Tuesday, November 8, 2011

ХОМ-ийг сайн хэрэгжүүлээгүй нь УИХ-ын буруу

Эх сурвалж: http://politics.news.mn/content/85942.shtml
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Түүгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүдийн дунд хамгийн их яриа өрнүүлсэн сэдэв нь төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ тойрсон асуудал байв. Зөвхөн төрийн дээд албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, яам тамгынхны ХОМ-ыг онлайнаар олон нийтэд дэлгэн харуулдаг. Харин аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, түүнд нэр дэвшин сонгуульд өрсөлдөгчдийн ХОМ ил биш байдгийг гишүүд хэлж байсан юм. 

Гишүүн Х.Тэмүүжин “Эрүүгийн хуульд зааснаар дөрвөн сая 500 мянган төгрөгөөс дээш зөрчлийг авлигын хэрэгт тооцдог. Түүнээс нааш бол тооцогддоггүй. Гэтэл үйлдэл нь авлигын зөрчил байдаг. Зөрчил гаргасан хүн яаж ийж байгаад хэргээ 4,5 сая төгрөөс доош болгож хариуцлагаас мултарчихаад “Намайг шүүх цагаатгасан. Ажилдаа эргэж орно” гээд заргалдаад яваад байдаг. Авлигын хуульд сонирхлын зөрчлийг бус авлигын зөрчлийг тодорхой тусгах хэрэгтэй. Хууль батлахдаа ХОМ гаргах журмаа дахин янзалж, заавраа шинэчлэх ёстой” гэж байлаа. 

Гишүүн Д.Лүндээжанцан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдөгчдийн  ХОМ гаргаж онлайнаар мэдээлнэ гэвэл 20 гаруй мянган хүний материал болно. Сумдад төрийн албан хаагчдыг ИТХ-д сонгохыг больсон. Тиймээс голдуу малчид нэр дэвшиж өрсөлддөг болсон. Нэг гэр бүлийн хоёр ч эсвэл нэг намаас, эсвэл бүр хоёр өөр намаас нэр дэвшиж хоёулаа ИТХ-д сонгогдох тохиолдол байна. Малчид талын нэг тарж нутагладаг. Тэдэнд ХОМ-ийн маягтыг хүргэх, канондож хувилах гэх мэт бэрхшээл бий. Ер нь сумын ИТХ-д өрсөлдөгчдөөс ХОМ авахад хэцүү байдаг” гэв. Харин гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр АТГ бол дандаа гэмт хэрэгтэй тэмцэх бус соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил хийдэг байгууллага юм. Тэрбээр “Цаашдаа сумын ИТХ-ын шийддэг мөнгө өснө. Сонирхлын зөрчил ч гарч ирнэ. Орон нутагт эрх мэдэл нэмэгдсэнээр ойр дотнынхны сонирхлын сүлжээ бүр их болно. Уул уурхайн орд газрын ашиглалтын асуудалд орон нутгийн засаг захиргааны эрх мэдэл их болсон. Тэгэхээр ямар хэмжээний өмч хөрөнгөтэй, ямар сонирхолтой хүн бэ гэдгийг сонгуулиас өмнө ХОМ авч мэдэх ёстой. Ингэснээр сонгогдсоны дараа өмч хөрөнгө нь ямар болсныг мэдэх боломжтой болно. Сонгуулийн автоматжуулсан систем ашиглахтай холбоотойгоор иргэдийн мэдээллийн автомат сан бүрдүүлэх ёстой” гэсэн юм. 

Гишүүн Д.Лүндээжанцан “Суманд гуравхан гэр бүлээс бүрдсэн ИТХ ч байдаг. Ах дүү олонтой хүн тэнд сонгогддог.  Тэгээд тэдний дунд мөнгө тараасан хүн Засаг дарга болдог. Сумдын ИТХ-д төрийн албан хаагчдаас ядаж 1/3-д нь сонгож байвал яасан юм бэ. Бид нэг туйлшрахаараа хамаагүй туйлшраад төрийн албан хаагчдаас сонгогдох боломжгүй болгосон шүү” гэж байв. 

ХОМ-тэй холбоотой асуудлыг өнөөг хүртэл сайн хэрэгжүүлээгүй нь УИХ-ын буруу гэсэн байр суурьтай гишүүд ч байв. Гишүүдийн дийлэнхийн саналаар уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж хуралдаан өндөрлөлөө.
                
Д.ОЮУН

1 comment:

  1. huulia batluulsand bayr hurgii.. udahgui endee huulia oruulaarai ;)

    ReplyDelete