Хуулийн үзэл баримтлал

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Их Хурлын 2005 онд соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенциор хүлээсэн "....ил тод байдлыг дэмжих, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэх, ...Төрийн албан тушаалтан нь төрийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх чиг үүрэгтэй нь холбогдуулан сонирхлын зөрчил үүсгэж болох албан үүргээс гадуурх үйл ажиллагаа, ажил, хөрөнгө оруулалт, хөрөнгө, том хэмжээний бэлэг буюу ашиг орлогын талаар эрх бүхий холбогдох байгууллагад мэдүүлж байх арга хэмжээ, тогтолцоог зохих тохиолдолд дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн тогтоох " талаар дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д тусгагдсан "Төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэх, авлигыг арилгах, албан хаагчийн үйл ажиллагааг ил тод болгож сонирхолын зөрчлөөс ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх " зорилтыг хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд "Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах", "Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах", "Эрүүгийн хуульд нэмэлт оруулах" тухай хуулиудын төсөлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна.

Монгол Улсад засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн эдгээр хуулийн төслийг боловсруулсан болно.

Сонирхолын зөрчлийг зохицуулсан хуультай болсноор одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд энэ нь нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаас нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авлигад холбогдохгүй байх, авлигаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчмыг хангах, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, төрийн албаны уламжлалт хандлага, ажлын арга барилыг өөрчлөх, шинэ нийгмийн шаардлага, үнэт зүйлсийг төрийн үйл ажиллагаанд бэхжүүлэх зэрэг шинэтгэлийн хүрээнд сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зохицуулалтаас гадна, төрийн албаны нэр томъёо, ойлголтыг шинэчлэх шаардлага үүсч байгаа болно.

Хоёр. Хуулийн төслийн зорилт, хамрах хүрээ, ерөнхий бүтэц

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дараахь асуудлыг шийдвэрлэхийг зорьлоо.

1. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг энэ хуулиар тогтооно. Төрийн байгууллагын удирдлага нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам бүхий ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх, хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах, сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах шалгалт хийх, хариуцлага тооцох, зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон нийтийн сонирхлын хооронд зөрчил үүсгэх тодорхой нөхцөл байдлыг хуулиар хориглох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- Албаны мэдээллийг ашиглахтай холбоотой хориглолт;
- Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт;
- Шийдвэр гаргалтад нөлөөлөхийг хориглох;

3. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд шийдвэр гаргах, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ талаар өөрийн удирдах болон хянах чиг үүрэг бүхий эсхүл тухайн үйл ажиллагааг удирдаж буй албан тушаалтанд мэдэгдэж байх, ийнхүү мэдэгдсэн эсхүл тухайн албан тушаалтны сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлын талаар бусад этгээд мэдээлсэн тохиолдолд холбогдох албан тушаалтан хэрхэн шийдвэрлэх журмыг тогтоолоо.

4. Сонирхлын зөрчлийг хориглох нөхцлийг тусгахаас гадна бүхэлд нь хориглохгүй, тодорхой нөхцөлд хязгаарлагдах ёстой харилцааг тусгах ёстой гэж үзсэн.
Үүнд:
- Сурталчилгаатай холбоотой хязгаарлалт;
- Төлөөлөлтэй холбоотой хязгаарлалт;
- Төлбөр авахыг хязгаарлах;
- Бэлэг хүлээн авахтай холбоотой хязгаарлалт;
- Хандив авахтай холбоотой хязгаарлалт;
- Давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт;
- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хязгаарлалт;
- Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараахь хязгаарлалт;
- Бусад орлогын хязгаарлалт.

Сонирхлын зөрчлийг хориглох болон хязгаарлах зохицуулалтууд тусдаа хуулиар зохицуулагдаж байгаатай холбоотойгоор Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуульд заагдсан сонирхлын зөрчилтэй холбогдсон зөрчлүүдийг тус хуулиудаас хасаж, нөгөөтэйгүүр Авлигын эсрэг хуульд авлигын шинжтэй зөрчлүүдийг тусгайлан хуульчилах шаардлага гарч байна.

Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын гишүүний сонирхлын зөрчлийн асуудлыг давхар ажил эрхлэлт, бусад орлогын хязгаарлалт, хувийн сонирхлын мэдүүлэг хянан шалгахтай холбоотой зүйлүүдээр зохицуулахыг зорьлоо.

5. Нийтийн албанд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор "сонирхлын зөрчилтэй гэж харагдахуйц нөхцөл байдал" гэх ойлголтыг тусгайлан томъёолж, нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хаамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахад энэ нь олон нийтийн зүгээс сонирхлын зөрчилтэй гэж үзэж буй нөхцөлд тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд тайлбар хийх үүрэгтэй байхаар зохицууллаа.
Тухайн албан тушаалтны тайлбар болон хувийн сонирхолын мэдүүлгийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонирхолын зөрчилтай эсэхийг шийдвэрлэхээр журамласан болно.

Мөн УИХ-аас баталсан журмаар шаардлагатай гэж үзсэн нийтийн албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага тооцох, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж байхаар зохицуулж, энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлаг тооцохоор заалаа.

6. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хянах, зохицуулах үндсэн хэрэгсэл болох хувийн сонирхлын мэдүүлгийг гаргах, бүртгэх, хадгалах, нээлттэй байлгах, хянан шалгахтай холбоотой бүлэг харилцааг хуульчилахаар төсөлд тусгалаа.

Хувийн сонирхлын мэдүүлэгтэй холбоотой харилцааг агуулгын хувьд Авлигын эсрэг хуулиар тогтоосон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, хяналттай холбоотой зохицуулалттай ижил төстэй байхаар боловсрууллаа. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэх явцад учирч буй бэрхшээлтэй нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хувийн сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалтны хүрээг хумьсан, мэдүүлгийг хадгалах, хяналт тавих байгууллага, албан тушаалтны харъяаллыг өөрөөр тогтоосон, хувийн сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй буюу хугацаа хожимдуулсан, худал мэдүүлсэн зэрэг зөрчил тус бүрээр хүлээлгэх хариуцлагыг ялгавартай хуульчилсан зэрэг тодорхой зохицуулалтыг тусгасан.

Төслийн энэхүү зохицуулалттай холбогдуулан Авлигын эсрэг хууль дахь хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөх нь илүү оновчтой гэж үзсэн тул холбогдох өөрчлөлтийн саналыг боловсруулсан болно.

7. Авлигатай тэмцэх, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн зорилт болон түүнээс гарах үр дүн нь нийтийн албаны хариуцлагыг бэхжүүлэх явдал юм.

Энэхүү үзэл баримтлалын дагуу нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих болон хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хуулийн хориглосон, үүрэг хүлээлгэсэн харилцаа тус бүрээр зөрчлийн бүрэлдэхүүнийг тодорхойлж хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг тусгав. Мөн энэхүү зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуульд гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож тус бүрд нь холбогдох хариуцлагыг тодорхойлох шаардлагатай гэж үзэн нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж мөрдүүлэх нь дараахь үр дагавартай гэж үзэв.

1. Нийтийн албанд буй авлигын шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн, сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөл байдлыг өөрчилж нийтийн албан тушаалтан нийтийн сонирхолд үйлчлэх зарчмын дагуу дүрэм, журам тогтоох, шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бий болно. Зарим ойлголтын нэр томъёо шинэ нийгмийн агуулгаар шинэчлэгдэж, төрийн албатай холбоотой хуулийн зохион байгуулалт өөрчлөгдөнө.

2. Нийтийн албан тушаалтныг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд ажиллахаас урьдчилан сэргийлж, шударга ажиллахыг шаарддаг байх, сонирхлын зөрчилтэй албан тушаалтнаар тухайн албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, хувийн сонирхлын дагуу албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж болзошгүй тохиолдолд түүний бүрэн эрх, үйл ажиллагааг хянаж, хязгаарлах зохион байгуулалт, удирдлагын эрх зүйн орчин бүрдэнэ.

3. Илтэд хувийн сонирхлыг урьтал болгон нийтийн сонирхлыг хамгаалахаар хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтанд хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс бүрдэнэ.

4. Хувийн сонирхлын мэдүүлэг гаргах, ил тод болгох зохицуулалтын тусламжтайгаар албан тушаалтны сонирхлыг олон нийтэд ил тод болгож, албан тушаалтныг бодитой, үндэслэлтэйгээр олон нийт хянаж шүүмжлэх боломжтой болох, улмаар нийтийн албаны шударга, ил тод үйл ажиллагаанд итгэх итгэл нэмэгдэнэ.

5. Зөвхөн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа төдийгүй нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд албан тушаалаар олж авсан нэр хүнд, нөлөө, харилцаа холбоог ашиглан бусдаас давуу байдал олж авах боломжийг хязгаарласнаар нийтийн албаны үйл ажиллагаанд болон хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимд иргэдийн итгэх итгэл төлөвшинө.

Дөрөв. Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдах талаар болон, цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал

Энэ хуулийн төслийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын гишүүний эрхэмлэн баримлах болон төрийн жинхэнэ албан хаагчийн захирагдан ажиллах ашиг сонирхолыг тотъёолж, зохицуулсан Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 лэх хэсэг, 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндэслэн боловсруулсан болно.

Энэ хуулийг баталсантай холбогдуулан Төрийн албаны тухай болон Авлигын эсрэг хуулийн сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зарим зохицуулалтыг хүчингүй болгох шаардлагатай. Мөн Авлигын эсрэг хуулийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, хариуцлага тооцох талаарх зохицуулалтыг энэ хуулийн зохицуулалттай адил байдлаар өөрчлөх нь хэмнэлттэй бөгөөд үр нөлөөтэй гэж үзсэн тул холбогдох өөрчлөлтийн төслийг боловсрууллаа.



Хууль санаачлагчид