Wednesday, August 24, 2011

Сонирхлын зөрчлийн “сорил” энэ үү?

Эх сурвалж http://politics.news.mn/content/77983.shtml
Зургаа юм шиг санаж явсан зуны сарууд арай гэж дуусав. Найр наадмын тоосонд дарагдаж сураг алдарсан ард түмний төлөөллүүд маань ч гэсэн зах зухаасаа эргэн жир ажилдаа ороод, уйдсан зарим нь твиттертээ “жиргээд” эхэллээ.

Нэр хүндтэй нэгэн гишүүний твит дээр сүүлийн нэг сард орсон бүх сэтгэгдэл нь аль аймаг, сумын хэдэн жилийн ойн наадамд хэний, ямар морь түрүүлсэн тухай байх жишээтэй. Бүр уг морины эцэг, эх болох азарга, гүү нь аль нутгийн хэний адуунд яваа тухай хүртэл нэгд нэгэнгүй мэдэж байдаг шүү. Түрүү жилийн наадмаар хурдан морь сурвалжлах “мэргэжилтэн” олдохгүй манай редакцийнхан “гал алдах” шахаж байтал шинээр ажилд орсон нэг эмэгтэй сурвалжлагч яг тэгж, зургаан насны уралдааны айргийн таван морийг хэний ,ямар азарганы үр төл болох тухай нь нэвт шувт бичээд наадмын талбайгаас мэдээ “шидсэн” байхад л тэгж их атаархаж билээ.

Бас нэг гишүүн твиттертээ “Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн тухай УИХ-ын нэг гишүүн УИХ-ын дарга дээр ороод “Энэ хууль үр хүүхдийг минь хэлмэгдүүлэх хууль болчих вий дээ гэсэн байна. Үр хүүхэддээ их л санаа зовж дээ” гэсэн нь түүнийг дагадаг жиргээчдийг бөөн “шок”-нд оруулсан байна лээ. УИХ-ын дарга ч гэсэн хүний итгэл алдаад л, нөгөө “Н.Энхбаярын 500 саяын авлига” шиг юм ярьж байх юм. Сайнаар бодвол хуулийн төсөл санаачлагчдад бас дам сануулга өгсөн юм байлгүй дээ. Их л олон цэцэн мэргэн хүмүүс их олон сонин содон сэтгэгдлийг твитертээ үлдээсэн байна лээ. Гэхдээ анхаарал татсан нь дээр хэлсэн хоёр.

Нээрээ сүүлийн үед “С.Баяр их улс төрд эргэн ирэх нь ээ” хэмээн зарим нэг сонин хэвлэлийг санаа алдуулаад байсан эрхэм наадмын эхний өдөр тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайхан наадахыг ерөөгөөд нам... Одоо хаана юу хийж явааг бүү мэд. Бусад нь ч яах вэ, бараа сурагтай байгаад байдаг юм. Харин Монголд нисэн буух хугацаа нь улам улам холдоод, ирээд суух хоног нь ч цөөрөөд байгаа энэ хүн л харин хаана юу хийж яваагаа хааяа ч гэсэн, Хөвсгөлийнхөндөө ядаж дуулгачихаж баймаар юм. Тэндээс сонгогдсон бил үү.

За тэгээд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл яагаад гишүүдэд бус, үр хүүхдэд нь халгаатай болдог юм болоо /уг нь уг хууль нь төрийн албан тушаалтнуудын л сонирхлын зөрчлийг хязгаарлах тухай болохоос биш тэдний үр хүүхдэд шууд хамаарахгүй л дээ/ гэж гайхаж суутал бас нэг “хуучин хэрэг” санаанд орлоо.

Хэдэн жилийн өмнө нэгэн эрх мэдэлтэн төсвийн мөнгөөр хүүдээ байр авчихсөн тухай хэвлэлд гарч, тэр тухай нь сэтгүүлч асуухад “Хүн үр хүүхдийнхээ төлөө юм хийж болдог юм байгаа биз дээ” хэмээн адарч байсан. УИХ-д нэлээд олон удаа суучихсан, туршлагатай улстөрч шүү дээ. Хүний эх, эцэг үр хүүхдийнхээ төлөө санаа зоволгүй, тэднийхээ төлөө элдэв зүйл хийлгүй л яах вэ. Гэхдээ бас цаана нь хууль ёс, ёс суртахуун гэж нэг юм байна даа.

Бараг жилийн өмнө буюу өнгөрсөн намрын чуулганы үеэр УИХ-д өргөн баригдсан, УИХ-ын дарга хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд нэлээд дээгүүр оруулаад байсан “Нийтийн албанд сонирхлын зөрчлийг хязгаарлах тухай” буюу бидний нэрлэж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ дахь хоёр намын бүлгээр нэг нэг удаа хэлэлцээд “Хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн ч Байнгын хороодоор хэлэлцүүлэх шатандаа нам зогсч, тас мартагдсан билээ. Ардчилсан намын бүлэг ялангуяа “дэмжин батлуулахаа” илэрхийлж, “бага зэргийн засвар” энэ тэр оруулахаар ажлын хэсэг хүртэл гаргаад байсан ч /Д.Сэдванчиг гээд нэлээд хэдэн гишүүд энэ ажлын хэсэгт багтсан/ тэгсгээд намжсан уг хуулийн төслийн сураг ингэж нэг гардаг юм байна.

Товчхон хэлбэл улстөрчид, УИХ-ын эрхэм гишүүд уг хуулийг яаран гаргахаас нэлээдгүй айж байгаа бололтой юм. Уг нь эцгийн хийсэн хэргийн төлөө үр хүүхдийг нь ялладаг, гэр бүлээр нь цөллөгт явуулдаг бурангуй хууль өнөөгийн нийгэмд байхгүй. Тэгээд ч хуулиа батлаад гаргачихвал эрхэм дээдсийн хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавиад жаалаад байдаг нь, УИХ-ын дарга, дэд дарга нь хүртэл найр наадам хэсээд, айлын адуу тоолж, адууны хонгон дээрх тамга уншаад явах нь багасах байлгүй л дээ. Өмнөх парламентын үед хэл ам болж байж гаргасан Татварын өршөөлийн хуулийг баталснаар улсын нэгдсэн төсөв хэдэн зуун тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн ч үүний дараа татвараас нуугдсан, нуун дарсан гэх аж ахуйн нэгжүүд лав сонсогдохоо больсон дог.

Үүн шиг Сонирхлын зөрчлийн тухай хуулийг утга агуулгыг нь бүрхэгдүүлж, ийш тийш гуйвуулалгүй шиг батлаад авбал нам дамнасан бизнесийн бүлэглэлүүд, төрийн эрх мэдлийг хувьдаа ашигладаг улстөрчид, олигархиудын тухай домог болмоор баримтууд аяндаа мартагдаж, улс төр, төрийн алба яаж ийгээд цэвэрших байх гэж найдсан юмсан. “Үр хүүхдүүдийг минь хэлмэгдүүлчих вий” хэмээн болгоомжилж байгаа нөхдүүдийн хувьд сануулахад хууль эргэж үйлчилдэггүй. Хуулиа баталчихаад, хувийнхаа ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос салгаад сурчихвал, тэгвэл л жинхэнэ үр хүүхдээ бодсон хэрэг биш үү. Монголчууд эртнээсээ л “нэр хугарахаар, яс хугар” гэдэг дээ...

Б.СЭМҮҮН

No comments:

Post a Comment