Monday, April 18, 2011

Х.Тэмүүжин: Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно

Мэдээллийн эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=9676

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр хэвлэлийнхэнд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Уг хуулийн төслийг тэрбээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нартай хамтран боловсруулсан аж. Хурлын дараа түүнээс зарим зүйлийг тодруулав. 
-Тус хуулийн гол зангилаа нь юу байх вэ?
-Энэ хууль батлагдсанаар авлигатай тэмцэх ажил нэг шатаар ахина. Мөн үүний зэрэгцээ авлигыг цэцэглүүлж байгаа эрх зүйн орчнуудыг хязгаарлах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад цоо шинэ механизм үйлчлэх болж байгаа юм. Жишээ нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд төдийгүй төрийн албан хаагчид Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно. Ингэснээр албан тушаалаараа памжуулан хувийн эрх мэдлээ дээгүүрт тавих байдлыг хязгаарлах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь манай улсад өнөөдөр Сонирхлын зөрчлийг цэглэх хууль, эрх зүйн орчин үйлчлэхгүй байгаагаас хувийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн албанд ажилладаг хэсэг багагүй хувийг эзлэх болжээ.
Тухайлбал, албан тушаалаа ашиглан уул уурхайн лиценз олноор нь хүүгийнхээ нэр дээр авсан тохиолдол гарч байсан. Тэгэхдээ тус албан тушаалтад энэ талын бүх мэдээлэл төвлөрч байсан нь, албан тушаалаа ашиглан, хувийн бизнесээ цэцэглүүлэх боломжийг олгосон хэрэг. Хэрвээ уг хуулийг УИХ баталчихвал, тухайн албан хаагчдад хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, бусдыг хохироох үйлдэл хийх боломж хязгаарлагдана. Мөн Сонирхлын хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх болно. Мөн учруулсан хохирол нь өндөр байх нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хүртэлх арга хэмжээ авах заалт энэхүү төсөлд тусгалаа олоод байгаа юм.
 

-Авлигын тухай хуульд авлигын эсрэг гэхээр зүйл заалт байдаггүй. Гагцхүү ашиг сонирхлын гэж хэлж болохуйц дөрвөн заалт бий. Энэ нь өрөөсгөл юм шиг санагддаг?
-Уг нь авлига, ашиг сонирхлын зөрчил нь тусдаа ойлголт. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил нь авлига цэцэглэх гол хөрс болж байдаг. Ер нь сонирхлын зөрчил гэж юу болох талаар хангалттай тодорхойлолт байдаггүй. Гэхдээ “Нийтийн алба дахь сонирхлын зөрчил гэсэн ойлголт нь эрх мэдлээ нийтийн сонирхлын үүднээс хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд шийдвэр гаргаж үүргээ гүйцэтгэхдээ албаны сонирхолтой нь өрсөлдөхүйц хувийн сонирхол, албан үүргээ шударгаар гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж болохуйц зөрчилтэй нөхцөл байдалд байхыг хэлнэ” гэж тайлбарлаж болох юм.
-Сонирхлын зөрчил ба авилга хоёрыг хэрхэн ялгаж ойлгох вэ?
-Сонирхлын зөрчил нь авилга биш. Харин авилга нь гэмт хэрэг бол сонирхлын зөрчил нь авилгатай харьцуулахад албан тушаалаа зүй бусаар ашиглан хувьдаа санхүүгийн ашиг олохгүй ч албан үүргээ субъектив, танил тал харсан, алагчилсан байдлаар гүйцэтгэхэд хүргэдэг ихэвчлэн гэмт хэрэг болж хуульчлагдаагүй олон төрлийн зан үйлийн хэлбэрүүдийг багтаадаг. Өнөөдөр эхнэртээ эсвэл хүүдээ аливаа нэг сонгон шалгаруулалтын эрхийг нь авч өгсөн төрийн түшмэд авлигын зөрчил гаргасан мөртлөө эрүүгийн хариуцлага хүлээдэггүй төдийгүй би авлига аваагүй хэмээн зөөлөн суудалдаа үлддэг. Харин энэ хууль батлагдсанаар ажлаас халах арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалт бий болно.
Түүнчлэн албан тушаалаа ашиглан аливаа сонгон шалгаруулалтаас 10 хувь хүртдэг явдлыг ч таслах юм. Хуулийн төсөлд албан тушаалтад тавигдах хориглолт, хязгаарлалтыг нэлээн тодорхой оруулж ирсэн. Тиймээс томоохон эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Гэхдээ бид шантрахгүй. Тухайлбал, сурталчилгаатай холбоотой хязгаарлалтыг зааж өгсөн. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодруулахад, Ч.Сайханбилэг гишүүний гар утасны бизнесийн сурталчилгаанд тоглож байсныг хүмүүс санаж байгаа байх. Хэрвээ тухайн үед энэ хууль батлагдсан байсан бол эрхэм гишүүн хариуцлага хүлээх байсан.
-Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг олон улсын жишигт хэрхэн шийдвэрлэдэг юм бол. Энэ жишгээс та бүхэн тус хуульд тусгасан уу?
-Олон улсын жишигт парламент, Засгийн газар нь нэг байшинд байрладаг тохиолдол байдаггүй. Харин манайд байгаа нөхцөл байдал нь эргээд Засгийн газрын гишүүний хууль бус үйлдэлд хяналт тавих боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, манайх шиг УИХ-ын гишүүд нь Засгийн газраа бүрдүүлэх шахдаг байдал нь авлига хээл хахуулийг хянах боломжгүй болгодог гэсэн үг. Түүнчлэн цагдаа хүчний байгууллагынхан мэдээллийн мөрөөр Засгийн газрын гишүүний өргөөг шалгах гэхээр Төрийн ордонд байрладаг учраас халдах эрхгүй болчихдог.
Түүгээр ч барахгүй чуулганы танхимд хэлсэн үг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу хариуцлага хүлээх боломжгүй байдаг. Тийм учраас л энэ хууль манайх шиг тогтолцоотой улс оронд яах аргагүй хэрэгтэй. Зүй нь Засгийн газрын болон УИХ-ын гишүүн гэх давхар сэтэртэй гишүүдийн хэлсэн үг хариуцлагагүй байсан ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин байдаггүй. Уг нь Засгийн газрын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой. Түүнээс гадна хууль санаачлагч болох Монголын парламент эрх зүйн хомсдолд орчихсон нь бодит үнэн.
О.Сэлэнгэ

No comments:

Post a Comment