Thursday, January 27, 2011

Сонирхлын зөрчлийг дарах дархлаа

Б.Алтанцэцэг
Мэдээллийн эх сурвалж: Ардчилал сонин

Ардчилал, шударга ёсыг эх орондоо авчрахын төлөө эхний эгнээнд оройлон босч, тэмцэж, тэмүүлж явсан, “Ардчиллын алтан хараацай” С.Зориг агсан “Эрх ашгаа эрэмбэлчихье. Хувийн эрх ашиг байхгүй гэж худлаа яриад хэрэггүй. Гэхдээ эхлээд эх орны, дараа нь намын, тэгээд тухайн ажил үүргийн, хамгийн эцэст нь хувийн эрх ашгийг тавья” гэж хэлсэн билээ. Энэ бол нэг ёсондоо төрийн албан тушаалтнуудын дагаж мөрдөх ёстой хамгийн чухал зарчим. Гэвч өнөөдрийн манай нийгэмд энэ зарчмыг эсрэгээр нь хэрэгжүүлж байна.

Ялангуяа, төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлоор эрхэлсэн ажил, албан тушаалдаа ханддаг болсон тухай шүүмжлэл, мэдээлэл байнга сонсогдож байгаа нь төрийн албанд ашиг сонирхлын зөрчил газар авсныг бэлхнээ илтгэнэ. Албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, эд материалын болон бусад ашиг хонжоо олсон нэгэнд нь хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөн бус бий. Гэвч энэ нь тийм ч хангалттай биш. Зарим нэгнийх нь толгойг илээд ямар ч шийтгэлгүй өнгөрөх жишээтэй. Ингэж ашиг сонирхлын зөрчил гаргагчдыг өөгшүүлж, дэвэргээд байвал эд хөрөнгө нь улам арвижиж, шунал нь дийлдэхээ болино бус уу. 

Ер нь, ашиг сонирхлын зөрчлийг үрслүүлж, ургуулж, цэцэглүүлж, эцэстээ авлига болгон нийгэмд гүн бат үндэслүүлж буйн гол эзэн нь нэгдүгээрт, хувь хүн, хоёрдугаарт, төрийн албан хаагч мөн гэж нэгэн судлаачийн тодорхойлсныг ч дурдах нь зүйтэй байх.

Эрх мэдлээ ашиглаж, хөрөнгө зоорилогчид
Монголын засаглалыг завхруулж буй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зарим хэргийн тухай энд жишээ болгон дурдъя. Нэг үе дуулиан болж байсан хэргийн эзэд уснаас хуурай гарчихаж. Заримыг нь шалгасаар л… Хэчнээн шалгасан ч эцэстээ хариуцлага тооцох хүн олддоггүй. Сонирхлын зөрчилтэй хүнд эрх мэдэл атгуулснаас эцэстээ төр хохирогч болж үлдсээр л байна.
Эх орон нь сүйдэж, сөнөж мөхөж байсан ч хамаагүй, зөвхөн хувийн явцуу эрх ашгаа, өөрийгөө бодсон төрийн зарим албан тушаалтныг харахаар өөрийн эрхгүй эгдүү хүрээд байх юм.

Баримт 1. ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Ч.Пэрэнлэй, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбарын эрхлэгч М.Доржханд, Хөтөл дэх салбарын эрхлэгч Ч.Гантулга нар албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын эд хөрөнгө завшиж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон юм. АТГ-ынхан тэднийг “Атрын III аян”-ны хөрөнгөнөөс 260 сая төгрөг завшсан гэж буруутгаж байсан билээ. Ч.Пэрэнлэй “Ивэн түрүү”, “Сэлэнгэ буудай” нэртэй хоёр ч компаниа ТЭДС-гийн хөрөнгөөр хөл дээр нь босгож, Сэлэнгэ дэх салбарын эрхлэгч М.Доржхандтай хуйвалдан, тус салбараас найман вагон буюу 480 тн улаан буудай гаргуулан “Улаанбаатар спирт” компанийн захирал Н.Баатарт 150 сая төгрөгөөр худалдсан аж. “Атрын III аян”-ы хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан үр тариа, бордоо, тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээрх компанидаа хөнгөлөлттэй үнээр нийлүүлжээ. АТГ-ынхан энэ бүхний үр дүнд Ч.Пэрэнлэй болон түүний нөхдийг улсад 260 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа прокурорт хүргүүлээд байсан юм. Харин прокурор энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж саяхан хэрэгсэхгүй болгосон байна.

Баримт 2. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүн асан Ц.Батсайхан нарын таван албан тушаалтанд холбогдох хэргийг ч прокурор хэд хоногийн өмнө хэрэгсэхгүй болгожээ. Тэднийг “Атрын III аян”-ы хүрээнд тонн улаан буудай тутамд тариаланчдад олгох  урамшууллын мөнгөнөөс тэрбум орчим төгрөг зувчуулсан гэж буруутгаж байв. 14 аж ахуйн нэгжээс үр тариа нийлүүлсэн тухай хуурамч баримт бүрдүүлж, дээрх хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэх.

Баримт 3. АМГ-ын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, орон нутаг дахь орд газруудыг өөрийнх болгоод буй. Тэрээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон, тусгай зөвшөөрөлтэй 18 орд газрыг нөөцгүй гэсэн дүгнэлт гаргаж, хувьдаа ашигласан хэрэгт холбогдоод байгаа юм. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Баргилт гэдэг газар улсын хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг төрсөн ах М.Ариунболдын эхнэр Т.Мөнхцэцэгийн нэр дээр шилжүүлж, дараа нь Хятадын хөрөнгө оруулалттай “Тунсинь” компанид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгчээ. Мөн тус аймгийн Өмнөдэлгэр сумын Өндөрцагаан гэдэг газар “Монголросцветмет” нэгдлийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг “Кю Жи Эос Монгол” компанид 300 сая төгрөгөөр заржээ. АТГ-ынхан одоогоор түүний энэ мэт хууль бус үйлдлийг шалгаж дуусаагүй байна.
Манайх ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж…
Монголтой адил бусал оронд ашиг сонирхлын зөрчил яагаад харьцангуй бага байна вэ. Үүний гол шалтгаан нь ашиг сонирхлын зөрчлийг илрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж чаддаг, гарвал нам дардаг дархлаа жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтсонд л байгаа юм. Үүнтэй холбоотой хамгийн сүүлд гарсан зарим баримтыг иш татья.

Баримт 1. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Ю Мюн Хваны охин эцгийнхээ удирддаг яаманд ажилд орсноос болж эрхэм сайд өндөр суудлаасаа огцроход хүрчээ. Уг нь, сайдын охин эцгээсээ ч өмнө энэ яаманд ажиллаж байжээ. Хэсэг хугацааны дараа хуучин албандаа буцаж орсон боловч түүнийг сайд эцгийнх нь албадлагаар ажилд авсан гэж олон нийтийн дунд шүүмжлэл өрнөснөөс болж, Ю Мюн Хван өнгөрсөн есдүгээр сард өөрийн саналаар албан тушаалаасаа огцорсон юм.

Баримт 2. Энэтхэгийн Теле харилцааны сайд А.Ража Нью-Делид зохион байгуулсан хамтын нөхөрлөлийн орнуудын спортын их наадмыг зохион байгуулах үеэр мөнгө идэж, шамшигдуулсан гэдэг хэл аманд орооцолдсоны улмаас өнгөрсөн арваннэгдүгээр сард саналаараа огцорсон байна.

Баримт 3. Аргентиний Санхүүгийн сайд Фелиса Мицелигийн албан тасалгааны ариун цэврийн өрөөнөөс 64 мянган ам.доллар олдсон нь түүнийг суудлаасаа огцроход хүргэжээ. Тэрээр энэ мөнгө хаанаас гарч ирсэн болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй учраас олон нийтийн дунд нэр хүнд нь унаж, саналаараа огцрохоос өөр аргагүй болсон байна. 
Харин манай улсад байдал ямар байна вэ. Иймхэн юмны төлөө хаа очиж суудлаа тавьж өгөхгүй шүү хэмээн гүрийж, сандал ширээгээ тэврээд суучихна гээч, ичих ч үгүй. Бүр гэмт хэрэг үйлдсэн байлаа ч, ичих булчирхай нь ажиллахаа байсан улс. Үүнийг нь л ямар ч аргаар хамаагүй олж, тохирох зэмийг нь хүлээлгэж, хариуцлага тооцож чаддаг болгомоор байгаа юм.
Ашиг сонирхлын зөрчлийг хазаарлахад хууль хэрэгтэй
Нийгмийн цөөнх нь хагартлаа баяжиж, олонхи нь тартагтаа тултал үгүйрч буйн гол үндэс, шалтгаан бол сонирхлын зөрчил гэдгийг хүн бүхэн мэддэг, мэдэрдэг болжээ. Гэхдээ нийгэмд сонирхлын зөрчил гээч “мангас” гарч ирнэ гэдгийг эхнээсээ мэдэрч, дарж чадаагүй учир төр засаг өдгөө нэг ч буруутанд хариуцлага тооцож чадахгүй, харин ч өөгшүүлээд сууж байна. Тиймээс авлига авах, ашиг сонирхлын зөрчил гаргах, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах явдал жирийн үзэгдэл боллоо.
Дээрх цөөн баримтаас үзэхэд, төрийн зарим албан хаагч ажилладаг салбарынхаа дагуу хувийн ажлаа давхар амжуулж байна. Газар тариалангийн аж ахуй, бизнес эрхэлдэг хүн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүнээр, ашигт малтмалын хайгуул, олборлолт хийдэг компанитай хүн АМГ-ын Геологи, уул уурхайн албаны даргаар ажиллаж байх жишээтэй. Манайд үүнийг зохицуулах, хязгаарлах хууль алга. Тиймээс тэд төрийн бодлого, шийдвэрийг өөрийн болон гэр бүл, ойр дотныхны ашиг сонирхолд нийцүүлж, улсыг хохироосоор л байна. Ядаж л тухайн албан тушаалтны гэр бүлийнх нь гишүүн нь бизнесийн байгууллагад ажилладаг тохиолдолд тэр чиглэлийн үйл ажиллагаа хариуцдаг байгууллагад удирдах ажилтнаар тавьж болохгүй гэдэг ч юм уу, тухайн өндөр албан тушаалтныг ажлаас нь гарлаа гэхэд тодорхой хугацаанд өмнө нь ажиллаж байсан салбарынх нь чиглэлээр ажиллуулахгүй байх зэрэг хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Ингэвэл сонирхлын зөрчил бага ч болов буурна.

Ашиг сонирхлын зөрчлөөс яаж урьдчилан сэргийлж, хязгаарлаж, ангижрах вэ гэсэн асуулт улс орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй зарим улстөрчийн тархийг гашилгаж байгаа нь мэдээж. Тэд ч Сонирхлын зөрчлийн тухай хуультай болох нь зүйтэй гэсэн нэгдмэл шийдэлд хүрээд буй. Тэдний санаачилсан энэ хуулийг бүх нийтээрээ дэмжиж, гаргасан цогийг нь сайн үлээж сэвээд өгөх л юу юунаас ч чухал болоод байна. Ингэж чадаж гэмээнэ одоогийн энэ бусармаг байдал бага ч гэсэн өөрчлөгдөнө дөө.  

No comments:

Post a Comment