Thursday, September 1, 2011

Төрийн алба шинэчлэгдэх үү?

Эх сурвалж: http://politics.news.mn/content/78728.shtml


ТӨРИЙН АЛБАНЫ ТАТАХ ХҮЧ
Оюутан байхад захиргааны эрх зүйн багш маань ангийн биднээс нэгэн зүйл асууж байсан юм. “Та нараас төрийн албанд орохыг хүсч байгаа хүн байна уу” гэж. Бидний дийлэнх “Тийм ээ ормоор байна” гэцгээв. Багш маань “Яагаад” гэж лавлаад хариултыг самбар дээр жагсаан бичлээ. Бид ч өөр өөрсдийн хариултаа хэлсээр багш маань бичсээр байлаа. Самбарт “Найдвартай ажлын байр”, “Нийгмийн даатгал төлдөг”, “Албан тушаал ахих боломжтой”, “Их сургуульд суралцсан зээлээ чөлөөлүүлэх”, “Албан тушаалаа өөрийн давуу талаа болгох боломж”, “Хүүхдүүд маань үнэгүй суралцах” гээд л нилээд олон зүйлс бичигдлээ. Эцэст нь багш маань “Та нар одоо, төрийн алба яагаад иргэдийн төлөө үйлчилж чаддаггүйг ойлгосон биз дээ. Хүн бүр энэ албанд орохдоо зөвхөн өөрийгөө бодож байгаа биз дээ. Ийм үед хэзээ ч төрийн алба нийтийнх байж чадахгүй шүү дээ” гэсэн юм. Үүнтэй хэн ч маргах аргагүй байлаа. 

Магадгүй энэ татах хүчний нөлөөгөөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн нилээд хэсэг нь энэ “гэр бүл”-д нэгдсэн биз. Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс нийтдээ 150 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагчид бөгөөд тэд өдөр тутам төрийн нийтлэг үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэй. Ийм олон хүн ажиллаж байгаа ч гараас гаргаж буй үр дүн нь чамлалттай байсаар байгаа тул энэ “гэр бүл”-ийнхнийг дагасан шүүмжлэл тасардаггүй. Гэвч энэ “гэр бүл”-д болохгүй зүйл олон байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нь хамгийн том давуу тал юм. Энэ талаар хоёр сар гаруйн өмнө Төрийн ордонд болсон төрийн албаны “гэр бүл”-ийнхний уулзалтын үеэр гайгүй сайн ярилцсан билээ.  Ерөнхий сайд ч гайгүй сайн шүүмжилсэн. Түүний хэлж байс­наас дурдвал “Хүмүүс нэг л зүйлд, тодруулбал, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа болоод хүнд хандах хандлагад нь сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Салбарын яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаад байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт энэ хугацаанд гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Хүн амын амьдралд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт дорвитой гарахгүй бай­на. Энэ бүхнээс Монголын төрийн албаны ажил хэрэг,  түүний   гүйцэтгэлийн үр өгөөж ямар байна вэ гэдэг нь тодорхой болно” гэсэн өгүүлбэрүүд байсан. Мөн л үүнтэй хэн ч маргах аргагүй байлаа. Ийм л учраас төрийн албаны татах хүчний нөлөөллийг арилгаж байж л төрийн алба шинэчлэгдэх юм. Тодруулбал, татах хүчний өөр нөлөөлөл үйлчлэх ёстой мэт. Тэр нь харин юу байх вэ?

МЕРИТОКРАТ
1883 онд АНУ-ын Ардчилсан намын сенатч Жорж Пендлтоны санаачилж батлуулсан Төрийн ал­ба­ны шинэтгэлийн акт (“Пендлтоны хууль” гэж алдаршсан)-аар тус улсад улс төрийн намуудад сонгуулийн үр дүнгээр төрийн албан тушаалыг хуваарилдаг, төрийн албанд улс төр хүчтэй нөлөөлдөг шударга бус тогтолцоог өөрчилсөн бөгөөд энэ үеэс эхлэн АНУ-д төрийн албаны мерит тогтолцоо бий болжээ. Гэвч үүнээс ч өмнө уг зарчим хэрэглэгдэж байсан талаар зарим толь бичигт бий аж. Гэвч тэр нь бас л монголчуудтай холбогдоод орхиж. Википедиа нэвтэрхий толь бичгийн тайлбарт “Меритократ бол Монголын их гүрний цэргийн жанжнуудаа сонгодог гол үзэл баримтлал нь байжээ. Чингис хаан түүний цэргийн албанд тавигдах шаардлагад авъяас чадвараараа манлайлан шалгарсан хэнийг ч ялгалгүй сонгон томилдог байв. Эзэндээ үнэнчээ нотлон харуулсан дайсны талын цэрэг, жанжнуудад хүртэл итгэл хүлээлгэж чаддаг байсан байна. Жишээ нь, Чингис хааны өрлөг жанжнуудын нэг Зэв л гэхэд хаан суудалд суухаас нь өмнө нэгэн тулааны үеэр түүнийг харваж байсан дайсны талын цэрэг байсан”  гэж бичжээ. Жишээ авах түүхийг дахиад ухраагаад харвал манай улсад бүс нутгийн хувьд хамгийн ойрын туршлага болох Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнууд дэл­хийн хоёрдугаар дайны дараа Пендлтоны хуулийн үзэл баримт­лалыг нутагшуулан хэрэгжүүлж, мерит зарчмыг төрийн албандаа баримталж цэгцэлсэн тухай юм. Ийнхүү хурдтай хөгжих болол­цоо олгосон гэж судлаач, шинжээчид үздэг байна. “Мерит зарчим” гэдгийг хамгийн энгий­нээр тайлбарлавал  төрийн мэр­гэш­сэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид бөгөөд шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох болон зөвхөн хү­лээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал юм. 

Гэвч энэхүү зарчим манай улсад бүрэн утгаараа хэрэгжихэд дахин 5-10 жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байгаа гэнэ. Уг нь шинэчлэл хийгдэж байгаа. Гэвч хурд арай л удаан. Тухайлбал, 2008 онд Төрийн албаны тухай хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруул­сан. Энэ өөрчлөлтөөр төрийн улс төрийнхөөс бусад ангиллын төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, намын харьяалалгүй төрийн албан хаагчид улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн хэлбэ­рээр оролцохгүй байх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хатуу хориглох, төрийн албаны төв байгууллагаас төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцох, сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан нэг  хүнийг шалгаруулан нэр дэвшүүлэх зэрэг төрийн ал­банд шударга ёсны зарчмыг  хэрэгжүүлэх, хүний нөөцийн дур зоргын томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байлгах, төрийн мэргэшсэн, тогтвортой албыг цаа­шид төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиг­лэсэн өөрчлөлтүүд тусгагдсан юм. Үүний дагуу 2009 оны нэгдүгээр сард аль нэг улс төрийн намын гишүүн байсан төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид гишүүнчлэлээсээ түдгэлзэж өнөө­гийн байдлаар эдгээр албанд намын гишүүнчлэлтэй хүн байхгүй болоод байгаа. Дахиад л нэг үгийг давтах нь. Гэвч. Гэвч төрийн албаныханд хувийн ашиг сонирхол байсаар байна. Үүнийг хэрхэн цэгцлэх вэ, дахиад тав арван жил хүлээх үү. Эсвэл шийдэмгий алхам хийх үү. Тэр нь юу байх боломжтой вэ? 

СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд төдийгүй төрийн албан хаагчид Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно гээд бод доо. Албан хаагчдад хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, бусдыг хохироох үйлдэл хийх боломж хязгаарлагдана. Энэ бүтэшгүй зүйл биш. Харин УИХ-ын нилээд гишүүд л үүнийг бүтэшгүй зүйл болгох гээд байгаа хэрэг. Ганц ганцаараа ярихдаа “энэ хууль хэрэгтэй, энэ хуулиар дамжин төрийн албаны шинэчлэлд томоохон алхам болно” гэдэг ч танхимд сууж асуудлыг урагшлуулах болмогц бүгд чимээгүй. “Асуудал нэг нь нөгөөгөөс шалтгаалж бий болдог” гэж үг бий. Үүнийг “аливаа асууд­лыг нураахын тулд аль нэгийг нь нураахад хангалттай” гэж өөрчилж болмоор. Яг л даалуу нурааж байгаа мэт. Эхний даалуу нь Сонирхлын зөрчлийн хууль. Тийм болохоор Сонирхлын зөрчлийн хуулиа ул­тайхан хэлэлцэж бас яаралтай бат­лаасай билээ.


Б.ЭНХМАНДАХ

No comments:

Post a Comment