Сонирхлын зөрчил гэж юу вэ?

Үндсэн ойлголт

Хүн бүр хувийн сонирхолтой байдаг, хувийн сонирхол нь хувь хүнийг тодорхойлогч гол шинж, хүнээс салшгүй жам ёсны зүйл юм.

Нийтийн албан тушаалтан ч бусдын адил хувь хүн. Иймд тэдний хувийн сонирхол нийтийн сонирхолд үйлчлэх нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Харин зөрчилдсөн сонирхлыг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байхаар зохицуулахгүй бол сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд гүйцэтгэсэн нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг болдог.

Нийтийн алба дахь сонирхлын зөрчил гэсэн ойлголт нь эрх мэдлээ нийтийн сонирхлын үүднээс хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд шийдвэр гаргаж, үүргээ гүйцэтгэхэдээ албаны сонирхолтой нь өрсөлдөхүйц хувийн сонирхол, албан үүргээ шударгаар гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж болохуйц зөрчилтэй нөхцөл байдалд байхыг ойлгодог.

"Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага"-аас гаргасан удирдамжид "нийтийн албан хаагчийн хувийн сонирхол болон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хоорондын зөрчил нь албаны үүргээ гүйцэтгэхэд зүй бусаар нөлөөлж болохуйц байдал" (OECD. 2003) гэж тодорхойлсон байна. Зүй бус нөлөөлөл гэдэг нь нийтийн албаны үүрэг зорилтоо шударгаар биелүүлэхэд харшилж буй шалтгаан юм.

Дээрхээс дүгнэхэд сонирхлын зөрчил гэдэг нь нийтийн итгэлийг хүлээсэн албан тушаалд байгаа этгээд ямар нэг шийдвэр гаргах, албан үүргээ хэрэгжүүлэх тухайн тохиолдолд албаны сонирхолтой нь өрсөлдөхүйц хувийн сонирхол, албаны үүргээ шударгаар гүйцэтгэхэд нөлөөлж болохуйц шалтгаан бүхий зөрчилтэй нөхцөл байдалд орохыг ойлгож болно. Тухайлбал "кронизм", "непотизм" гэх ойлголтууд үүнд хамаардаг бөгөөд энэ нь ажил мэргэжлийн ур чадварыг нь бодитой үнэлэхгүйгээр танил тал, хамтран ажиллагчдад алагчилсан байдлаар давуутай хандах, мэргэжлийн ур чадварыг үл харгалзан танил тал, хамаатан саднаа албан тушаалд томилох, тэдэнтэй гэрээ контракт байгуулах, урамшуулал олгож тал тохой татах зэрэг асуудлаад багтдаг юм.

Сонирхлын зөрчлийг шинж чанараас нь хамаарч дараах байдлаар ангилж болно:
 Бодит
 Харагдахуйц
 Болзошгүй

"Бодит сонирхлын зөрчил" гэж албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхэд хувийн сонирхол нь хангалттай хэмжээнд зүй бусаар нөлөөлж буй нөхцөл байдал.
Жишээ нь: Нийтийн албан тушаалтан дүүгийнхээ компанийг гүйцэтгэгчээр сонгож гэрээ байгуулсан.

"Ойлгогдохуйц сонирхлын зөрчил" нь мэдээлэлтэй иргэд ухаалагаар сонирхлын зөрчил байна гэж үнэмшихүйц байдлыг ойлгоно.
Жишээ нь: Нийтийн албан тушаалтан дээрх жишээтэй адил дүүгийнхээ компанийг гүйцэтгэгчээр сонгож гэрээ байгуулсан. Тухайн тохиолдолд дүүгийнхээ компанийг сонгох нь нийтийн албанд ашигтай байж болно. Мөн нийтийн албан тушаалтан энэ тохиолдолд хувийн сонирхолд авталгүй шийдвэр гаргасан гэж өөрөө итгэж үнэмшсэн байж болно. Гэвч энэ тохиолдолд нийтийн албанд ашигтай учраас уу эсвэл хувийн сонирхлын үүднээс тухайн шийдвэрт хүрсэн үү гэдгийг ялгах боломжгүй. Нэгэнт хувийн сонирхол хутгалдсан тул шийдвэр нийтийн сонирхлын үүднээс гарсан гэдэгт эргэлзэх үндэслэл үүсдэг учраас энэ төрлийн сонирхлын зөрчлийг зохицуулах шаардлагатай болдог.

"Болзошгүй сонирхлын зөрчил" нь одоогоор сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсээгүй ч ирээдүйд бодит зөрчилд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг ойлгоно.
Жишээ нь: Албан тушаалтан нь ажил үүргийнхээ дагуу А компанитай холбогдох шийдвэр гаргах болсон ба тухайн албан тушаалтны гэр бүлийн хүн уг компанийн захирлаар 7 хоногийн дараа томилогдох нь тодорхой болсон. Энэ тохиолдолд сонирхлын зөрчил үүсээгүй боловч уг нөхцөл байдлаас ирээдүйд сонирхлын зөрчил бий болох нь гарцаагүй байна.

Нийтийн албан тушаалтан нь бодит сонирхлын зөрчил, бодит сонирхлын зөрчилд хүргэж болзошгүй болон сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд өөрийгөө оруулахаас зайлсхийх арга хэмжээ авах үүрэгтэй.

Албан тушаалтанд зөрчилт байдлыг үүсгэж буй хувийн сонирхлыг бүхэлд нь тоочин тодорхойлох боломжгүй. Тиймээс хувийн эд хөрөнгө болон гэр бүлийн сонирхол, бусдын өмнө хүлээсэн аливаа үүрэг, шашны, хамт олны, нутаг усны нэгдэл, мэргэжлийн, улс төрийн, намын харилцаа холбоо гэх мэтээр нийтийн албан тушаалд байгаа этгээд тухайн нөхцөлд үүргээ гүйцэтгэхэд зүй бусаар нөлөөлнө гэж ухаалагаар дүгнэж болох ямар ч хувийн сонирхол сонирхлын зөрчилд хүргэж болно гэж үздэг.

Сонирхлын зөрчлийг зохицуулсны ач холбогдол
Авлигаас наагуурх олон төрлийн зөрчлүүд зохицуулалтад орж, хариуцлага тооцох боломжоор хангагдах ба тухайн зөрчлүүдэд таарсан хариуцлагыг ялгамжтай бөгөөд үр нөлөөтэй байдлаар оногдуулснаар өмнө дурьдсан сөрөг байдалд хүргэхгүй урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтнуудын дунд сонирхлын зөрчилтэй байдалд орохгүй байх хүсэл эрмэлзлэл буюу шинэ ёс зүй бий болох ач холбогдолтой.
Мөн сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөл байдлуудыг анхнаас нь шийдвэрлэдэгээрээ нийтийн албан тушаалтныг "авилгад идэгдсэн, ажлаа хийдэггүй" гэсэн олон түмний хоосон хардлагад өртөхөөс давхар хамгаалдаг.
Сонирхлын зөрчлийг зохицуулах ач холбогдлыг нөгөө талаас нь бас сонирхлын зөрчлийг зохицуулаагүй тохиолдолд гарах үр дагаврын сөрөг байдлаар тодорхойлж болно.

Cонирхлын зөрчлийг зохицуулахгүй бол:
Ардчиллын мөн чанар гажуудах, олон нийтийн итгэл алдрах. Ардчиллын мөн чанар нь эрх мэдэлд байгаа хүмүүс энэхүү эрх мэдлээ хувьдаа бус олон нийтэд зориулана гэсэн итгэл билээ. Сонирхлын зөрчлийн зохицуулалтгүй байдал нь иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, нийтийн албаны нэр хүндийг унаган, сайн засаглалын талаарх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлдөг.
Нийтийн албаны үр ашиггүй үйлчилгээ. Албан тушаалтан эрх мэдлээ ашиглан хувьдаа ашиг орлого олох, албаны бүрэн эрхээрээ дамжуулан өөртөө давуу байдал бий болгох зэргээр нийтийн албаны үйлчилгээг үндсэн зорилгоос нь гажуудуулж, үр ашиггүй болгох, нийтийн хөрөнгийг зүй бус ашиглахад хүргэдэг.
Нийтийн өмч, улс орны эдийн засагт учрах хохирол. Төрийн болон хувийн секторын хооронд явагдаж буй асар их хэмжээний гэрээ хэлцэл, мөнгөний хэмжээг харгалзан үзвэл зохицуулаагүй сонирхлын зөрчил нь шударга өрсөлдөөн, нөөц хувиарлалтыг гажуудуулан үргүй зардал гаргаж, хувийн хэвшлийн өрсөлдөөнд эдийн засгийн зүй ёсны хөгжлийг хязгаарлаж, хөрөнгө оруулалтыг сааруулах байдлаар нөлөөлнө.

Сонирхлын зөрчил ба авлига
Сонирхлын зөрчил гэсэн ойлголт нь нэг талаас нийтийн албан тушаалтны ёс зүйн шаардлага, нөгөө талаас авилгын сүүдэр, шалтгаан болж яригдсаар ирсэн.
Нийтийн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэхэд хувийн сонирхол зүй бусаар нөлөөлсөн үед авлига бий болдог нийтлэг зүй тогтол байдаг. Сонирхлын зөрчил нь авлига биш, харин авлига бий болох хөрс суурь, шалтгаан болдог. Товчоор хэлбэл авлига бол сонирхлын зөрчлийн төгсгөлийн шат юм. Тиймээс сонирхлын зөрчлийг зохицуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх томоохон механизмд тооцогддог.
Түүнчлэн авлига нь гэмт хэрэг бол сонирхлын зөрчил нь авлигатай харьцуулахад албан тушаалаа зүй бусаар ашиглан хувьдаа санхүүгийн ашиг олохгүй ч албан үүргээ субьектив, танил тал харсан, алагчилсан байдлаар гүйцэтгэхэд хүргэдэг ихэвчлэн гэмт хэрэг болж хуульчлагдаагүй олон төрлийн зан үйлийн хэлбэрүүдийг багтаадаг.

Иймээс төрийн албан тушаалтны хувийн сонирхол албан үүрэгтэй зөрчилдөхөд үүнийг зөв тодорхойлж, зөв удирдаж, оновчтой зохицуулахгүй бол сонирхлын зөчил нь төрийн нөөцийг урвуулан ашигласан хууль бус үйлдэл, авилга болдог байна.

Сонирхлын зөрчлийн илрэх хэлбэрүүд
Сонирхлын зөрчлийн нийтлэг хэлбэрүүдээс дурдвал:
 Албан тушаалтан хувийн сонирхлыг нь хөндөж буй шийдвэр гаргахад оролцох, эрх мэдэл, албан тушаалын байдал, танил талын хүрээгээ ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх гэх мэт;
 Oлон нийтэд нээлттэй бус албаны мэдээллийг хувьдаа ашиглах, ашиглахыг бусдад зөвшөөрөх;
 Албан тушаалтан албаны байр сууриа ашиглан өөрийн хувийн сонирхолтойгоо хамтрах;
 Албан тушаалтан албан харилцаатай этгээдээс бэлэг, үйлчилгээ авах, хариуд нь ямар нэг давуу байдал олгох;
 Ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө ивээл үзүүлж, давуу эрх олгох;
 Албан тушаалтан албан үүрэгт нь нөлөөлөхүйц болон хяналт тавих үүрэгт нь багтдаг бусад байгууллагад давхар ажил эрхлэх, үйл ажиллагаанд нь өртөж буй аж ахуйн нэгжийн удирдах байгууллагын гишүүн байх;
 Албан тушаалтан нь албанд байхдаа олж авсан мэдээлэл, харилцаа холбоог ашиглан албанаас гарсны дараа өөртөө ашиг олох, үйл ажиллагаанд нь өртөж байсан байгууллагад шууд ажилд орох гэх мэт.

Сонирхлын зөрчлийн дийлэнх хэлбэрүүд хөгжсөн болон хөгжиж буй орнуудад элбэг тохиолддог ч, зарим төрлийн үр ашиг олж авах, нөлөөлөх зэрэг хэлбэрүүд хөгжиж буй орнуудад нийтлэгээр илэрдэг. Ажлаас гарсны дараах сонирхлын зөрчил сүүлийн үед нэлээд ихэсч байгаа бөгөөд нийтийн албыг орхисны дараах асуудал учир хянахад хүндрэлтэй байдаг. Мөн энэ төрлийн зөрчил ажлаас гараагүй байхад ч эхэлж болно, жишээ нь албан хаагч нь аж ахуйн нэгжид давуу байдал олгож хариуд нь албанаас гарсны дараа ажилд орно хэмээн итгэх, эсвэл амлалт авч болно.

Сонирхлын зөрчлийн зохицуулалт
Сонирхлын зөрчлийг оновчтой зохицуулах нь сонирхлын зөрчлийг зохицуулаагүй үеийн сөрөг үр дагаварт хүргэхгүй байх, төрийн шийдвэрийн шударга байдлыг хамгаалахын тулд нийтийн сонирхол болон нийтийн албан тушаалтны хувийн сонирхлын хоорондын тэнцвэрийг хадгалах зорилготой. Энэ нь мэдээж нийтийн албан тушаалтныг хувийн сонирхолгүй байлгах явдал биш. Хэт чанга хатуу арга барил нь нийтийн албан тушаалтны бусад эрхүүдийг зөрчиж чадварлаг ажилтнуудыг нийтийн албанд ажиллах сонирхолгүй болгож болзошгүй. Сонирхлын зөрчлийн зохицуулалтын нэн тэргүүний зорилго бол нийтийн албаны бодлого, захиргааны шийдвэр гаргалтын шударга байдлыг хамгаалах, бүхэлдээ төрийн удирдлагын шударга байдлыг хамгаалах юм. Улс орнууд сонирхлын зөрчлийг хууль тогтоомжоор эсвэл нийтийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр зохицуулах нь нийтлэг байдаг.

Сонирхлын зөрчлийг зохицуулахад:
Нэг. зайлсхийх болон урьдчилан сэргийлэх,
Хоёр. шийдвэрлэх,
Гурав. хариуцлага тооцох гэсэн гурван гол механизмыг хэрэглэдэг.

Сонирхлын зөрчлөөс зайлсхийх болон урьдчилан сэргийлэх
Зохицуулалтын энэхүү механизмын хүрээнд сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөл байдлыг хянах, олж илрүүлэх зорилгоор бүртгэх, сонирхлын зөрчлийн мэдүүлэг авах, мөн сонирхлын зөрчилтэй байдалд орж болзошгүй нийтийн албан тушаалтан уг байдлаас зайлсхийх ёс зүйн үүргийг тодорхойлж, оноох зэрэг арга хэмжээнүүд байдаг. Үүнээс гадна сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмын нэгэн томоохон зохицуулалтын арга бол сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөл байдлыг хориглох явдал юм.

Зохицуулалтын энэхүү механизмын агуулга нь сонирхлын зөрчил илрэн гардаг гол нөхцлүүдийг тодорхойлон, тухайн нөхцөл байдалд хүргэхгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтны тодорхой зан үйл, үйлдлийг хязгаарлаж хориглодог.

Сонирхлын зөрчлийг шийдвэрлэх
Энэхүү зохицуулалт нь нийтийн албан тушаалтан нэгэнт сонирхлын зөрчилд орсон тохиолдолд шийдвэрлэх арга замыг агуулдаг бөгөөд дараахь шийдлүүд байж болно:

 Нийтийн албан тушаалтан сонирхлоо зарлах
Зарим зөрчлүүд зөвхөн бүртгэгдэж, шийдвэр гаргалтад өртөж буй хүмүүст ил болж зарлагдсан байхад л хангалттай байхуйц ялимгүй зүйлс байдаг. Жишээ нь албан тушаалтан нэгэн компанид нийтийн албаны үүрэгт нь зохисгүй нөлөөлөл үзүүлэхээргүй маш бага хэмжээний хувь эзэмшдэг байж болно. Ийм тохиолдолд, бусад оролцогчид албан тушаалтны шийдвэр гаргалтанд оролцохыг эсэргүүцэхгүй байж болно. Хэрэв эсэргүүцвэл, албан тушаалтан цаашид оролцохоос өөрөө татгалзах хэрэгтэй.

 Хувийн сонирхолд нөлөөлөх шийдвэр гаргалтанд албан тушаалтан оролцохоос татгалзах
Нийтийн албан тушаалтын шашны, мэргэжлийн, нам улс төрийн, үндэс угсааны, гэр бүл болон бусад харилцаа холбоо нь албаны шийдвэр гаргалтын шударга байдалд нөлөөлөхгүй байх ёстой. Үүнтэй зэрэгцээд нийтийн албан тушаалтан нь хувийн санхүүгийн сонирхол, шийдвэр гаргалтын шударга байдалд эргэлзээ төрүүлэхүйц харилцаа холбооноосоо салах, хязгаарлах шаардлагатай. Ингэх боломжгүй бол жишээлбэл, гэр бүл хүүхэдтэйгээ харилцах харьцаагаа ажлаасаа болж орхих нь боломжгүй тул ийм тохиолдолд эдгээр хүмүүсийн хувийн сонирхолд нөлөөлөх шийдвэр гаргалтанд оролцохгүй байх шаардлагатай байдаг.

 Албан үүргийг зөрчил үүсэхгүй чиг үүрэгт шилжүүлэх
 Албан хаагчийн ажил үүргийг дахин өөрчлөн тодорхойлох
 Зөрчил үүсгэх чиг үүргээс чөлөөлөх

Хариуцлага тооцох
Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хориглох, сонирхлын зөрчлийг шийдвэрлэж зохицуулсан хэм хэмжээг нийтийн албан тушаалтан зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох механизм ажилласнаар сонирхлын зөрчлийн зохицуулалт тунхаг төдий биш болж хэрэгжих бодит нөхцлөөр хангагддаг. Хариуцлагын төрлүүдийг дурдвал:
 Сануулах
 Цалинг тодорхой хэмжээгээр бууруулах
 Мөнгөн торгууль ногдуулах
 Хууль бус үйл ажиллагааг нь хүчингүй болгох
 Албан тушаалаас бууруулах
 Нийийн албанаас халах