Wednesday, May 11, 2011

Хууль гарахаас өмнө амжиж “хулгайл”

Мэдээллийн эх сурвалж http://politics.news.mn/content/66278.shtml

Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө өрсч хэдэн хууль батлахгүй бол дэмий юм болж мэдэх нь хууль тогтоогчид оо, нөхөрсгөөр зөвлөе. Учир нь энэ хууль та нарын нэлээдгүй хэсгийн хувийн эрх ашигтай зөрчилдөнө. Өнөөдөртөө биш ч маргааш “хэрэггүй ч энэ хуулийг баталлаа даа” гэж амаа барьж ч магад. Угаасаа ямар ч хүнд хувийн эрх ашиг нэгдүгээрт байдгийг бүгд мэднэ. Би ч гэсэн та нарын оронд байсан бол “хусалцаж” л байгаа. Яагаад гэвэл “хусахгүй байлгах нөхцлийг” хуульчлаагүй юм чинь.

Өнгөрөгч даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг хэлэлцэн дэмжээд, байнгын хороогоор оруулах асуудлыг түргэвчлэх үүрэг өгсөн байна. Яахаараа өөрсдийгөө боомилох юм хийж байдаг хүмүүс вэ, та нар чинь. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал УИХ-ын ихэнх гишүүдийг гэр бүлийн бизнес нь “хооллодог” юм байх чинь билээ. Тэгэхээр энэ хууль батлагдаж, гэр бүл, танил тал, найз нөхөддөө давуу байдал олгох, төрийн эрх мэдлийг хувийнхаа эрх ашигт ашиглах боломж чинь хумигдаад ирэхээр дансанд чинь орох мөнгөний тоо ч мөн багасна гэсэн үг.

 Хөрөнгө орлогын мэдүүлэг гэснээс ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргаад эхлэхээр алхаа гишгээгээ цэгцлэхээс эхлээд асуудал ар араасаа гарна даа. Арай гэж авгай хүүхдийнхээ нэр дээр хэдэн юмаа хуваарилж байхад, ахиад тэднийхээ бизнест дэм болж чадахгүй бол УИХ-д суух хэрэг байна уу, үгүй юу.
Ингэхээр эрхэм гишүүд, сайд, дарга нарт хоёр сонголт байна. Нэгд, сонирхлын зөрчлийг хуульчлахаас өмнө амжиж аль болох олон төсөл “хусах”. Аль эсвэл хуулийг өөрийг нь “хусах” буюу унагах...  
За тэгээд эхний сонголтыг хийсэн нөхдүүд ч барилгын салбараар эхлээд, ноолуурынхнаар үргэлжлээд тодорч эхлэв бололтой.

Тавдугаар сар  болж байхад, ноолуурын 70-80 хувь Хятад руу зарагдчихсан байх үед тодорхой тооны том компаниудад 110 тэрбум төгрөгийг зээлээр өгөх болсны  учрыг ч би ч нэг юм гадарлаад байгаа юм аа. Зээлэх зээлэхдээ хөнгөлөлтэй нөхцөл, урт хугацаагаар шүү дээ.

Зам барилгынханы акулууд УИХ-аар дамжуулж өөрийнхөө компанид Засгийн газрын бонд нэрээр бага хүүтэй зээл авдаг механизмийг бий болгож чадсаны араас ноолуурынхан ийнхүү зүтгэж эхлэллээ. Яагаад заавал тодорхой тооны компанийг нэрийг Засгийн газраас оруулж ирэв. Шууд л нэр заагаад 12 компанид мөнгө өгнө гэдгийг тооцсон нөхрийн цээжин дотор овоо л юм багтдагийг харуулсан хэрэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас оруулж ирсэн нэрс дотор Ерөнхий сайдын компани хамгийн их мөнгө авахаар орсон байсан. Сонирхлын зөрчлийн хууль батлагдчихсан байсан бол ингэж зоригтой хөдөлж чадахгүй л байсан байх. Яах вэ, хуулийн төсөл боловсруулагчид ашиг сонирхол оруулахгүй гэж хэлж л байна. Гэвч хууль хэрэгжих эсэхэд хүртэл эргэлздэг болсон үед тэдэнд хэн ч итгэхгүй.

Улс төрчдийн хүсэл зориг ямар хүчтэй байдаг гэдгийг “Алтай кашемир” мөнгө авах компаниудын жагсаалтнаас нэрээ татсанаар бүр ч тод харагдав. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Д.Золжаргал “Алтай кашемир” компани “Монгол нэгтгэл”-ээс нэрээ татсан болохыг зарлав.  Тус компанийн хувьд Засгийн газраас гаргах 110 тэрбум төгрөгийн бондоос 20 тэрбум төгрөгийг зээлэхээр хүсэлт гаргаад байснаа гэнэт ийнхүү татгалзлаа. Хэрэв анхнаасаа ёс журмаараа энэхүү жагсаалтыг үйлдэж, энэ 12 компани тодорсон бол ийнхүү хулгаж, буцах шаардлага байхгүй. Эрүүл ухаантай ямар ч компанийн захирал жилийн долоон хувийн хүүтэй 20 тэрбум төгрөгөөс татгалзахгүй нь тодорхой.

Харин Ерөнхий сайдын нэр холбогдож, хэл ам дагуулах нь тодорхой болсон тул танхимын тэргүүн “юм үзсэн” хүний зангаар улстөрчийн нэр төрөө 20 тэрбумаар үнэлэн бусаддаа зай тавьж өгөхөөр болсон бололтой. Гэхдээ ингэлээ гээд бусад нь баярлах эрт.

Хувийн ашиг сонирхлыг чинь хязгаарлахаар 25 орчим “хориглолт” Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөлд орсон гэдгийг мэдсэн биз дээ. Угаасаа нийтийн албаныханд зориулсан болохоор дандаа та нарын үйлдлийг хязгаарлаж орхиж. Ядаж л эфирийн царайгаа ашиглаад элдэв реклам, зар сурталчилгаанд орчихмоор л байгаа биз дээ.

Хэрэндээ л зовж, хамаг хөрөнгөө шатаан байж албан тушаалд оччихоод хувийн ашиг сонирхлоо хуулиар хасуулна гэдэг мөн онцгүй еэ дээ. Үгүй ээ, бас тэр доод албан хаагчид ч бас сүүлийн үед хууль, ёс зүйн дүрэм гээд олон юм гомдоллоод гүйдэг болсон байна шүү. Тэднийг юу ярьж явааг мэдэх үү дарга аа, “Албаны эрх ашгийг баримтлан ажиллахад даргын багийн дарамт шахалт маш их байгаа нь их садаа болж байна. Нөгөө талаар энэ дарамт шахалтаас үүдээд ирээдүйдээ итгэх итгэл алдарч, төрийн албыг хоёргүй сэтгэлээр хаших боломж нөхцөл улам багасч байх шиг байна. Шинэ дарга ирэх болгонд ажлын гүйцэтгэлээс үл хамааран ажлаас халагдах аюул өндөрсөх боллоо. Ажлаа сайн хийсэн муу хийснээс биш даргын багт таалагдсан таалагдаагүйгээс шууд хамааралтай байна. Дотоод хяналтыг дургүй хүнээ ажлаас халах хэрэгсэл болгож, үндсэн чиг үүргийг нь гуйвуулж байна. Анхнаасаа орж ирэхдээ мөнгө олох зорилготой хүмүүс орж ирэхээр байгууллагад их буруу үр нөлөөг бий болгож байна. Тэдэнд албан тушаал эрх мэдэл нь хувийн сонирхлоо хангах гол нөхцөл, боломж болж байна” гээд цаагуур чинь яриад л яваад байна шүү. Ядрахад яр гэгчээр цаадуул чинь бас хууль уншаад, хүмүүстэй үгсээд байна.

Сонирхлын зөрчлийн тухай энэ хууль та хэдийг минь ч гарах гарцгүй л болгох гээд байна шүү. Таны эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, нэг, хоёр дахь үеийн төрөл, садан, үрчилсэн эцэг, эх болон хүүхэд, нэг дэх үеийн худ, мөн нөхцөл байдлын улмаас нэгдмэл сонирхолтой байж болзошгүй бусад этгээд гэх хамааралтай этгээдээс чинь эхлээд “сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж юу байхыг бүгдийг заачихсан байна гээч. Нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хүртэл оруулчихаж.

Яалт ч үгүй танилын нүүр халуун гэгчээр энэ хэдийнхээ ажлыг бүтээх үе байлгүй л яах вэ, тийм ээ даргаа. ХБНГУ-ын эрүүл мэндийн сайд албаны машинаараа Испанийн эрэг дээр очиж амарсныхаа төлөө шийтгүүлсэнтэй барьцах гээд байгаа юм байх даа энэ хуулийг боловсруулагчид. Үгүй бүр ингээд зогсохгүй “Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно. Нийтийн албыг өөрийн хувийн сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно. Албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно. Үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар хүлээн авахыг хориглоно. Өөрийн болон хамааралтай этгээдийн хувийн сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага тооцох, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон хамааралтай эдгээдийн хувийн сонирхлыг хөндөх захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага тооцох, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд урсгаж өгчээ.

Ингэхээр чинь гишүүн ах минь, ажлын хэсэг ахлаад хяналтаар далайлган ажлаа амжуулах боломжгүй болчих юм биш үү. Хүмүүс танд үнэтэй бэлэг өгөхөөсөө эмээдэг болчихгүй байгаа. Эхнэр чинь арай энгийн иргэдтэй адил нөхцөлд очерлож “онигоо” болохгүй байлгүй дээ. Ингээд бодохоор нь энэ хууль их даварсан юм биш үү дарга аа. Хууль батлагдахаас өмнө амжиж “хусах” уу, аль эсвэл хуулийн төслийг өөрийг нь “хусах” уу?

Б.Мандах

No comments:

Post a Comment