Monday, April 18, 2011

Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн эргэн тойронд сэдэвт хэлэлцүүлэг болж байна

УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэгдэх Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн ач холбогдол, үр нөлөөний талаар олон нийтэд түгээх, мэдээлэх олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн, “Авлигын эсрэг” УИХ-ын гишүүдийн бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудтай энэхүү хуулийн төслийн талаар ярилцаж санал бодлоо хуваалцсан уулзалт 4-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтанд оролцсон оюутан залуус энэ хуулийн ач холбогдлын талаар өндрөөр үнэлсэн бөгөөд энэ хууль батлагдаж чадвал Монгол улс авлигын эсрэг хийж буй нэг том алхам болох юм гэдгийг цохон тэмдэглэж байв.

Мөн энэ долоо хоногт “Авлигын эсрэг” УИХ-ын гишүүдийн бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Я.Батсуурь, Ж.Энхбаяр нар Төрийн Удирдлагын Академи мөн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Шихихутаг Хууль зүйн дээд сургууль, Их засаг их сургуулиудын эрдэмтэн, багш, сонсогч нартай энэ хуулийг танилцуулан, санал солилцох уулзалт болно.

Х.Тэмүүжин: Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно

Мэдээллийн эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=9676

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр хэвлэлийнхэнд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Уг хуулийн төслийг тэрбээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нартай хамтран боловсруулсан аж. Хурлын дараа түүнээс зарим зүйлийг тодруулав. 
-Тус хуулийн гол зангилаа нь юу байх вэ?
-Энэ хууль батлагдсанаар авлигатай тэмцэх ажил нэг шатаар ахина. Мөн үүний зэрэгцээ авлигыг цэцэглүүлж байгаа эрх зүйн орчнуудыг хязгаарлах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад цоо шинэ механизм үйлчлэх болж байгаа юм. Жишээ нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд төдийгүй төрийн албан хаагчид Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно. Ингэснээр албан тушаалаараа памжуулан хувийн эрх мэдлээ дээгүүрт тавих байдлыг хязгаарлах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь манай улсад өнөөдөр Сонирхлын зөрчлийг цэглэх хууль, эрх зүйн орчин үйлчлэхгүй байгаагаас хувийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн албанд ажилладаг хэсэг багагүй хувийг эзлэх болжээ.

Ж.Сүхбаатар олон нийтээс дэмжлэг хүсэв

2011. 04. 13.
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/62574.shtml
 
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр орой МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутнуудтай уулзаж “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн төслийн талаар ярилцсан байна. Авлигын эсрэг гишүүдийн бүлгийн зүгээс уг төслийг боловсруулсан боловч парламентын төвшинд дэмжлэг авч чадахгүй байгаа тул ийнхүү залуустай уулзаж олон нийтийн зүгээс дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.  

Friday, January 28, 2011

Авлигын эсрэг хууль хийгээд ашиг сонирхлын зөрчил


ННФ-ын менежер Ж.Баярцэцэг

Авилгалтай тэмцэх,  түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэх зорилгоор авилгалын эсрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм.  Энэхүү хуулийн төслөөс үззэхэд авилгалтай тэмцэх байгууллагын эрхзүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг түлхүү зохицуулжээ. Түүнчлэн авилгалтай тэмцэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхойлсон авч  урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохицуулалт нь учир дутагдалтай болжээ. 

Авилгалаас урьдчилан сэргийлэх  нэг гол нөхцөл нь сонирхлын зөрчлийг хуулиар сайн тодорхойлж зохицуулах явдал юм.  Хуулийн  төсөлд сонирхлын зөрчлийн талаарх тодорхойлолт байхгүйн зэрэгцээ төслийн долдугаар зүйлд авилгалаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой албан тушаалтнуудын тодорхой үйлдэл хийхийг хориглохоор  заасан нь хангалтгүй юм.

Я.Батсуурь: Төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болно


batsuuri_ya_uih УИХ-ын гишүүн Я.Батсуурь, С.Оюун, Х.Тэмүүжин, Х.Баттулга, Ж.Сүхбаатар нарын есөн гишүүн Нийгмийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс уръдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ хууль батлагдсанаар зохицуулалт, хяналтгүй байгаа албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс болно. Эрх бүхий дарга, даатлууд албаны бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох затаар авлигад холбогдохоос урьдчилан сэргийлэх гэж төсөл санаачяагчид үзэж байна. Энэ талаар Я.Батсуурътай ярилцлаа. 

Монголд сонирхлын зөрчил байна уу?

2010 оны 12 сарын 16
  Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/45129.shtml
УИХ-ын нэр бүхий гишүүд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Төрийн албанд нүүрлээд байгаа авлигын эсрэг тэмцэхийн тулд хамгийн түрүүнд төрийн албан тушаалтнуудын сонирхлын зөрчлийг хязгаарлаж, хуульчилж өгөх ёстой гэж хууль санаачлагчид хэлж байна. Тиймээс бид энэ удаа,

1.Сонирхлын зөрчил Монголд байна уу, байгаа бол ямар хэлбэрээр?

2.Сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах ёстой юу, өргөн баригдсан хуулийн төслийн талаар та ямар саналтай байна вэ?

3.Сонирхлын зөрчлийн тухай хуулийг батлан гаргахад манай улстөрчид бэлэн үү? 

гэсэн гурван асуултад УИХ-ын гишүүдээс нэгэн зэрэг хариулт авсан юм. Сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар бид өмнө нь хоёр ч удаа хууль санаачлагчдын тайлбарыг хүргэсэн тул энэ удаа гишүүдийн байр суурийг сонслоо.

Л.Гантөмөр: Шууд мэтгэлцээний хэлбэрт оруулчихгүй бол энэ хууль дэмжигдэнэ

-Сонирхлын зөрчил гурван зүйл дээр харагддаг. Нэгдүгээрт УИХ-ын гишүүд хууль батлахдаа сонирхлын зөрчилд орж байна. Өөрийн эрхэлдэг бизнес, аж ахуйн салбартай нь холбоотой зохицуулалт хийж байгаа хуулийн төслүүд дээр ороод, ажлын хэсэг ахлаад ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихдаа өөрийнх нь бизнес эрхэлдэг салбартай холбоотой яамыг тэргүүлж байна. Барилгын бизнес эрхэлдэг хүн Барилгын яам толгойлох жишээтэй. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Өөрийнх нь, эсвэл гэр бүлийнх нь хүн бизнесийн байгууллагад ажилладаг, хувьцаа эзэмшдэг тохиолдолд тэр чиглэлийн үйл ажиллагааг хариуцдаг яамыг толгойлж болохгүй. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бизнес эрхэлдэг хүн Хөдөө аж ахуйн яамыг удирдаж болохгүй нь байна. Төрийн албан тушаалтан төрийн боддлого шийдвэрийг өөрийн болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн явуулдаггүй байх ёстой. Сонирхлын зөрчлийн гурав дахь хэлбэр нь тодорхой албан тушаал хашиж байгаад ажлаасаа гарахдаа өөрийн эрхэлж байсан салбарт бизнес хийх, мэдээллийн давуу байдлаа ашиглах явдал. Хөдөө аж ахуйн яаманд удирдах албан тушаал хашиж байсан хүн ажлаасаа гарангуутаа хөдөө аж ахуйн компанийн захирал болоод явчихаж байна гэдэг бас л сонирхлын зөрчилд орсны нэг хэлбэр. Ийм л учраас Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Нэг хуулиар шийдэж чадахгүй байна л даа. Угаасаа сонирхлын зөрчилд орохгүй байна гэдэг маань өөрөө улс төрийн их том соёл юм, улс орон болгон л үүний төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж байна.

Сонирхлын зөрчлөө ”хазаарлах”-ыг дэмжив

2011 оны 1 сарын 17
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50181.shtml

Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль шаардлагатай байгааг сүүлийн гурван жил ярьсан билээ. Тиймээс ч гишүүд төрийн өндөр албан тушаалтан, эрх баригчдын сонирхлын зөрчлийг хазаарлах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан ч өнөөг хүртэл хүчин төгөлдөр хууль болоогүй. Хамгийн сүүлийнх нь буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд санаачлан боловсруулсан. УИХ-ын гишүүдээс энэ хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхийг асуулаа. Дэмжиж байгаа бол хуулийн хамрах хүрээ, хуульд ямар зохицуулалт орох ёстой вэ гэсэн асуултад эрхэм гишүүд ийн хариулж байна.

Ц.Сэдванчиг: БУСАД ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ САЙН ХЯНАХ ХЭРЭГТЭЙ

-Манай намын бүл­гээс гарсан хуу­лийн төслийг бо­ловс­руулах ажлын хэс­гийг би ахалж бай­гаа. Авлигын эс­рэг, авлигыг буу­руу­лах, төрийн эрх мэдлийг ашиг­лаж бизнес хий­дэг, баяждаг, хуй­валддаг тогтолцоог болиулах зорил­готой хууль. Болиулдаггүй юм гэхэд ба­гасгах байх. Энэ утгаар нь би дэмжиж байгаа. Гэхдээ гишүүдийн өр­гөн барьсан хуулийн төслийн зүйл заалтыг харахад Үндсэн хууль, УИХ-ын тухай хуультай харшилж байгаа зүйл байсан. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн байсан. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газ­рын гишүүн болсон бол байнгын хороо, УИХ-ын чуулган дээр санал өгөх л эрхтэй гэсэн байгаа. Бусад эр­хийг нь хязгаарлахаар Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний бие даасан байдалтай зөрчилдөж бай­на уу гэдгийг анхаарах ёстой. Тө­рийн албан тушаал, эрх мэдлээ ашиг­лаж бизнес хийдэг. Тэр нь улс орны эрхийг ашгийг хохироож, төрийн нэр хүндийг унагаадаг. Эдийн зас­гийн сонирхлоор төрийн ажил явуул­дгаас болж Монгол төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс со­нирх­лын зөрчлийг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай. Одоо хуульчлаагүй л болохоос хэнд, ямар сонирхлын зөрчил байгаа нь мэ­дэгддэг. Мөн төрийн чухал ал­бан тушаалд өөрсдийнхөө хүнийг то­ми­луулдаг. Түүгээрээ дамжуулж бизнес хийдэг. Эргээд нөгөө хүнээ хам­гаалдаг жишиг бий. Тиймээс ал­бан тушаалын наймааг зохицуулах зүйл заалтууд хуулийн төсөлд орсон байна лээ. 

Сонирхлын зөрчилгүй байхыг гишүүд дэмжиж байна

2011 оны 1 сарын 21
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50952.shtml

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хууль шаардлагатай байгааг олон хүн хэлж байгаа. Гэсэн хэдий ч ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах дорвитой хууль гаргаагүй өдийг хүрсэн. Харин Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа эсэхийг сонирхсон юм. Хэрэв уг хуулийг дэмжвэл цаашид юун дээр анхаарах ёстойг ч тодрууллаа. 

Ч.Улаан: ХУУЛЬ ГЭДЭГ АГУУЛГААР НЬ ДЭМЖИЖ БАЙНА

-Ашиг сонирх­лын зөрчилдөөний тухай хууль гарах ёстой гэж бодож байна. Би хууль гэдэг агуулгаар нь үүнийг дэм­жиж байгаа. Хэ­лэл­цүүлгийн яв­цад олон талаас ярих байх. Тэр үед тодорхой заал­тууд дээр нь ярина. Ер нь ашиг сонирхол, эрх ашгийн зөрчил гар­даг уу гэвэл гардаг. Иймээс хуу­лиар хатуу зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш манай улсад энэ асуудлыг ёс зүйгээрээ зохицуулаад явах соёл алга байна. Тэгэхээр хуулиа сайн хэлэлцэж, гаргах шаардлагатай. 

Thursday, January 27, 2011

Сонирхлын зөрчлийн хуулийг та дэмжих үү?

2011 оны 1 сарын 12
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/49413.shtml

Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхлэх ёстой байсан ч хойшиллоо. Оны өмнө хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн энэ хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхлэх бололтой. Төрийн албан хаагчид болоод албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос тусгаарлах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн цэвэр тунгалаг байдлыг бий болгох тухай хууль л даа. Бид үүний өмнө “Сонирхлын зөрчил Монголд байна уу?“ гэсэн асуултаар УИХ-ын гишүүд, улстөрчдөд хандаж, асуулга явуулахад бүгд нэгэн дуугаар “Ашиг сонирхлын зөрчил Монголд байна. Нэн ялангуяа төрийн албыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашигласаар байна. Тийм учраас сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах хэрэгтэй” гэж хариулсан билээ. Тиймээс энэ удаа УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байгаа Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төслийг та дэмжиж байна уу? Дэмжиж байгаа бол, үгүй бол яагаад? гэдэг асуултад хариулт авч, гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

Э.БАТ-ҮҮЛ: Нийтээрээ энэ хуульд анхаарал хандуулах ёстой

-Дэмжихээр барах уу. Их чухал ач холбогдолтой хууль. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглах явдал хязгаарлагдана. Өнөөдөр манай нийгэмд ард түмний тусын тулд ажиллах үүрэг хүлээж төрийн эрх мэдэлд гарч ирсэн хүмүүс, хэсэг бүлэг энэ эрх мэдлийг өөрийнхөө сайн сайхны төлөө ашиглах, ажиллах явдал дэндүү газар авсан. Нийгмийн ашиг сонирхлын төлөө үйлчлэх ёстой хүмүүс маань хувийнхаа ашиг сонирхолд захирагдаад байна. Одоохондоо зарим нь энэ хуулийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байж магадгүй. Тиймээс нийтээрээ наад хуульд анхаарлаа хандулах ёстой. Наад зах нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн тухайн асуудлаар шийдвэр гаргахад оролцдог байдлыг зогсоох хэрэгтэй.

Сонирхлын зөрчлийг хуульчлах уу?

Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50095.shtml
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газартай хамтарч 2009 оны тавдугаар сард Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээр Нээлттэй сонсгол хийсэн билээ. Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэргээр хийсэн Нээлттэй сонголын дараах хоёр дахь сонсгол болсон юм. Харин энэ сонсголын дараа УИХ-ын гишүүд болон олон нийтээс “Авлигатай тэмцэх газар жинхэнэ “тул”-нуудаа барьж чаддаггүй, “жараахай”-нуудтай л хөөцөлддөг юм байна шүү дээ” гэсэн шүүмжлэл хүлээсэн билээ. Гэвч үнэн хэрэгтэй тэр “жараахайнууд”-аа ч барьж чадахааргүй хууль эрх зүйн орчинтой байсан гэдгийг “Иргэний танхим”-д болсон хэлэлцүүлгийн үеэр гишүүн Х.Тэмүүжин хэлсэн. Ийм хууль эрх зүйн орчинтой нөхцөлд авлигатай тэмцэнэ гэдэг нь нийгэмд хий хоосон сенсааци дэгдээх, “скандал” үүсгэхээс цаашгүй байдаг гэдгийг анх 2006 онд АТГ-ыг байгуулснаас хойшхи бараг дөрвөн жилийн ажил бэлхнээ харуулсан билээ. АТГ-ын нөхөд энэ хугацаанд сумын сургуулийн эрхлэгч, гаалийн хэдэн байцаагч, торгуулийн мөнгө хувьдаа завшсан замын цагдаагийн хэргийг л шийдсэнээс бус өөр олигтой үр дүн гараагүй билээ. Харин энэ газарт шалгагдаж байсан нөгөөх “акул”-ууд хэмээх том хэрэгтнүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бүгд л “улс төрийн ямар нэгэн учир шалтгаанаар хэлмэгдсэн” болж таараад, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн.