Wednesday, March 14, 2012

Авлигыг шахаж, ааш зөөлрүүлэх хугацааг наашлуулав

Өөрсдийн баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа туйлын хойрго УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар нэг хоригийг туйлын чих зөөлнөөр хүлээн авсан нь ховор тохиолдол байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд манай танай гэж талцалгүй 100 хувийн саналаар хүлээн авсан юм. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, нарийндаа бол авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн мөнгөөр гэнэт баяжиж тэрбумтны тоонд орохоос сэргийлсэн энэ хуулийг эрхэм гишүүд шинэ оны дараахан батлахдаа өөрсдийнхөө бүрэн эрхийг өндөрлөсний дараа буюу долдугаар сарын 15-наас үйлчлүүлэх жижигхэн “заль” зохиосон нь Ерөнхийлөгчийн хараанд өртчихсөн. Уг нь хуулийг анх батлахдаа Х.Тэмүүжин нарын гишүүд тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ гэснийг дийлэнх гишүүн хүлээж авалгүй хойш татчихсан юм. Олон улирсан хашир гишүүд “хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангахад хугацаа хэрэгтэй шүү дээ”  гэж аргадсаар арагш нь болгочихсон хэрэг. 

Friday, March 9, 2012

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав

Эх сурвалж: www.president.mn

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг 2012 оны Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн дүнд шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн дагаж мөрдөх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн хүлээн авч, хуульд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Friday, February 17, 2012

Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн хориг тавилаа

Эх сурвалж: http://www.president.mn/mongolian/node/2439


Уг хоригт: ”Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг үндэс болгон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр тогтоох нь зүйтэй.


Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2012 оны сонгуулиар төрийн түшээд сонгогдож улмаар шинэ Засгийн газар, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллах болно. Энэ хуулийг шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн мөрдөж хэрэгжүүлэх нь нийгмийн хүлээлт, шаардлагад бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.

Monday, January 23, 2012

Авлигыг дөрвөн фронтоор шахна

эх сурвалж: http://politics.news.mn/content/94600.shtml

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Я.Батсуурь нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд УИХ-ын хэсэг гишүүн гурван жилийн өмнө Авлигын эсрэг бүлэг байгуулж, улмаар есөн гишүүн уг хуулийг өргөн мэдүүлж хэлэлцүүлэн батлуулсан нь энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийсэн том ажлуудын нэг болохыг хэллээ. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байгаа үзүүлэлт бол авлига. Дэлхийн 186 орноос энэ талын үзүүлэлтээрээ Монгол Улс 120-д яваа гэдгийг тэрбээр хэлсэн юм. Хуульд төрийн албыг илүү өргөн утгаар нийтийн алба хэмээн томъёолжээ. “Нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн болон төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтныг ойлгоно” хэмээн хуульд заасан байна. 

Х.Тэмүүжин: Энэ бол Монголд таарсан хууль

Эх сурвалж:  http://politics.news.mn/content/94514.shtml
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулийг өнгөрөгч пүрэв гаригт УИХ-аар батлуулсан. Гэвч уг хууль маань хэр том хууль орж ирээд, хэлэлцүүлгийн явцад хичнээн зүйл заалт нь танагдсан бэ? Нэлээд зовлон туулж, эсэргүүцэлтэй тулгарч байж гарсан хууль шүү дээ.
-Дөрвөн хуулийн төсөл оруулж ирсэн юм. Сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Сонирхлын зөрчлийн тухай хууль нь дангаараа 30 зүйлтэй, нэлээд том хууль. УИХ-д өргөн баригдсаны дараа нэлээн эсэргүүцэлтэй тулгарч, хуулийн үзэл санааг үгүйсгэх, ойлголцлын зөрүүгээс болоод хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагууд давамгайлж байсан. Өргөн баригдсанаас хойш жил нэг сарын дараа батлагдаж байна. 
-Тэгвэл харин ч санаснаас хурдан баталсан юм байна. Хэлэлцүүлгийн явц их сүр дуулиантай, нийгмийн зүгээс хүлээлт их байсан учраас удаан санагдсан байх, тийм үү?