Thursday, January 27, 2011

Бидний амьдрал дахь сонирхлын зөрчил

М.Чимэддорж, Судлаач
Мэдээллийн эх сурвалж: http://chimeddorj.blogspot.com/2010/12/blog-post_28.html

 Үлдэх хүнээр ачаа бүү татуул

Өрнөдийн улс төр, эдийн засгийн ухаанд эзэн ба агентийн асуудал (Principal agent problem) гэсэн ойлголт бий. Энэ нь өмчийн эзэн ба тодорхой гэрээний үндсэн дээр түүнтэй ажилладаг, өмчийг захиран зарцуулах эрх бүхий этгээд (агент)-ийн хооронд үүсдэг асуудалуудыг хэлж байгаа юм.

Эзэн ба агентийн асуудал нь мэдээллийн гажуудал ба хүртээмжгүй байдал (asymmetric information)-аас үүсэх ёс суртахууны эрсдэл (moral hazard), сонирхлын зөрчил (conflict of interest) гэсэн дотоод шалтгаантай гэж үзнэ. Ёс суртахууны эрсдэл ба хувь хүний оюун санааны үнэлэмжид суурилсан ёс зүйн ойлголт нь босон суун бичиж боломгүй том сэдвийн дээр, энэ удаад УИХ-аар сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан сонирхлын зөрчил гэж юуг хэлээд байгаа тухай товч өгүүлсү.



Бид нийгмийн амьдралыг зохицуулах хэдэн мянган дүрэм журам гаргахыг оролдсоор ирлээ. Гэвч бүх хуулийн цаана байгалийн хууль оршин байх нь жам билээ. Аливаа зүй тогтол, заяагдмал зүйлсийг ойлголгүйгээр үр дүнтэй ноцоод байх нь хуурай хууль гарах нөхцөл болно. Түүний нэг томоохон жишээ бол өнөөдрийг хүртэл сонирхлын зөрчлийн тухай, түүнээс татгалзах эрх зүйн акт байхгүй байгаа явдал юм.

Эрх ашиг бол заяагдмал шинжтэй зүйл бөгөөд ихэнх тохиолдолд тухайн субьектийн оршин тогтнох үндэстэй холбогддог билээ. Хэрэв эрх ашиг оршин буй л бол түүнийг дагалдан тодорхой сонирхол бий болдог. Харин хаана ямар сонирхол байгааг олж мэдэхгүй хувь хүнийг гэнэн гэж цагаатгаж болох авч тийм улс үндэстэн бат бөх оршин тогтнож чадахгүй нь бодит үнэн. Нийгэмд маш олон сонирхлууд зэрэгцэн орших ба яв цав нийцэж, мөн харилцан зөрчилдөж байдаг. Тийм ч учраас нийгмийн харилцаан дахь бэрхшээлүүдийн цаад суурь болсон сонирхлын зөрчлийг зөв ойлгох шаардлагатай юм.

Сонирхлын зөрчил бол хамтрагч талуудын сонирхол хоорондоо зөрчилтэй байх нөхцөл бүрдэх тухай ойлголт юм. Амьдрал дээр сайн хүн муу хүн байдаггүй ба ихэнх хүний дотор гэмт үйлдлийн сэдэл байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Харин тэр сэдэл нь үйлдэл болж хувирахад дотоод шалтгаан буюу сонирхол хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Амьдрал баян, эр хүн туг ч барьж тугал ч хариулахын үлгэрээр хэний ч хүү юу ч хийж болох авч өрнөдийнхөн хэнийг ч сонирхлын зөрчилтэй ажил хийх, тийм үйл ажиллагаанд оролцуулж болохгүй гэж үздэг. (сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаанд оролцсон хүмүүс дунд хийсэн судалгаанаас үзэхэд түүнээс ашиг хонжоо олсон нь голдуу эрчүүдэд ноогдох юм билээ, тиймээс уншигч авхай эр хүн дээр жишээ авсаныг ойлгоно биз)

Сонирхлын зөрчилтэй үүрэг хүлээх, сонирхлын зөрчил бүхий үйл ажиллагаанд оролцох явдал бол авилга авах суурь нөхцөл болдог. Ийм ч учраас мэдлэг чадвар, туршлага зэрэг ажлын байранд тавигдах гол үзүүлэлтээс дээгүүр тавьж, сонирхлын зөрчилтэй этгээдийг ажиллуулахаас татгалздаг юм.

Манайд сонирхлын зөрчлийн тухай эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь нийгэм дэх бүх л сонирхол нэгдмэл байна гэсэн үг биш гэдгийг дараах тохиолдлууд батлах болов уу.

Эмчийн цалин дээрх багахан орлого

Хэдэн жилийн өмнө эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай болж нэлээд хэдэн эмнэлэгүүдээр явж билээ. Эрүүл мэндийн үйлчилгээ бол зах зээлийн суурь хууль болох эрэлтийн үнийг мэдрэмж ажилладаггүй салбар. Өөрөөр хэлбэл талхны үнэ өсөхөөр авахаас татгалзчихдаг бол биеэр мэдрэх өвчнийг эмчлүүлэхдээ үнэтэй юм гээд байчихаж чаддаггүй юм. Нөгөө талаас үсчинд ороод үсээ засуулахдаа үсчин нь таалагдахгүй байна гээд гараад явчихдаг бол сэтгэл зүйн байдал, цаг хугацаа, өндөр мэргэшлийн үйл ажиллагаа зэргээс шалтгаалан эмчийг сольчихоё ч гэж чаддаггүй билээ. Ер нь мэргэшил хэдийн чинээ өндөр болно хэрэглэгч төдий чинээ хараат болдог.

Гэтэл эмийн жор бичингээ түүнийг авах эмийн сангийн хаяг зааж өгөх, эсвэл олддоггүй ховор эм чиний аз болоход надад яг одоо байгаа гэх эмч нар нэг биш удаа таарав. Сайхан сэтгэл гаргаж тусалсаныг тань хар санаж ус цацаж байгаа бол өршөөгтүн. Сонирхлын зөрчлийн тухай ойлголтод итгэдэг учраас үүнийг сайхан сэтгэл хэмээн найр тавьж авч чадашгүй нь.

Одоо асуудлыг эргээд харъя. Эмчийн үүрэг бол надад чанарын стандарт хангасан эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүний тулд цалин хөлс авч, орлого олж байгаа. Миний эрх бол сайн эмчээс чанартай үйлчилгээ авах үүний төлөө л би эрүүл мэндийн даатгал төлөх ба эмчилгээний төлбөрт төлнө. Энд бид хоёрын сонирхол яв цав нийцэж байна.

Гэтэл эмч маань ажлынхаа хажуугаар эм зарах жижиг бизнес хийдэг гээд төсөөлье. Гаднаас нь харахад болохгүй юу байхав. Эмч нарын цалин чамлахаар байгаа өнөө үед хориглох нь ч утгагүй мэт. Харин эмчид эм зарсанаас олох орлого чухал бол энэ нь миний болон эмнэлэгийн сонирхолоос өөр болж таарч байна. Эмч надад үнэхээр хэрэгтэй эм бичиж байгаа болов уу, эсвэл эмээ зарах арга нь болж таарах уу?

Зөвхөн эм зүйч эмийн сан ажиллуулах ба эмийг гар дээрээс худалдахыг хориглосон дүрэм журам бий л дээ. Түүний биелэхгүй байгаагийн цаад шалтгаан ердөө л сонирхлын зөрчил.

Гэр бүлийн бизнес дэх албан тушаалын нэмэгдэл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж бий. Бидний нэрлэдэгээр тендерийн хууль. Энэ хуулийн дагуу захиалагч нь бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороог зохион байгуулж ажиллуулдаг. Захиалагчид хэдэн компьютер хэрэгтэй болсон гэж төсөөлье.

Захиалагчийн сонирхол бол өөрийн үйл ажиллагаанд ашиглахад бүрэн нийцэх компьютерийг нийлүүлэгч компаниудыг өрсөлдүүлэх замаар зах зээл дээрх хамгийн боломжит үнээр худалдан авах.

Үнэлгээний хорооны үүрэг бол зах зээл дээрээс захиалагчийн шаардлагад бүрэн нийцсэн компьютерийг боломжит бага үнэ буюу үнэ цэнэ хамгийн их байх (энд ашиглалтын зардал, засвар үйлчилгээний нөхцөл ба үнэ цэийг үнэлэх бусад ойлголтууд орно ) хувилбарыг сонгон авах явдал юм. Үнэлгээний хорооны ажилтан дээрх үүргийг гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч байгаа.

Дээрх хоёр субьектийн сонирхол энд яв цав нийцэж байна. Гэтэл үнэлгээний хорооны гишүүний эр нөхөр нь компьютерийн худалдаа эрхэлдэг эрхэм бол яах вэ. Түүнд өрсөлдүүлэх сонирхол хэр байх бол. Сонирхлын зөрчилтэй байдал бол авилга авах цаад хөрс суурь нь юм. Сонирхлын зөрчлийг тодорхойлж түүнээс татгалзахгүйгээр авилгатай тэмцэнэ гээд байгаа нь алх сүх бариад Шивцаар цаг засахын үлгэр болох биз.

Оролдлого

Бичигч миний бие нэгэн мэргэжлийн холбоонд сонгуульт үүрэг хүлээдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд сонирхлын зөрчлийн тухай эрх зүйн зохицуулалт байхгүй байсан тул холбооны гишүүдийн ёс зүйн дүрэмд сонирхлын зөрчлийн тухай ойлголтыг суулгахыг хичээж ажилласан билээ.

Монголын Үндэсний Зөвлөхүүдийн Холбоо нь зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжлийн дараагийн шатанд гаргах зорилготой гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Зөвлөхийн салбар бол захиалагчийн нууцад нэвтэрч ажилладаг тул бүх харилцаа итгэлцэл дээр тулгуурлан явагддаг онцлогтой, өндөр хариуцлагатай салбар юм. Тийм ч учраас мэргэжлийн ёс зүйн асуудал өндөр түвшинд тавигддаг бөгөөд сонирхлын зөрчлийг чухалчлан үздэг. Уншигчдад сонирхуулах үүднээс Монголын Үндэсний Зөвлөхүүдийн Холбооны ёс зүйн дүрмийн хэсгээс орууллаа.

7-р заалт: Сонирхлын зөрчилөө илчилнэ

Зөвлөхийн үйл ажиллагаа бол өрсөлдөөний талбар дахь дундын өмч байдаг учраас сонирхлын зөрчил үүсэх магадлал маш өндөр байдаг. Сонирхлын зөрчлийг маш ерөнхий утгаар нь хувь хүн юмуу байгууллага ямар нэг ашиг сонирхолуудад татагдан авилга авах сэдэл төрүүлж болзошгүй үйл ажиллагаанд оролцох, нөхцөл байдалд орохыг хэлнэ. Сонирхлын зөрчилтэй байдал нь өрсөлдөөнд хэн нэгэн нь хууль бусаар давуу тал олж авах зорилгоор ашиглах боломж олгодог. Хэрэв та өмнө хоорондоо өрсөлддөг байгууллагуудын асуудлуудын талаарх мэдээлэл олж авсан бол сонирхлын зөрчил үүсч болох бүх нөхцөл (эрсдэл бүхий гэрээ хэлэлцээрт орох, өрсөлдөгч байгууллагаас захиалсан зөвлөх ажил авах буюу түүнд оролцох гэх мэт)-өөс татгалзах үүрэгтэй.

8-р заалт: Ямар ч тохиолдолд хуулийн цоорхойг ашиглахгүй

Зөвлөх нь хэзээ нэгэн цагт хэн нэгэнд төдийлөн их хохирол учруулахааргүй, бүр эерэг үр дүн нь илүү байсан ч хууль болон бусад зохицуулалтад тусгагдаагүй боловч зөвлөхийн ёс зүйд нийцэхгүй зүйлийг хийхгүй байх үүрэгтэй. Ялангуяа эрх зүйн орчин нь төлөвших шатандаа байгаа орны хувьд зохицуулаагүй олон зүйлс гарч ирэх болно. Гэвч энэ нь зөвлөхийн ёс зүйн түвшинийг бууруулах хүчин зүйл болох ёсгүй. Зөвлөх нь өндөр ёс зүйтэй байхыг зах зээл, түүний үйл ажиллагаа явуулж байгаа орчин нь байнга шаардаж байдаг. Энд “Шударга бус үйл ажиллагаанд бүү оролц, түүнээс бүү мөнгө ол, эсвэл зөвлөхийн салбарт бүү ажилла!” гэсэн зарчим үйлчилнэ.

10-р заалт: Хууль бус үйл ажиллагаанаас татгалзаж, түүнийг илчилнэ

Захиалагчтай хууль бус үйл ажиллагаа явуулахаар тохиролцох болон захиалагчийн бусад үйл ажиллагаанд гарсан хууль бус үйл ажиллагаанд оролцохоос татгалзах үүрэгтэй. Тус үүрэг нь хууль бус үйл ажиллагаа нь зөвлөхийн шууд гүйцэтгэх үүрэгт багтаагүй, гэрээний нөхөн төлбөр авах боломжгүй байхаас үл шалтгаална. Мөн зөвлөх үйлчилгээний салбарын байгууллагуудын хууль зөрчсөн үйл ажиллагаа, түүгээр дамжуулан өрсөлдөөнд давуу тал олох гэсэн оролдлого гаргахгүй бөгөөд энэ талаарх мэдээллийг холбоонд мэдээлэх үүрэгтэй.

Эцэст нь хэлэхэд сонирхлын зөрчлөөс үүсэх сөрөг үр дагавар нь хуулийн цоорхойг эрж хайх, хууль зөрчих цаад шалтгаан болдог. Сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааны дараа хууль зөрчсөн зөрчөөгүй тухай л яриа болж хууль зөрчсөн нь тогтоогдвол хэн нэгэн ял авах л юм биз. Гэвч сонирхлын зөрчлийн хохирогчид нэмэгдсээр л байх болно.

Сонирхлын зөрчил нь хууль хэрэгжихгүй байх нөхцөл болж, хуулиар зохицуулаагүй талбар бүрт хохирол дагуулдаг тул зөрчил бүхий үйл ажиллагаанд оролцохгүй байх нь чухал. Өөрөөр хэлбэл сонирхлын зөрчил нь олон хуулийг зөрчих үндэс болдог юм бол түүнийг илчлэх тухай хуульчлаад илчлээгүй бол хариуцлага тооцдог болчихоё. Ингэвэл сонирхлын зөрчлийн хохирогч үгүй болно. Энэ нь нийгмийн харилцааны дараагийн шатанд гаргаж чадах тулгуур хүчин зүйлсийн нэг гэдэгт итгэлтэй байна.

Өвгөд үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Ачаа татах сонирхол хэнд байхыг мэддэг байжээ тэд!

2010 оны 12 дугаар сар 29

No comments:

Post a Comment