Wednesday, March 14, 2012

Авлигыг шахаж, ааш зөөлрүүлэх хугацааг наашлуулав

Өөрсдийн баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа туйлын хойрго УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар нэг хоригийг туйлын чих зөөлнөөр хүлээн авсан нь ховор тохиолдол байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд манай танай гэж талцалгүй 100 хувийн саналаар хүлээн авсан юм. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, нарийндаа бол авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн мөнгөөр гэнэт баяжиж тэрбумтны тоонд орохоос сэргийлсэн энэ хуулийг эрхэм гишүүд шинэ оны дараахан батлахдаа өөрсдийнхөө бүрэн эрхийг өндөрлөсний дараа буюу долдугаар сарын 15-наас үйлчлүүлэх жижигхэн “заль” зохиосон нь Ерөнхийлөгчийн хараанд өртчихсөн. Уг нь хуулийг анх батлахдаа Х.Тэмүүжин нарын гишүүд тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ гэснийг дийлэнх гишүүн хүлээж авалгүй хойш татчихсан юм. Олон улирсан хашир гишүүд “хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангахад хугацаа хэрэгтэй шүү дээ”  гэж аргадсаар арагш нь болгочихсон хэрэг. 

Friday, March 9, 2012

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав

Эх сурвалж: www.president.mn

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг 2012 оны Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн дүнд шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн дагаж мөрдөх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн хүлээн авч, хуульд холбогдох өөрчлөлтийг оруулав.