Monday, January 23, 2012

Авлигыг дөрвөн фронтоор шахна

эх сурвалж: http://politics.news.mn/content/94600.shtml

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Я.Батсуурь нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд УИХ-ын хэсэг гишүүн гурван жилийн өмнө Авлигын эсрэг бүлэг байгуулж, улмаар есөн гишүүн уг хуулийг өргөн мэдүүлж хэлэлцүүлэн батлуулсан нь энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийсэн том ажлуудын нэг болохыг хэллээ. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байгаа үзүүлэлт бол авлига. Дэлхийн 186 орноос энэ талын үзүүлэлтээрээ Монгол Улс 120-д яваа гэдгийг тэрбээр хэлсэн юм. Хуульд төрийн албыг илүү өргөн утгаар нийтийн алба хэмээн томъёолжээ. “Нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн болон төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтныг ойлгоно” хэмээн хуульд заасан байна. 
Эрх мэдэлтнүүдийн авлига авах, ашиг сонирхлын зөрчилд автах боломжийг хаасан уг хууль долдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Нийтийн албан тушаалтан анх ажилд орохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөх бөгөөд цаашид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгч байхаар болжээ. 

Гишүүн Х.Тэмүүжин уг хуулийг эрх мэдэлтнүүдийн зан авирыг өөрчилж чадах хууль хэмээн тодотгож байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд дагалдан гарсан юм. Авлига хэмээх үзэгдлийг энэ дөрвөн хууль дөрвөн фронтоор шахна гэдгийг Х.Тэмүүжин гишүүн онцолж байв. Түүгээрээ албан тушаалтанд халтай, иргэдэд ашигтай хууль болжээ. Тухайн тендэр шалгаруулах комисст орсон хүн гэхэд тендэрт оролцож буй компаниуд дотор хамаатан садан, найз нөхөд байхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж гарын үсэг зурахаар болжээ. Хэрэв хамаатан садны компани тендэрт ялж, ашиг сонирхлын зөрчилтэй нь илэрвэл авлигын хэрэгт тооцох юм байна. Шинээр баталсан хуульд авлигын найман төрлийн зөрчлийг хуульчилж өгчээ. Эхэлж хэрэг үйлдвэл албан тушаал бууруулах, давтан үйлдвэл албан тушаалаас чөлөөлөх гэх мэт шат дараалсан арга хэмжээ авахаар болсон байна. Үүнээс өмнө хариуцлагын тогтолцоо тодорхой бус байсныг ийнхүү тодотгож өгчээ. 

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нийтийн албан хаагч үндэслэлгүйгээр гэнэт баяжвал эрүүгийн гэмт хэрэгт татах заалт оруулсан байна. Ингэснээр авлига, сонирхлын зөрчилтэй тэмцэх хуулийн бүрэн зохицуулалттай болсныг гишүүн Х.Тэмүүжин хэлсэн юм. Ийм хууль гарснаар АТГ “жараахай”-тай хөөцөлдөх бус баяжиж хөлжсөн “акулууд”-ыг барих эрх зүйн орчин бүрджээ. Улс төрийн нам, төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл зэргийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн дээр тавибал сонирхлын зөрчил, авлигын зөрчил болно гэдгийг төрийн албан хаагчдад анхаарууллаа. АТГ хуулиа хэрэгжүүлж акулуудыг бариад эхэлбэл Монгол Улс авлигын индексээрээ 120 дугаар байраас урагшилж, 100-гаас дотогш байранд шилжинэ гэдэгт гишүүд итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Гишүүн Я.Батсуурийн хэлснээр Эрүүгийн хуульд авлига өгсөн, авсан хоёуланг шийтгэх заалт байдаг. Тэгвэл удахгүй авлига авсныг хатуу шийтгэж, өгснийг өршөөдөг хуулийн төсөл өргөн барих гэж байгаа аж. Мөн Монголд улс төрийн намуудыг дагасан авлигын том бүлгүүд байдаг гээд хамгийн том авлигажсан байгууллага болох намуудын санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр ажиллах ёстой гэж байв. 

Гишүүн Ж.Энхбаяр Монголын эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэж, хөрөнгө оруулалт өсч, үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байгаа үед, их мөнгө орж ирэхийн урьд төрийн албыг цэгцэлж, цэвэрлэж, авлигаас сэргийлэх хууль гаргаж буй нь чухал ач холбогдолтойг хэлсэн юм. 

Хуулийг хэрэгжүүлэхийн тулд АТГ-ыг шахаж эхэлнэ, АТГ-ын ажиллах орчин 100 хувь бүрдлээ хэмээж байсан юм. Албан үүргээ биелүүлэх явцдаа авлига авсан хүн хэрэгт татагдаж өгсөн хүн хохирогч гэгдэх бол албан үүргээ зөрчиж авлига авсан хүн мөн хэрэгтэн болж өгсөн хүн хариуцлагаас чөлөөлөгдөх юм байна. 

Хуульд зөвхөн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байх явцдаа төдийгүй нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд албан тушаалаар олж авсан нэр хүнд, нөлөө, харилцаагаа ашиглан бусдаас давуу байдал олж авах боломжийг хязгаарлаж өгөх ажээ.

                                Д.ОЮУН

No comments:

Post a Comment