Thursday, January 27, 2011

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ: Харьцуулсан мэдээлэл (Балтын болон постсоциалист зарим улсуудын зохицуулалт)

Сонирхлын зөрчлийг зохицуулах бодлого нь ардчилсан тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, засгийг ил тод, хяналттай болгохыг зорьдог бөгөөд авлигаас сэргийлэх, олж илрүүлэх, мөрдөн шалгах хэрэгсэл, түүнчлэн хариуцлага тооцох механизмын нэг хэсэг болдог. Тиймээс сонирхлын зөрчлийн зохицуулалт нь тухайн улсын авлигатай тэмцэх өргөн хүрээний бодлогын чухал хэсэг юм.


НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд сонирхлын зөрчлийг зохицуулах талаар удирдамж боловсруулж, түүнийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлэх механизмыг стандартчилахад улс орнуудад туслах зорилгоор дүрэм журмууд бий болгосон.

Сонирхлын зөрчлийг зохицуулах бодлогыг эрх зүйн ямар хэрэгслээр хэрэгжүүлэх нь тухайн улс нарийн журамласан хуулийн хэм хэмжээ баримталдаг уу эсхүл ерөнхий зарчимд суурилсан эрх зүйн хэв маягтай байдаг уу гэдэгтэй холбоотой.[1] Хуулиар зохицуулалт хийж буй орнууд голцуу нийтийн алба, нийтийн захиргааны хуулиуддаа сонирхлын зөрчлийг зохицуулах үндсэн зарчим, аргуудыг тусгасан байдаг.

Нийтийн албан дахь сонирхлын зөрчлийг зохицуулж буй арга барилаар нь бүлэглэж үзвэл:[2]

-       Тусгайлсан сонирхлын зөрчлийг зохицуулсан хууль – төв, зүүн Европын орнууд (Литва, Хорват, Серби, Латви болон Словак),

-       Авлигын эсрэг хуулинд нэгтгэж зохицуулсан – Казакстан, Эстони гэх мэт,

-       Ёс зүйн кодекс, дүрэм – Румын, Шинэ Зеланд, Мексик, Австрали, Болгар зэрэг,

-       Салбарын хуулиуд тус бүрд нь зохицуулсан, 

-       Хуулийн хүчин чадалгүй журам, дүрмүүдээр зохицуулсан,

-       Эрх зүйн бус арга хэрэгсэл – удирдамж, заавар зэрэг.

Сүүлийн үед сонирхлын зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд зохицуулах стандартууд бүхий тусгайлсан хууль эсвэл ёс зүйн кодыг батлах хандлага ихсэж байна. Түүнчлэн ажиглагдаж буй хандлага бол хязгаарласан хатуу дүрэм журмын хамтаар аль аль сонирхлыг тэнцвэржүүлсэн илүү идэвхитэй сургалт, боловсрол, зөвлөгөө өгөх гэх мэт эерэг зохицуулалтын хэлбэрүүдийг чухалчлах болсон байна.[3]

Энэхүү мэдээллээр нийтийн алба дахь сонирхлын зөрчлийг харьцангуй бие даасан хууль тогтоомжоор зохицуулж буй Латви, Литва, Эстони болон Хорват зэрэг орнуудын зохицуулалт, журмуудыг харьцуулсан болно.

Түүхэн нөхцөл байдлаас шалтгаалаад эдгээр улсуудын төрийн алба Оросын брюкрат системийн хүчтэй нөлөөнд хөгжиж ирсэн бөгөөд нийтийн ба хувийн сонирхлын ялгаа зааг бүрхэг, нарийн тодорхойлогдоогүй байсан. Зөвлөлт Холбоот Улсын задралын дараа Европын холбоонд нэгдэх шаардлагын улмаас холбооны стандарт шалгууруудад нийцүүлэн төрийн албаа нийтийн алба болгон шинэчлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд сонирхлын зөрчлийн асуудлыг тодорхойлж, тусгай хуулиар зохицуулж буй нь нийтийн албыг агуулгын хувьд шинэчлэх бодит алхам гэж үнэлэгдэж байна.[4]

Латви нь Авлигаас сэргийлэх хууль (1995.12.21) болон Нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулиар (2002.04.25) авлига, сонирхлын зөрчлийг тус тусад нь тодорхойлж зохицуулсан байна. Литвад мөн Авлигаас сэргийлэх тухай хууль (2002.05.28) ба Нийтийн албанд нийтийн ба хувийн сонирхлыг зохицуулах тухай хууль (1997.07.02 батлагдаж, 2000.02.14-нд нэмэлт өөрчлөлт орсон) хамт үйлчилдэг. Хорват (Нийтийн албан дахь сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль. 2003) болон Словак (Нийтийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хамгаалах тухай хууль. 2004) мөн адил тусгайлан зохицуулсан байна. Харин Эстони Авлигаас сэргийлэх хуулиндаа (1999.01.27) сонирхлын зөрчлийг хамт зохицуулсан.

Эдгээр улсуудад сонирхлын зөрчлийг нийтлэг байдлаар  томъёолж, нийтийн болон сонгогддог албан тушаалтан аль аль нь бодит сонирхлын зөрчил ба тэгж ойлгогдохуйц нөхцөл байдлаас зайлсхийх үүргийг тусгасан.

Авлига ба сонирхлын зөрчлийн харилцан хамаарлыг Литвийн хууль зорилго хэсэгтээ сонирхлын зөрчлийг зохицуулах нь “авлига үүсэх, тархахаас сэргийлэх” хэмээн тодорхойлсон. Латвийн хууль сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх механизмд илүү анхаарч, тэдгээрийг нарийвчлан зохицуулсан байна.

Түүнчлэн Латви болон Литвийн хууль тогтоомжууд нь сонирхлын зөрчлийг зохицуулах хуульчилсан хэрэгслүүдээс гадна нийтийн албаны түвшин бүрд албан тушаалтны ёс зүйн дүрэмтэй байхын ач холбодлыг мөн тусгаж өгсөн.


Сонирхлын зөрчлийг зохицуулах зарчим

Хорватын хуулийн 3-р зүйлд нийтийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудыг үнэнч шударга, хариуцлагатай, алагчлалгүй, олон нийтийн итгэл, албаны нэр хүндийг даах хэмээн тусгасан бол Латвийн хууль зорилго хэсэгтээ эдгээрээс гадна  нийтийн сонирхолд үйлчлэх, нээлттэй байх зэрэг зарчмуудыг тусгасан (2, 22-р зүйл). Литвийн хууль ч мөн адил зарчмуудыг нийтийн албан хаагчийн сонирхлын зөрчлийн эсрэг хүлээх үүрэг хэсэгтээ тусгажээ (3-р зүйл).


Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэрэгслүүд

Сонирхлын зөрчлөөс сэргийлэх гол хэрэгслүүд болох өөрийн болон гэр бүлийн хөрөнгө, орлого, хүлээж авсан бэлэг, үйлчилгээг зарлах, шийдвэр гаргах, гэрээ байгуулах, нэмэлт орлого олох, давхар ажил эрхлэхэд тавих хязгаарлалтууд, төлөөллийг хориглох зэргийг харьцуулж буй улсууд нийтлэг байдлаар зохицуулсан байна.

Латвийн хуулийн нэг онцлог ялгаа нь нийтийн чиг үүрэг гүйцэтгэж буй байгууллага, албан тушаалтан бусад этгээдээс хандив авах болон сурталчилгаанд оролцох асуудлыг сонирхлын зөрчлийн хүрээнд оруулан зохицуулсан байна.

Дараахь хэсэгт сонирхлын зөрчлийн эрсдэл бүхий гол талбаруудыг тус бүр хэрхэн зохицуулсныг авч үзлээ.


§  Давхар ажил эрхлэлт

Эдгээр улсуудад давхар ажил эрхлэлтийн талаар нэг бол зөвшөөрөгдөх ажил албыг тусгайлан заагаад бусдыг нь хориглох, эсвэл давхар ажил эрхлэх эрх нээлттэй ч нийтийн албаны үүрэгт нь зүй бусаар нөлөөлж, сонирхлын зөрчилд оруулахгүй гэсэн тусгай зөвшөөрөл шаардагдах байдлаар зохицуулжээ.

Латви ба Хорватын хуулиар эхний хандлагыг барьж Латвид олон нийтийн, улс төрийн ба шашны байгууллага, багш, эрдэм шинжилгээний судалгаа, бүтээлч ажил зэргийг (7-р хэсэг), Хорватад шинжлэх ухаан, боловсрол, соёлын үйл ажиллагааг (10-р зүйл) нийтийн албатай хавсран эрхэлж болохоор заасан байна.

Эстонийн хувьд давхар ажил эрхлэх нь зөвшөөрөгддөг хэдий ч хуулийн 72-р зүйлд зааснаар уг ажил нь нийтийн албаны чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахгүй, албаны нэр хүндийг сэвтүүлэхгүй байх ёстой бөгөөд дээд албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байхыг шаарддаг.

Литвийн хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй ч Нийтийн албаны тухай хуульдаа хөндсөн. 2006.7.1 хүртэл нийтийн албан тушаалтан нь багш, эрдэм шинжилгээний судлаач, орон нутгийн зөвлөлийн гишүүн байхыг зөвшөөрдөг байсан ч нэмэлт өөрчлөлтөөр ингэж тусгайлан заахыг болиулсан бөгөөд давхар ажил нь сонирхлын зөрчил үүсгэхгүй, хувийн сонирхолд албан тушаалаа ашиглахыг хаацайлах, албаны нэр хүнд чиг үүргээ гүйцэтгэхэд зүй бусаар нөлөөлөхгүй байх зэргийг заасан байна (16-р зүйл).

Нийтийн албан тушаалтан хувийн компанийн удирдлагын бүтцэд давхар ажиллахыг нийтлэг байдлаар хориглодог байна.


§  Нийтийн албанаас гарсны дараахь хязгаарлалт

Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн албан хаагч албанаас гарсны дараа ч тодорхой хязгаарлалтууд үргэлжлүүлэн үйлчилсээр байдаг. Тухайлбал Хорватад шийдвэр гаргалтад нөлөөлөх, мэдээлэл ашиглах, ашгийн байгууллагын удирдлагад байх, мөн сонирхлын мэдүүлэг гаргах үүрэгт ажлаас гарснаас хойш 6 сарын хугацаанд хүчинтэй үйлчилж байхаар заасан. Тогтоосон хугацаа янз бүр ч энэ зохицуулалт ерөнхийдөө нийтлэг байдлаар эдгээр улсуудад тусгагджээ.  Мөн энэ хүрээнд нийтийн албанаас гарсны дараахь ажил эрхлэлтийн хязгаарлалтуудыг Эстони, Латвид ажлаас гарснаас хойш 3 жил, Литвад 1 жилийн хугацаанд нийтийн албанд байхдаа ажил үүргийн хувьд хамааруулан шийдвэр гаргаж байсан бизнесийн байгууллагад ажиллахыг хориглодог байна.


§  Бэлэг үйлчилгээ хүлээж авах

Бэлэг үйлчилгээний талаар зохицуулахдаа үнийн дүнгээр тогтоосон хязгаарлалт нь нийтлэг жишиг байна. Латви, Литвийн хуулиар хүлээж авч болох (дипломат бэлэг) болон хүлээж авч болохгүй бэлгийг зааглаж, тэдгээрийн үнийн дүнгээр нь хязгаарлалт хийсэн бол Эстонийн хуулинд бэлгийн хориглолт албан тушаалтны ажил үүргээ шударгаар гүйцэтгэхэд шууд ба шууд бусаар нөлөөлж болох гэсэн шалгуур тавьсан байна. Латвийн хуулиар үнийн дүн нь сарын цалингийн доод хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд бэлгийг зөвшөөрдөг бол Литвад бэлгийг хувь этгээд болон хуулийн этгээдээс өгч буй эсэхээр нь ялгаж, ялгаатай үнийн дүнгийн хязгаарыг нэг жилийн хугацаанд нэг эх сурвалжаас авсан бэлэгт тавьсан байна. Хорватын хуулиар албан тушаалтанд цалингийн 1/3-ээс  дээш үнийн дүн бүхий бэлгийг мэдэгдэж, сарын цалингаас хэтрээгүй бэлгийг хадгалах эрхтэй.


§  Бизнесийн үйл ажиллагааны хязгаарлалт

Хорватын хуульд (11-р зүйл) нийтийн албан тушаалтан ямар нэг компанид 25-аас дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол сохор итгэл буюу итгэмжлэгч этгээдэд захиран зарцуулах эрхээ шилжүүлэхийг үүрэг болгодог. Түүнчлэн хувиараа юмуу гэр бүлээрээ гар урлал гэх мэт жижиг бизнес эрхэлдэг бол мэдэгдэж бүртгүүлдэг.

Латвийн хуулиар тодорхой албан тушаалтнуудыг нээлттэй тендерээс бусад байдлаар төсвийн хөрөнгөөр гэрээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй компанид хувь, хувьцаа эзэших, хамтрагч байхыг шууд хориглодог. Энэ үүрэг мөн ажлаас гарсны дараа 2 жилийн хугацаанд хүчинтэй.


Сонирхлын зөрчлийг шийдвэрлэх

Албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцад сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд ямар зохицуулалт хийхийг Литвийн хуулинд процедурын хамт нэлээд дэлгэрэнгүй тусгажээ. Энэ тохиолдолд удирдах албан тушаалтанд мэдэгдэж албан тушаалтан өөрөө тухайн үйл ажиллагаанд оролцохоос татгалзах үүрэгтэй. Гэхдээ дээд албан тушаалтан нь уг мэдэгдлийг авч үзээд хүлээж авах эсхүл үргэлжлүүлэн шийдвэр гаргалтад оролцох боломжтой гэж үзэж болно.

Харин Латвийн хуулиар ямар тохиолдолд сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхийг шийдвэрт өртөж буй этгээдүүрээр дамжуулан тодорхойлоод шууд тухайн албан тушаалтныг шийдвэр гаргалтад оролцохыг хориглосон. Эдгээр нь өөрийн болон хамааралт этгээдийн сонирхолтой шууд холбоотой, эсвэл тэдгээрийн сонирхолд нөлөөлөх, мөн өөрөө болон хамааралт этгээд нь тус этгээдээс ямар нэг орлого олдог бол тэдгээртэй холбогдуулан шийдвэр гаргах гэж буй албан тушаалтанг сонирхлын зөрчилтэй гэж үздэг.


Хуулийг хэрэгжүүлэх байгууллага:

Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлж хянах тусгай байгууллага Эстонид байхгүй. Хорватын хуулиар сонирхлын зөрчлийг шийдвэрлэх тусгай эрх бүхий парламентаас томилогдож тайлагнадаг (парламентын гишүүд мөн бүрэлдхүүнд нь багтдаг) комиссыг буй болгожээ (16-р зүйл). Энэ байгууллага нь сонирхлын зөрчлийн тухай гомдлоор дүгнэлт гаргах, шалгалт хийх, хариуцлага тооцох, удирдамж заавар өгөх эрхтэй.

Харин нөгөө 2 улсад  тусгай агентлагууд авлига, сонирхлын зөрчлийн эсрэг үйл ажиллагааг хариуцдаг. Латвид уг хуулийг хэрэгжүүлэх үүргийг Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх газар, Үндсэн хуулийг хамгаалах газар (Constitution Protection Bureau), ерөнхий сайд төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагатай хамтран хүлээдэг (5, 20, 28-р зүйл). Литвад татварын алба нь авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг бол улс төрийн албан тушаалтнуудаас гишүүд нь томилогддог Ёс зүйн дээд комисс нь төвийн болон орон нутгийн удирдлагатай хамтран Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлдэг (22-23 зүйл).


Хариуцлага тооцох хэлбэрүүд

Латвийн хуулиар сонирхлын зөрчилтэй үйлдэлд захиргааны болон эрүүгийн хариуцлага, нөхөн төлбөрийг зааж өгсөн (30-р зүйл). Литвийн хуульд хариуцлагын олон хэлбэрийг тусгасан. Тухайлбал урамшууллыг жилийн хугацаанд зогсоох, уг хуулийг зөрчсөн үндэслэлээр ажлаас халагдсан бол 3 жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг хасахаар (15-р зүйл) заажээ. Мөн хувийн сонирхлоо зарлаагүй тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулахаар хуульчилсан. Хорватын хувьд цалингийн хувь хасах, сануулах, комиссын шийдвэрийг өөрийнх нь зардлаар олон нийтэд мэдээлэх хариуцлагын төрлүүдийг хуульчилсан. Эстонийн хуульд сонирхлын зөрчил болон авлигажсан зан үйлд тооцох хариуцлагыг албан тушаалтан нь торгуулийн 300 нэгж хүртэлх хэмжээгээр торгуулах, хууль бус ашиг орлогыг хураах, хорих, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах зэргийг хамтад нь хэрэглэхээр заасан байна (Авлигын эсрэг хуулийн 5, 6-р бүлэг).


Ерөнхийд нь дүгнэвэл, харьцуулсан орнуудын эрх зүйн зохицуулалтууд нь ерөнхий зарчим, сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бүхий талбаруудын зохицуулалтаар адил ч хариуцлага, хууль хэрэгжүүлэх тогтолцоог өөрсдийн орны онцлогоор зохицуулжээ.
Түүнчлэн сонирхлын зөрчлийг зохицуулахдаа тусгай хуулиас гадна хамтад нь олон нийт мэдээлэл авах тухай, Хувийн мэдээллийг хамгаалах тухай, Төрийн нууцын тухай хууль болон ёс зүйн дүрэм зэргээр зохицуулсан нь төрийн ил тод тунгалаг байдлын зохистой тэнцвэр бүхий зохицуулалт болж чадсан гэж

[1] Jolanta Palidauskaite, Aive Pevkur, Iveta Reinholde, A Comparative Approach towards Public Service Ethics, in Estonia, Latvia and Lithuania, Paper presented at EGPA annual conference in Madrid, 2007.

[2] Conflict of interest – prevention, correction, sanction and education, A comparative study of methods and issue by Nadine Kreisberger, Information note for the National Anti Corruption council / UNDP. Ulaanbaatar, May 2005. p.7

[3] Managing conflict of interest in the public sevice. OECD guidelines and country experiences. OECD, 2003.

[4] Jolanta Palidauskaite,Prevention of conflict of interest in Baltic States. Ekonomika ir Vadyba: aktualijos ir perspektyvos. 2008 1(10), p.121-126

No comments:

Post a Comment