Monday, April 18, 2011

Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн эргэн тойронд сэдэвт хэлэлцүүлэг болж байна

УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэгдэх Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн ач холбогдол, үр нөлөөний талаар олон нийтэд түгээх, мэдээлэх олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн, “Авлигын эсрэг” УИХ-ын гишүүдийн бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудтай энэхүү хуулийн төслийн талаар ярилцаж санал бодлоо хуваалцсан уулзалт 4-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтанд оролцсон оюутан залуус энэ хуулийн ач холбогдлын талаар өндрөөр үнэлсэн бөгөөд энэ хууль батлагдаж чадвал Монгол улс авлигын эсрэг хийж буй нэг том алхам болох юм гэдгийг цохон тэмдэглэж байв.

Мөн энэ долоо хоногт “Авлигын эсрэг” УИХ-ын гишүүдийн бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Я.Батсуурь, Ж.Энхбаяр нар Төрийн Удирдлагын Академи мөн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Шихихутаг Хууль зүйн дээд сургууль, Их засаг их сургуулиудын эрдэмтэн, багш, сонсогч нартай энэ хуулийг танилцуулан, санал солилцох уулзалт болно.

Х.Тэмүүжин: Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно

Мэдээллийн эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=9676

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр хэвлэлийнхэнд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Уг хуулийн төслийг тэрбээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нартай хамтран боловсруулсан аж. Хурлын дараа түүнээс зарим зүйлийг тодруулав. 
-Тус хуулийн гол зангилаа нь юу байх вэ?
-Энэ хууль батлагдсанаар авлигатай тэмцэх ажил нэг шатаар ахина. Мөн үүний зэрэгцээ авлигыг цэцэглүүлж байгаа эрх зүйн орчнуудыг хязгаарлах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад цоо шинэ механизм үйлчлэх болж байгаа юм. Жишээ нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд төдийгүй төрийн албан хаагчид Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно. Ингэснээр албан тушаалаараа памжуулан хувийн эрх мэдлээ дээгүүрт тавих байдлыг хязгаарлах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь манай улсад өнөөдөр Сонирхлын зөрчлийг цэглэх хууль, эрх зүйн орчин үйлчлэхгүй байгаагаас хувийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн албанд ажилладаг хэсэг багагүй хувийг эзлэх болжээ.

Ж.Сүхбаатар олон нийтээс дэмжлэг хүсэв

2011. 04. 13.
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/62574.shtml
 
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр орой МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутнуудтай уулзаж “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн төслийн талаар ярилцсан байна. Авлигын эсрэг гишүүдийн бүлгийн зүгээс уг төслийг боловсруулсан боловч парламентын төвшинд дэмжлэг авч чадахгүй байгаа тул ийнхүү залуустай уулзаж олон нийтийн зүгээс дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.