Wednesday, March 14, 2012

Авлигыг шахаж, ааш зөөлрүүлэх хугацааг наашлуулав

Өөрсдийн баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа туйлын хойрго УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар нэг хоригийг туйлын чих зөөлнөөр хүлээн авсан нь ховор тохиолдол байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд манай танай гэж талцалгүй 100 хувийн саналаар хүлээн авсан юм. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, нарийндаа бол авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн мөнгөөр гэнэт баяжиж тэрбумтны тоонд орохоос сэргийлсэн энэ хуулийг эрхэм гишүүд шинэ оны дараахан батлахдаа өөрсдийнхөө бүрэн эрхийг өндөрлөсний дараа буюу долдугаар сарын 15-наас үйлчлүүлэх жижигхэн “заль” зохиосон нь Ерөнхийлөгчийн хараанд өртчихсөн. Уг нь хуулийг анх батлахдаа Х.Тэмүүжин нарын гишүүд тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ гэснийг дийлэнх гишүүн хүлээж авалгүй хойш татчихсан юм. Олон улирсан хашир гишүүд “хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангахад хугацаа хэрэгтэй шүү дээ”  гэж аргадсаар арагш нь болгочихсон хэрэг. 

Friday, March 9, 2012

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав

Эх сурвалж: www.president.mn

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг 2012 оны Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн дүнд шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн дагаж мөрдөх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн хүлээн авч, хуульд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Friday, February 17, 2012

Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн хориг тавилаа

Эх сурвалж: http://www.president.mn/mongolian/node/2439


Уг хоригт: ”Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг үндэс болгон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр тогтоох нь зүйтэй.


Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2012 оны сонгуулиар төрийн түшээд сонгогдож улмаар шинэ Засгийн газар, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллах болно. Энэ хуулийг шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн мөрдөж хэрэгжүүлэх нь нийгмийн хүлээлт, шаардлагад бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.

Monday, January 23, 2012

Авлигыг дөрвөн фронтоор шахна

эх сурвалж: http://politics.news.mn/content/94600.shtml

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Я.Батсуурь нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд УИХ-ын хэсэг гишүүн гурван жилийн өмнө Авлигын эсрэг бүлэг байгуулж, улмаар есөн гишүүн уг хуулийг өргөн мэдүүлж хэлэлцүүлэн батлуулсан нь энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийсэн том ажлуудын нэг болохыг хэллээ. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байгаа үзүүлэлт бол авлига. Дэлхийн 186 орноос энэ талын үзүүлэлтээрээ Монгол Улс 120-д яваа гэдгийг тэрбээр хэлсэн юм. Хуульд төрийн албыг илүү өргөн утгаар нийтийн алба хэмээн томъёолжээ. “Нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн болон төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтныг ойлгоно” хэмээн хуульд заасан байна. 

Х.Тэмүүжин: Энэ бол Монголд таарсан хууль

Эх сурвалж:  http://politics.news.mn/content/94514.shtml
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулийг өнгөрөгч пүрэв гаригт УИХ-аар батлуулсан. Гэвч уг хууль маань хэр том хууль орж ирээд, хэлэлцүүлгийн явцад хичнээн зүйл заалт нь танагдсан бэ? Нэлээд зовлон туулж, эсэргүүцэлтэй тулгарч байж гарсан хууль шүү дээ.
-Дөрвөн хуулийн төсөл оруулж ирсэн юм. Сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Сонирхлын зөрчлийн тухай хууль нь дангаараа 30 зүйлтэй, нэлээд том хууль. УИХ-д өргөн баригдсаны дараа нэлээн эсэргүүцэлтэй тулгарч, хуулийн үзэл санааг үгүйсгэх, ойлголцлын зөрүүгээс болоод хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагууд давамгайлж байсан. Өргөн баригдсанаас хойш жил нэг сарын дараа батлагдаж байна. 
-Тэгвэл харин ч санаснаас хурдан баталсан юм байна. Хэлэлцүүлгийн явц их сүр дуулиантай, нийгмийн зүгээс хүлээлт их байсан учраас удаан санагдсан байх, тийм үү?

Tuesday, November 8, 2011

ХОМ-ийг сайн хэрэгжүүлээгүй нь УИХ-ын буруу

Эх сурвалж: http://politics.news.mn/content/85942.shtml
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Түүгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүдийн дунд хамгийн их яриа өрнүүлсэн сэдэв нь төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ тойрсон асуудал байв. Зөвхөн төрийн дээд албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, яам тамгынхны ХОМ-ыг онлайнаар олон нийтэд дэлгэн харуулдаг. Харин аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, түүнд нэр дэвшин сонгуульд өрсөлдөгчдийн ХОМ ил биш байдгийг гишүүд хэлж байсан юм. 

Wednesday, October 19, 2011

Хуулийн төслийг Нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо

УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг авч хэлэлцээд нэгдсэн чуулганд оруулахаар  дэмжиж шийдвэрлэлээ. Энэхүү сайн мэдээний хажуугаар байнгын хороо "нийтийн" гэсэн үгийг "төрийн" болгож, "сонирхол" гэсэн үгийг "ашиг сонирхол" гэсэн үгээр сольж өмнөх хууль тогтоомжийн үг хэллэгтэй нийцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Солихоор шийдвэрлэгдсэн эдгээр үг хэллэгүүд нь зөвхөн  үг сонголт төдий биш бөгөөд  төрийн албыг иргэдэд үйлчлэгч нийтийн алба болгон төлөвшүүлэх чиглэлд зорьж буй үзэл баримтлал, зарчмын томоохон шинэчлэлийг илэрхийлж байсан юм. Гэсэн хэдий ч хууль санаачлагчид төслийг нэг алхам урагшлуулж чадсандаа баяртай байна гэлээ. Хуулийн төсөл энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар орж амжихгүй бол дараагийн долоо хоногийн нэгдсэн чуулганд анхны хэлэлцүүлэг хийгдэнэ гэж хүлээж байна. 

Thursday, September 1, 2011

Төрийн алба шинэчлэгдэх үү?

Эх сурвалж: http://politics.news.mn/content/78728.shtml


ТӨРИЙН АЛБАНЫ ТАТАХ ХҮЧ
Оюутан байхад захиргааны эрх зүйн багш маань ангийн биднээс нэгэн зүйл асууж байсан юм. “Та нараас төрийн албанд орохыг хүсч байгаа хүн байна уу” гэж. Бидний дийлэнх “Тийм ээ ормоор байна” гэцгээв. Багш маань “Яагаад” гэж лавлаад хариултыг самбар дээр жагсаан бичлээ. Бид ч өөр өөрсдийн хариултаа хэлсээр багш маань бичсээр байлаа. Самбарт “Найдвартай ажлын байр”, “Нийгмийн даатгал төлдөг”, “Албан тушаал ахих боломжтой”, “Их сургуульд суралцсан зээлээ чөлөөлүүлэх”, “Албан тушаалаа өөрийн давуу талаа болгох боломж”, “Хүүхдүүд маань үнэгүй суралцах” гээд л нилээд олон зүйлс бичигдлээ. Эцэст нь багш маань “Та нар одоо, төрийн алба яагаад иргэдийн төлөө үйлчилж чаддаггүйг ойлгосон биз дээ. Хүн бүр энэ албанд орохдоо зөвхөн өөрийгөө бодож байгаа биз дээ. Ийм үед хэзээ ч төрийн алба нийтийнх байж чадахгүй шүү дээ” гэсэн юм. Үүнтэй хэн ч маргах аргагүй байлаа. 

Wednesday, August 24, 2011

Сонирхлын зөрчлийн “сорил” энэ үү?

Эх сурвалж http://politics.news.mn/content/77983.shtml
Зургаа юм шиг санаж явсан зуны сарууд арай гэж дуусав. Найр наадмын тоосонд дарагдаж сураг алдарсан ард түмний төлөөллүүд маань ч гэсэн зах зухаасаа эргэн жир ажилдаа ороод, уйдсан зарим нь твиттертээ “жиргээд” эхэллээ.

Нэр хүндтэй нэгэн гишүүний твит дээр сүүлийн нэг сард орсон бүх сэтгэгдэл нь аль аймаг, сумын хэдэн жилийн ойн наадамд хэний, ямар морь түрүүлсэн тухай байх жишээтэй. Бүр уг морины эцэг, эх болох азарга, гүү нь аль нутгийн хэний адуунд яваа тухай хүртэл нэгд нэгэнгүй мэдэж байдаг шүү. Түрүү жилийн наадмаар хурдан морь сурвалжлах “мэргэжилтэн” олдохгүй манай редакцийнхан “гал алдах” шахаж байтал шинээр ажилд орсон нэг эмэгтэй сурвалжлагч яг тэгж, зургаан насны уралдааны айргийн таван морийг хэний ,ямар азарганы үр төл болох тухай нь нэвт шувт бичээд наадмын талбайгаас мэдээ “шидсэн” байхад л тэгж их атаархаж билээ.

Wednesday, June 22, 2011

Улстөрчдийн мөнгөний суваг хаагдахаас илүү том эрх ашиг гэж бий

Мэдээллийн эх сурвалж http://temuujin.niitlelch.mn/content/3187.shtml


-Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яагаад гацчихав аа. Хаврын чуулган завсарлахаас өмнө баталж амжих болов уу?