УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Сонирхлын зөрчлийн тухай хуулийг өнгөрөгч пүрэв гаригт УИХ-аар батлуулсан. Гэвч уг хууль маань хэр том хууль орж ирээд, хэлэлцүүлгийн явцад хичнээн зүйл заалт нь танагдсан бэ? Нэлээд зовлон туулж, эсэргүүцэлтэй тулгарч байж гарсан хууль шүү дээ.
-Дөрвөн хуулийн төсөл оруулж ирсэн юм. Сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Сонирхлын зөрчлийн тухай хууль нь дангаараа 30 зүйлтэй, нэлээд том хууль. УИХ-д өргөн баригдсаны дараа нэлээн эсэргүүцэлтэй тулгарч, хуулийн үзэл санааг үгүйсгэх, ойлголцлын зөрүүгээс болоод хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагууд давамгайлж байсан. Өргөн баригдсанаас хойш жил нэг сарын дараа батлагдаж байна. -Тэгвэл харин ч санаснаас хурдан баталсан юм байна. Хэлэлцүүлгийн явц их сүр дуулиантай, нийгмийн зүгээс хүлээлт их байсан учраас удаан санагдсан байх, тийм үү?
