Monday, January 23, 2012

Х.Тэмүүжин: Энэ бол Монголд таарсан хууль

Эх сурвалж:  http://politics.news.mn/content/94514.shtml
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулийг өнгөрөгч пүрэв гаригт УИХ-аар батлуулсан. Гэвч уг хууль маань хэр том хууль орж ирээд, хэлэлцүүлгийн явцад хичнээн зүйл заалт нь танагдсан бэ? Нэлээд зовлон туулж, эсэргүүцэлтэй тулгарч байж гарсан хууль шүү дээ.
-Дөрвөн хуулийн төсөл оруулж ирсэн юм. Сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Сонирхлын зөрчлийн тухай хууль нь дангаараа 30 зүйлтэй, нэлээд том хууль. УИХ-д өргөн баригдсаны дараа нэлээн эсэргүүцэлтэй тулгарч, хуулийн үзэл санааг үгүйсгэх, ойлголцлын зөрүүгээс болоод хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагууд давамгайлж байсан. Өргөн баригдсанаас хойш жил нэг сарын дараа батлагдаж байна. 
-Тэгвэл харин ч санаснаас хурдан баталсан юм байна. Хэлэлцүүлгийн явц их сүр дуулиантай, нийгмийн зүгээс хүлээлт их байсан учраас удаан санагдсан байх, тийм үү?
-Хуулийг боловсруулж, өргөн барих ёстой гэдэг үзэл санаа, хэлэлцүүлэг нь бол хоёр жилийн өмнө болсон юм, 2010 оны дөрөвдүгээр сард байна уу. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулсны дараа л ер нь хөрөнгө орлогын мэдүүлгээр төрийн албан хаагчдын сонирхлын зөрчил, авлигатай холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй юм байна гэдэг нь харагдсан. Авлигын эсрэг хуулийг нь судлаад үзэхээр сонирхлын зөрчлийн зарим хэлбэрийг хуульчилчихсан, Төрийн албан хаагчдын тухай хуульд бас сонирхлын зөрчлийг зарим элемент хуульчлагдчихсан. Тэгсэн хэрнээ яг Авлигын эсрэг хуульд нь авлигынх нь зөрчлүүд өөрөө байхгүй, Эрүүгийн хуульд авлигын болон албан тушаалын гэмт хэргүүд нь тодорхой хэмжээгээр байгаа мөртлөө яг эрүүгийн хэрэг үүсгэдэг шаардлага нь тодорхой мөнгөн дүнтэй, тэрнээс наагуурх нь ямар ч зохицуулалт байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтанд ямар ч хариуцлага тооцож чадахгүй, толгойг нь илээд өнгөрдөг, АТГ нь үндсэндээ хэдэн “жараахай”-тай зууралддаг л хочтой байгууллага болчихсон байсан шүү дээ. 

Тиймээс авлигатай тэмцэх үйл явцыг эрчимжүүлэх, бодлогыг нь нэлээн цогц харах хэрэгтэй юм байна, АТГ-ын авлигатай тэмцэх “араа шүд” болсон хуулийнх нь механизмуудыг бүрэн дүүрэн суулгаж өгөх хэрэгтэй юм байна гэдэг нь ойлгогдсон. Авлига гарсан хойно асуудлыг ярихаасаа илүү хамгийн түрүүнд авлига гарах хөрсүүдийг нь алга болгож, сонирхлын зөрчлийг зохицуулах хэрэгтэй юм байна. Хүн болгонд л сонирхол байдаг, гэхдээ тэр сонирхол нь хаа хүрээд зогсох вэ гэдэг зохицуулалт байх ёстой. Хэрвээ та нийтийн албанд ажиллаж байгаа бол таны хамгийн түрүүнд эрхэмлэх ёстой зүйл нийтийн ашиг сонирхол. Нийтийн ашиг сонирхлын дээгүүр хувийнхаа ашиг сонирхлыг тавьж болохгүй, хувийн ашиг сонирхол төдийгүй “тусгай” гэж нэрлээд байгаа тодорхой хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлын дээгүүр тавьж болохгүй, хэрэв тэгвэл сонирхлын зөрчил, цаашлаад авлига, гэмт хэрэг болно гэдгийг хэмжих метртэй нь, зохицуулалттай нь бүгдийг нь хуульчлах хэрэгтэй юм байна л гэж харсан. Тэгэхгүй бол төрийн албан хаагчид бүгд л авлигын гэмт хэрэгтэй, сонирхлын зөрчилтэй юм шиг харагдаад, тэр нь нөгөө талаас шударгаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх, гүтгэх боломжийг олгоод байдаг. Тийм учраас тэр нарийвчилсан зохицуулалтуудыг Сонирхлын зөрчлийн хуулиар хийж өгч байгаа юм. 

Хувийн сонирхолтой байна гэдэг нь буруу зүйл биш, түүнийгээ зөв эрэмбэлж л сурах хэрэгтэй. С.Зориг агсны хэлсэн үг бий шүү дээ, эхлээд улс орны эрх ашиг, дараа нь намын эрх ашиг, эцэст нь хувийн чинь эрх ашиг байх ёстой юмаа гэж. Сонирхлуудаа зөв эрэмбэлээгүйн улмаас асуудал гаргахгүйн тулд эхлээд та сонирхлуудаа мэдээлэх ёстой. Би ийм ийм хувийн сонирхолтой, миний энэ сонирхол нийтийн албаны энэ сонирхолтой зөрчилдөж байгаа учраас энэ шийдвэрийг гаргахад би оролцохгүй ээ гэж өөрөө татгалзах ёстой.

-Компанид хувьцаа эзэмшдэг байхаас авахуулаад маш олон сонирхлыг хуулиар хязгаарлаж өгсөн байгаа. Тухайлбал ямар?  

-Арван хэдэн зүйл байгаа, наад зах нь албан үүргийн шугамаар олж авсан мэдээллийг албаны бус шугамаар ашиглаж болохгүй. Төв банкинд ажилладаг нөхдүүд валют арилжаатай холбоотой мэдээллийг ашиглаад л мөнгө босгож байдаг. Албан үүргийн дагуу олж авсан мэдээллийг албаныхаа шугамаар л ашиглах ёстой байтал хувийн эрх ашгийн төлөө хэн нэгэнд өгөөд, түүгээрээ бизнес хийгээд орлого олоод байгаа байхгүй юу. Өчигдөр Л.Гүндалай гишүүн асууж л байна лээ, төрийн албан хаагч, УИХ-ын гишүүн сурталчилгаанд тоглож болох уу гэж. Хүмүүнлэгийн, нийтэд тустай үйл ажиллагаанаас бусдаар бизнесийн зорилготой сурталчилгаанд УИХ-ын гишүүн тоглож болохгүй. Төрийн албан хаагч өөрийнхө явуулж буй үйл ажиллагаатай холбоотой сурталчилгаанд тоглохоос өөр ямар нэгэн сурталчилгаанд тоглохгүй. Яг энэ зохицуулалтууд ороод ирэхээр дахиад асуудал үүснэ. Одоо манай УИХ-ын гишүүд телевизүүд дээр нэвтрүүлэг хөтлөөд яваад байгаа. Тухайн телевизийн хөтлөгч хийж байгаа бол гэрээ байгуулж давхар ажил хийсэн үү гээд шалгагдаад эхэлнэ. Үгүй ээ, би давхар ажил эрхлээгүй гэвэл “Тэгвэл та энэ телевизийг сурталчилж байна аа” гэж үзнэ. Одоо яг л тийм систем тогтож байна л даа. Тайландын Ерөнхий сайд хоолны ток шоунд оролцож, нэвтрүүлэг хөтлснийхөө төлөө албан тушаалаасаа огцорсон шүү дээ. Сонирхлын зөрчлийн тухай хуульд ч энэ зохицуулалт орж байгаа. Сонирхлын зөрчлийн тухай хууль авлига үүсч болох бүх нөхцлийг төрийн бүх түвшинд зохицуулж өгч байгаа. Энэ зохицуулалтыг зөрчих юм бол хариуцлага хүлээнэ. Цалингийн 30 хувиар гурван сар хүртэлх хугацаагаар торгоно, үүнээс хүндэрвэл албан тушаалаас нь бууруулна, илүү хүндэрвэл албан тушаалаас нь зайлуулна гэсэн дэс дараатай. Өөр хариуцлага байхгүй. 

-Хууль эхэндээ маш их маргаан тарьж байсан ч төгсгөл рүүгээ их хурдан батлагдчихлаа, тэр тусмаа анх өргөн барьсан төсөлд бараг өөрчлөлт ороогүй гэж байна. Сонгууль дөхчихсөн учраас цаг хугацааны хүчин зүйл байв уу, эсвэл үнэхээр авлигатай тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах эрмэлзэл, итгэл үнэмшил манай улстөрчдийн дунд ийм хурдан бий болчихов уу? 


-Хоёр шалтгаан байгаа байх. Үнэхээр энэ хуулийг судалсан, уншсан УИХ-ын гишүүд олонхи нь байгаа. Ойлголтын зөрүү ч гэсэн багасаад ирж байна. Жишээлэхэд “нийтийн алба” гэдэг ойлголтыг энэ хуулиар л анх гаргаж ирлээ. Өмнө нь бол төрийг үгүйсгэлээ, төрийн албыг үл хүндэтгэлээ гэсэн янз бүрийн хандлагууд байсан. Нийтийн алба гэж хэлж байгаагийн хамгийн гол утга учир нь улс орны эрх ашигтай хамгийн ойр байдаг, маш их мөнгө шийддэг хүмүүсийн авлига, хөрөнгө оруулалт, сонирхлыг бид хянаж чадахгүй байна шүү дээ. Жишээ нь Мянганы сорилтын сан, Тавантолгой, Оюутолгойн удирдах зөвлөл байна.  Монгол Улсыг төлөөлөөд сууж байгаа тэр хүн Монгол Улсын эрх ашгийн төлөө байна уу, эсвэл хувийнхаа эрх ашгийн төлөө явж байна уу  гэдгийг хэмжиж чадахгүй байна. Тэр бол төрийн албан тушаалтан биш. Гэхдээ Монгол Улсын эрх ашгийг төлөөлж, бидний итгэлийг тээж яваа. Тийм учраас тэр нөхдийг оруулж ирэхээс өөр аргагүй. Нийтийн алба гэдэг ийм учир шалтгаантай юм аа гээд тайлбарлаад ирэхээр гишүүд ч “Аан, зохицуулалтын хувьд, үр ашгийн хувьд чухал юм байна” гээд ойлгоод эхэлж байна. Ийм ойлголтын туслалцаатайгаар дэмжиж байгаа хүмүүс байна. 

Нөгөөтэйгүүр “үүнийг эсэргүүцээд сонгуульд орж болохгүй юм байна” гэдэг үүднээс улстөрчийнхөө хувьд сонголтоо хийгээд дэмжиж байгаа хүмүүс бас байна. Энэ хууль гарснаар улстөрчид, УИХ-ын гишүүдийг өдөр тутам дагаж байдаг хардлагуудыг илүү бодитой болгож, буруутай нь хариуцлагаа хүлээгээд, буруугүй нь тайван ажлаа хийгээд явах боломжтой болох нь гэдэг үүднээс дэмжсэн хэсэг ч байгаа. Мэдээж нийгмийнхээ шаардлагыг ч бас харж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар тойрог руугаа яваад, сонгогчидтойгоо уулзаад ирсэн гишүүд “наад хууль чинь  их чухал юм байна шүү, сонгогчид наадхыг чинь их ярьж байна” гэж ирсэн. Сонгогчид нь цаанаас нь нөлөөлөөд, мэдээлэл өгөөд байхаар “Миний сонгогчид үүнийг дэмжиж байна, би үүнийг дэмжихгүй бол буцаж очиход хэцүү болох нь” гэдэг улстөрчийн мэдрэмж бас байна шүү дээ. Мэдээж хэрэг ийм хууль байх ёстой, энэ хэмжээний өөрчлөлтийг хийх ёстой гэдэг итгэл үнэмшлээрээ дэмжиж байгаа хэсэг бас УИХ-д байгаа. 

-Нийтийн алба гэдэгт хэр өргөн хүрээг хамруулж байгаа вэ, төрийн албанаас гадна?
-Төрийн албад мэдээж орж байгаа. Төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ТББ-ын удирдах албан тушаалтнууд, төрийн өмчид компанийн удирдлагууд, дээр нь ямар нэг байдлаар нийтийн эрх ашгийг илэрхийлж, буцаагаад татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр авч байгаа зээл, эсвэл  буцалтгүй тусламж болгож, үр ашгийг нь Монгол Улс нийтээрээ хүртэх гаднын техникийн туслалцаатай хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудыг оруулж байгаа. Тэд өөрсдийгөө “Бид Германы, Америкийн ТББ-д , тийм санд ажиллагад учраас Монголын төр ямар хамаатай юм” гэд боддог байсан бол одоо үгүй. Уучлаарай, наад төслийн чинь үр ашгийг монголчууд хүртэх ёстой, нийтийн эрх ашгийг төлөөлж байгаа учраас бид чамайг хянана аа л гэж байгаа юм. Чи энэ эрх ашгийг хэрэгжүүлж байна уу, эсвэл хувийнхаа амьдралыг дээшлүүлж байна уу, Монгол Улсын эрх ашгийг хамгаалж байна уу, өөр ямар нэг эрх ашгийн төлөө байна уу гэдгийг чинь хянан шүү гэдэг тийм системийг бий болгож байна.   

-Хуулийн хэрэгжүүлэх хугацааг яагаад долдугаар сарын 15-наас болгож хойшлуулсан юм бэ?


-Сонирхлын зөрчлийн хуулийг долдугаар сарын 15-наас хэрэгжүүлнэ гэдгийг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Маш олон төрийн албан хаагчид байгаа, тэдэнд сургалт сурталчилгаа хийж тодорхой ойлголт өгөх ёстой, шинэ хууль учраас. Авлигын хууль болон Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бол хууль санаачлагчийн хувьд ирэх хордугаар сарын 15-наас мөрдөөд явья гэсэн боловч харамсалтай нь чадсангүй. Сонирхлын зөрчлийн хуулийг дагаж мөрдөж байгаа тэр хугацаанаас дагаж мөрдөнө гээд УИХ шийдвэрээ гаргачихлаа. Авлигын хууль, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг долдугаар сарын 15-наас мөрдөнө гэхээр авлига ид цэцэглэдэг, тендерээ хуваадаг, тэндээсээ 10-20 хувиа авч сонгуулиа санхүүжүүлдэг энэ цаг үед авлигын хуулийн гол зохицуулалт, Эрүүгийн хуулийн “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг заалт үйлчилж чадахгүй болчихлоо л доо. 

-Сонирхлын зөрчлийн хуулийг дагаад гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиадын давхардал одоо байхгүй болсон гэсэн үг үү?

-Давхардсан заалт нэг ч байхгүй. Сонирхлын зөрчлийн хуулиар зөвхөн сонирхлын зөрчлийг зохицуулж байгаа. Авлигын хуулиар авлигын зөрчлийг, Эрүүгийн хуулиар авлигын гэмт хэргүүдийг нь заагаад өгчихсөн, Төрийн албаны хуульд байсан давхацсан зүйлүүдийг энэ хуулиар хүчингүй болгочихсон учраас хуулиудын давхцал, эсвэл зөрчилдсөн зүйлүүд байхгүй болсон. Нэг ижил зөрчил давхар өөр өөр хуулиар хуульчлагдаад, өөр өөр хариуцлагатай байсан нь үгүй болсон гэсэн үг. 

-Хууль баталдаг өдөр УИХ-ын дарга нэг зүйлийг сануулж байсан. Хууль гэдэг нийгмийг хардлага, айдас руу чирдэг байж болохгүй ээ гэж. Хэт хавтгайруулаад, үйлдэл болгон гэмт хэрэг, хүн болгон сонирхлын зөрчилтэй мэт харагдаад байх вий гэсэн санаа л байх л даа...


-Улс төрийн өнгөөр л ярьж байна лээ л дээ. Хууль хүнийг хардуулдаг, сүрдүүлдэг юм биш, хууль асуудлыг тодорхой л болгодог. Хууль хардуулдаг байна гэвэл хууль тогтоогчид хууль биш, үзэл баримтлал юм уу, эсвэл өөр зүйл бичиж байна гэсэн үг. Энэ хуулийг илүү мэргэжлийн, тодорхой болгож бичсэн. Сонирхлын зөрчлийн хууль гаргасны хамгийн гол зорилго нь хий хоосон хардлагуудыг алга болгохын тулд юуг сонирхлын зөрчил, юуг авлига гэх вэ гэдгийг заагаад, хэмжих метрүүдийг нь тодорхой болгож өгч байгаа юм. Иргэд хуулийг уншаад “Энэ чинь чиний сонирхлын зөрчил, энэ нь авлига, энэ чинь гэмт хэрэг байна шүү дээ” гэдэг хэмжүүрийг бий болгоод өгчихөж байгаа юм. Хууль бүгдийг тодорхой болгож өгдөг. Сонирхлын зөрчлийг хязгаарлах тухай гэхэд хуулийн 10-22 дугаар зүйл хүртэл бичигдсэн байгаа. Албаны мэдээллийг ашиглахтай холбоотой, албан үүргээ гүйцэтгэхтэй, давхар ажил эрхлэхтэй холбоотой, шийдвэр гаргахтай, сурталчилгаатай холбоотой, төлөөлөлтэй, төлбөр авахтай холбоотой, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой, албан тушаалаа өгсний дараах хязгаарлалтуудыг бүгдийг нь заагаад өгчихсөн.  

Жишээ нь, Э.Мөнх-Очир гишүүн ярьж байна лээ. Ерөнхий сайд нь Засгийн газраасаа буунгуутаа кабинетаараа компани байгуулчихаж байсан шүү дээ. Уул уурхайн маш их мэдээлэлтэй байсан Засгийн газар буунгуутаа уул уурхайн зөвлөх компани байгуулаад, түүнээс нь болж “Айвенхоу майнз”-аас авахуулаад уул уурхайн бүх баялаг гаднынхны гарт орсон шүү гэж. М.Энсайханы Засгийн газар байхгүй юу. 

-М.Энхсайхан дарга 2000 оноос өмнө “Прьемер интернэшнл” гэж зөвлөх компанитай байсныг мэдэх юм байна, уул уурхайд зөвлөгөө өгдөг байсан юм уу?

-Тийм. Энэ бол яах аргагүйн сонихлын зөрчил. Тиймээс төрийн албанаас гарч байгаа хүмүүс хоёр жилийн хугацаанд яг өөрийнхөө албан үүргийн дагуу олж авсан мэдээллийг задлахгүй. Өөрөө уул уурхайн лиценз өгдөг байсан бол эргээд тэндээсээ лиценз авахгүй, авбал сонирхлын зөрчил болно. Өөрөө лиценз өгч байхдаа өөртөө лиценз авсан бол авлига, албан тушаалын гэмт хэрэг болно. Ерөнхий сайд байсныхаа хувьд албан тушаалаараа олж авсан хаалттай мэдээллүүд болохоос биш иргэн хүний, судлаачийнхаа хувьд олж авсан мэдээлэл биш шүү дээ. Жирийн иргэдэд байхгүй албаны мэдээллийг Ерөнхий сайдаас буунгуутаа ашиглаад бизнес хийгээд явчихна гэдэг шударга бус, сонирхлын зөрчилтэй байхгүй юу. Төв банкны ажилтан ажлаасаа гарангуутаа арилжааны банк байгуулбал бас л сонирхлын зөрчил. Тиймээс төрийн албанаас гарсны дараа ч гэсэн хязгаарлалт үйлчилнэ.

-Ер нь сонирхлын зөрчил, ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулдаггүй, моралийн асуудал байдаг юм аа. Гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг бол Авлигын хууль, Эрүүгийн хуулиараа зохицуулагдаад явчих боломжтой гэдгийг бас Д.Дэмбэрэл дарга сануулж байсан?

-Дэлхийд гурван загвар байгаа. Ардчилал удаан тогтчихсон, 200-300 жилийн түүхтэй Австрали гэх мэтийн улс орнуудад сонирхлын зөрчлийг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулж байгаа. Авлига хээл хахуулийг бол Эрүүгийн хууль юм уу тусгай хуулиар л зохицуулна шүү дээ. Герман мэтийн ардчилал олон жил тогтоод, ардчиллын соёл бүрдчихсэн улсуудад тусгайлсан хуулиар биш, төрийн албаны  хууль болон салбарын хуулиудаараа зохицуулж байгаа. Ёс зүйд нь орохгүй байна шүү дээ. Нэг бол хөдөлмөрийн гэрээгээр, үгүй бол салбарын хуулиараа зохицуулж байна. Манайх шиг пост коммунист орнуудын хувьд дэлхийгээс арай өөр стандарт байна. Үзэл сурталд хүлэгдчихсэн захиргаанд байж байгаад задраад ёс зүй, төрийн албаны соёл, ардчиллын үнэлэмж гээд олон зүйлүүд нь шинээр бий болж байгаа манайх шиг улс орнуудад үүнийг хөдөлмөрийн гэрээ юм уу, салбарын хуулиудад найдаж орхиж болохгүй байгаа юм. 

Социализмаас шилжилт хийсэн пост коммунист орнуудад шилжилтийн дараа хамгийн их гаарсан зүйлүүд бол авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, сонирхлын зөрчил. Хувьчлагдаж байгаа өмчөөс хэн түрүүлж хулгай хийсэн нь баян болдог, хэн төрийн албанд ойрхон байна тэр нь олигархи болдог, хэн ямар нэг байдлаар танил тал, бүлэглэлийн системээр зах зээл дээр тоглоно, тэр нь тэрбумтан болж чаддаг. Тэгш өрсөлдөөн, шударга ёс гэдэг юм байхгүй болчихсон, олж байгаа мөнгөөрөө нөгөө “шинэ оросууд” гэдэг шиг төрийн алба, хуулийн байгууллагуудыг худалдаж авдаг, ийм л систем тогтчихлоо шүү дээ. Ийм систем Австралид, Германд байхгүй. Тийм учраас ийм системтэй тэмцэхийн тулд сүүлийн 20 жилд бодож болсон зүйл нь ерөөсөө Сонирхлын зөрчлийн тухай, Авлигын эсрэг тусдаа хуультай, тусдаа байгууллагатай болох хэрэгтэй юм байна гэдэг шийдэл. Нөгөө социалист толгойтой байж байгаад мөнгө бүхнийг шийднэ гэдэг байдал руу орчихсон, нийтийн эрх ашиг, ёс  зүй, хуулийг дээдлэх соёл гэж юм байхгүй, зөвхөн даргад үйлчилдэг удирдлагын системтэй ийм хүмүүсийг өөр юугаар барих юм. Дүрмээр биш, гэрээгээр биш юм байна. Ерөөсөө л хуулиар, хүчтэй хяналтаар барих ёстой юм байна. Энэ бол Монголд таарсан арга байхгүй юу. Монгол өөрөө соёлжсон, авлигагүй улс орон байсан бол “Сонирхлын зөрчлийн хуулиар яах юм” гэдэг үг гоё сонсогдоно. Сингапурыг ийм л байдлаар цэгцэлсэн шүү дээ.

-Шилжилтийн үеийн хууль гэсэн үг үү?

-Энэ хууль үр дүнгээ өгтөл хүссэн хүсээгүй 40-50 жил үйлчилнэ. 40-50 жил үйлчлээд, нийгмийн оюун санааны стандарт, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны хэвийн стандарт болоод ирэх юм бол хуулиар шийдэх үү, ёс зүйгээр шийдэх үү гэдэг нь дараа үеийн шийдэх асуудал. Өнөөдөр бид авлигаар хэдэд зогсч байгаа билээ, ард иргэд төрийн энэ хүнд суртал, хээл хахууль, сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийн золисонд ямар олон төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа билээ. Энэ өнцгөөс харахад УИХ-ын даргын хэлсэн үг ний нуугүй хэлэхэд зүгээр хоосон цэцэрхэл л болж харагдаж байгаа байхгүй юу. 

-Эсвэл их өндөр “моральтай” улсын яриа байх л даа?

-Ядаж “Уучлаарай, би тийм компанитай, ийм хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хувьцаа эзэмшдэг. Тийм учраас энэ шийдвэрийг гаргахад би оролцож чадахгүй нь ээ” гэж хэлж чаддаг тийм эр зоригтой улстөрчид, эрүүл манлайлал үзүүлчих төрийн өндөр албан тушаалтнууд байна уу. Байхгүй шүү дээ. Бүгд л ууж идэхийн дон тусчихсан юм шиг байгаа биз дээ. Ийм моральгүй, ёс суртахуунгүй байгаа нөхцөлд, угаасаа итгэл үнэмшил, үнэт зүйлс нь гажигтай, тэр гажигаа өөрсдөө засч чадахгүй байгаа хүмүүст шинэ нийгмийн ёс суртахуун байгаа гэж итгэж үлдээнэ гэдэг өөрөө аягүй том эрсдэл. 

-Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хэвлэлийн эрх чөлөний тухай хууль дээр гишүүдийн хамгийн их ярьж байгаа зүйл нь “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд, хувьцаа эзэмшигчдийг зарлах ёстой” гэдэг санал. Зарласны дараа яах юм, бас ямар хязгаарлалт хийх юм?
-Зарласны дараа хэн нь хэн бэ гэдэг харагдаж, мэдээлэл нь ил тод болох байх. Нөгөө талаасаа бас зохицуулалт руу орох байх. Ер нь бол манайх шиг ардчилал эрсдэлтэй байгаа улс орнуудад нэг хязгаарлалтыг хийдэг юм билээ. Нэг бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг улс төр лүү оруулахгүй байх, эсвэл улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагад эзэн суухгүй байхаар зааглаж өгдөг. Манайх ч бас тийм зохицуулалт руу орох байх. Бас л манай зовлон байхгүй юу. Тэнд улс төрийнхөө соёлоор шийдэж чадаж байгаа зүйлийг манайх энд нулимаад байгаа учраас хуулиар шийдэх гэж оролдож байна. Пост коммунист гэгдэж байгаа орнуудад бусад улс оронд хуульчилдаггүй олон зүйлийг хуульчилах шаардлагатай болдог. Цагаан дээр хараар бичээд ” хууль ийм байна” гэж ойлгуулахгүй бол тэр хүмүүс өөрсдийнхөө ухамсраар ойлгоно гэж байхгүй. Яадаг юм, чадаж байгаа юманд аргагүй гээд л явж байгаа шүү дээ. Тийм учраас “уучлаарай, энд улс орны, нийтийн, иргэдийн эрх ашгийн үүднээс ийм хязгаарлалтууд байдаг юм. Өөрөө хүлээн зөшвөөрч чадахгүй бол хуулийн хүчээр хүлээн зөвшөөрүүлнэ ээ” гэдэг асуудлыг тавих ёстой. 

-Сонирхлын зөрчлийн хамрах хүрээг яаж тодорхойлсон юм?

-Нийтийн албан тушаалтан сонирхлын мэдүүлэгтээ цусан төрлийн хамаатан садан, нэг гэр бүлд амьдардаг хүмүүс, нэг аж ахуйн нэгжид хувь эзэмшдэг, бизнес цуг эрхэлдэг, ашиг хүртдэг хүмүүсийг хамааралт этгээд гэж үзэж, энэ хүмүүстэй холбоотой шийдвэр гаргахад оролцохыг нь хязгаарласан байгаа. Нэг анги, нэг нутаг, нэг намын хүмүүсийг “сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”  гэж үзнэ. Нэг сайд нутгийнхаа хүнийг ажилд авчихсан, олон нийт түүнийг нь хараад шүүмжиллээ гэхэд сайд гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар хийх үүрэгтэй. Өмнө нь “Яадаг юм” гээд явж байсан бол одоо “Уучлаартай та нарын хардах нь зөв өө. Гэхдээ би энэ хүнийг ийм шалгуураар ажилд авсан юмаа” гэдгээ тайлбарлаж, тэр шалгуурт нь нөгөө хүн нь тэнцэхгүй байвал сонирхлын зөрчилтэй байна гэж үзнэ. Хэрэв тэр үндэслэлүүд нь хуульчлагдсан шаардлагуудыг хангаж чадаж байвал “Энэ сонирхлын зөрчил биш байна, боловсрл мэдлэг, хуульд заасан шалгуураар авчээ” гэсэн үг. Төрсөн хүүхдээ авсан бол яалт ч үгүй сонирхлын зөрчил. Энэ заалтыг оруулж ирэхэд бас нэлээн маргаан болсон л доо, “ойлгогдохуйц гэдэг чинь юу гэж байгаа юм, бүх юмыг заавал оруулах гээд байгаа юм уу” гээд. Гэхдээ олон нийт сонирхлын зөрчилтэй байна аа гэж харж байвал түүнд тайлбар хийх үүрэг нь төрийн албан хаагчид байх ёстой. Тиймээс үүнийг нь үүрэгжүүлж байгаа хуулийн зохицуулалт. Ийм байдлаар нэлээн нарийн зориулалтуудыг хийж өгсөн. 

Авлигын хуульд оруулсан өөрчлөлт бас энэ шинэтгэлүүдийн нэлээн гол хэсэг нь. Үндэслэлгүй хөрөнгөжихийг авлигын зөрчил гэж үзээд /төрийн албан хаагчийн зургаан сарын дундаж цалингаас давсан тохиолдолд/ мөнгөн дүнгийнх нь хэмжээ их байвал Эрүүгийн хуулиар гэмт хэрэг болж байгаа, сая баталсан шинэ хуулиар. Цалингаараа амьдардаг гэж хэлдэг боловч цалингаасаа хавьгүй илүү тансаг амьдардаг хүмүүс шалгуулна гэсэн үг. 

-Төрийн зарим эрх мэдлийг хэрэгжүүлдэг ТББ-уудын удирдах ажилтнууд сонирхлын зөрчлөө мэдүүлнэ гэж байгаа шүү дээ. Тухайлбал?

-Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд жишээ нь нийтийн албан тушаалтан болоод сонирхлын зөрчлөө мэдүүлнэ, төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа учраас. Наад зах нь одоо шинээр байгуулагдаж байгаа Хуульчдын холбоо байна. Хуульчдын холбоо нийтийн эрх зүйн этгээд болно, хуульчдад лиценз өгдөг, шалгалт авдаг болно. Стандарт сахин мөрдүүлдэг төрийн чиг үүргийг шилжүүлж авч байгаа учраас холбооны удирдах албан тушаалтнууд сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болно. Яг үүнтэй адилхан байгаль орчны ТББ-уудад байна. Тэдэнд Байгаль орчны яамнаас байцаагчийн эрх өгөх юм бол тэр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нийтийн албан тушаалтан болно. Байгаль орчны ТББ нэрийн дор уул уурхайн компаниудаас мөнгө нэхээд, шантааж хийгээд явдаг нөхдүүд бас байна шүү дээ. Тийм нөхцөлд уучлаарай, энэ нь хээл хахууль байна, энэ чинь сонирхлын зөрчил болно гэдэг зохицуулалт руу орохоос өөр аргагүй. Нийтийн эрх ашиг гэдэг нэрийг бариад хувийнхаа эрх ашгийг хэрэгжүүлээд явуулаад байж болохгүй л гэсэн үг. Эрхийн шилжилт хаана явж байна гэдгээс шалтгаална. Жишээ нь барилгын стандартыг МХЕГ юм уу, Стандарт хэмжил зүйн газар тодорхойлж байна шүү дээ. Мөдхөн Барилгын ассоциаци энэ эрхийг шилжүүлж аваад стандартыг тогтоодог болно. Тэгвэл Ассоциацийн удирдлагууд нийтийн албан тушаалтан болж, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, сонирхлын зөрчлөө мэдүүлнэ.    

-Сонирхлын зөрчлийг зөвхөн хувь хүн, албан тушаалтнууд дээр ярих ёстой юу?

-Институциуд дээр бас сонирхлын зөрчил байгаа. Энэ хуулиар хувийн сонирхлыг зохицуулахаас гадна институци хоорондын сонирхлыг зохицуулах гэж оролдсон. Гэхдээ тэр хэсгээс зарим нь хасагдсан л даа. Жишээ нь УИХ, Засгийн газар, шүүх нэг байранд байж болохгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байвал ийм ийм эрх нь хязгаарладдана гэх мэтчилэнгийн зохицуулалт байсан. Тэдгээрээс зарим хэсэг нь хасагдсан. Гэхдээ зарим хэсэг нь орсоон. Жишээлбэл, УИХын гишүүн Засгийн газрын гишүүн байгаа тохиолдолд УИХ-ын хяналтын чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллахгүй гэж. Уг нь бол хуулийн төсөлд анх оруулахдаа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байгаа тохиолдолд санал өгөхөөс өөр эрх эдлэхгүй” гэж байсан юм. УИХ-ын гишүүд чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, харин Засгийн газрын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл манай сайд нар чуулган дээр орж ирээд “Би УИХ-ын гишүүнийхээ хувьд ярьж байна” гэдэг. Энэ байдлыг шийдэх ёстой байхгүй юу. Харамсалтай нь энэ заалт УИХ-ын босгыг давж чадсангүй. 

No comments:

Post a Comment