагаа өөр хүн рүү шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл өөрөөс нь 100 хувь үл хамаарах тийм бие даасан газар руу хувьцааныхаа менежмент юм уу, компанийнхаа удирдлагыг шилжүүлдэг. Энэ мэт механизмуудыг сайн зааж өгөх цаг нь болсон байна. Өмнө нь тийм зохицуулалтыг хийх шаардлага ч байгаагүй байх. Бизнесийн харьцаа ч хөгжөөгүй, сонирхлын зөрчлийн асуудал яригддаггүй байсан. Тэгэхээр өнөөдөр бид бусад оронд байгаа туршлагуудыг заавал ашиглах ёстой. Зүгээр ганцхан сонирхлын зөрчилтэй асуудлаар хязгаарлагдахгүй. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Мөн үүнтэй холбогдуулан Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг заавал батлах ёстой байна. Учир нь уг хууль батлагдахгүй байгаа учраас сэтгүүлч эсвэл иргэн ямарваа нэгэн асуудлаар сонирхлын зөрчилтэй хүн хэн байна гэдэг мэдээллийг авах боломжгүй байгаа юм. Одоо бол төрийн байгууллагад очоод мэдээлэл авъя гэхээр өгсөн ч болно, өгөхгүй байсан ч болохоор байгаа байхгүй юу. Төрийн нууцаас бусад бүх баримт бичгийг шаардсаных нь дагуу өгдөг журам руу шилжиж байж сонирхлын зөрчлийн асуудал ил тод болно. Тэгэхгүй бол нэг талаас нь сонирхлын зөрчлийн асуудлыг зохицуулчихаад мэдээлэл авах эрхийнх нь талаар орхивол дутуу зохицуулалт болох юм.       

Х.Наранхүү: СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ХУУЛЬЧЛАХАД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

-Зах зээл, ардчиллын орнуудад сонирхлын зөрчил байдаг. Тэр нь манайд тодорхой хэмжээгээр үйлчилж байгаа. Төрийн компанид ажиллаж байгаа хүн хувийн компанид ажиллаж болохгүй ч гэдэг юм уу. Энэ зарчим бол манайд үйлчилж байгаа. Сонирхлын зөрчлийг хуульчлахад болохгүй ч зүйл байхгүй.

Ц.ЭНХЦЭЦЭГ

No comments:

Post a Comment