Thursday, January 27, 2011

Авлигын хэрэгт том багын ялгаа гэж байдаггүй

С.Будрагчаа
Мэдээллийн эх сурвалж: http://news.guren.mn/content/13122.shtml


Өнгөрсөн хавар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газрыг хийсэн ажлаа танилцуулахыг шаардсан. Уул нь хуулиндаа бол АТГ зөвхөн УИХ-д ажлаа танилцуулах үүрэгтэй болохоор Ч.Сангарагчаа дарга “АТГ өөрийн хийсэн болон хийж буй ажлаа зөвхөн УИХ-д л танилцуулах үүрэгтэй. Тайлагна гэсэнд нь тайлагнахгүй.” хэмээн хариулсан нь буруудлаа. Бухимдсан ерөнхийлөгч маань хэн ч шалгах эрхгүй энэ байгууллага тэгэхээр юу хийгээд байгаа юм. Авлигын загалмайлсан эцэг гэгдэгч хүмүүс /Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бололтой/ сул чөлөөтэй яваад байхад танай байгууллага зүгээр л сум хорооны ажилтантай зууралдаад байна. Танай байгууллагыг Авлигатай тэмцэх газар биш, авлигатай тэнцэх газар гэмээр болж хэмээн ундууцсан. Төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олноороо жилдээ 16 тэрбум төгрөгийн төсөвтэй дээрх сүржин байгууллагаас авлигын маш том хэргийн илрүүлэлтийг хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Яг үнэндээ АТГ өөрийн чадах чинээгээр зүтгэж, чамгүй хэргийг илрүүлсэн байдаг. Харамсалтай нь илэрсэн авлигачдаас нь шийтгэл хүлээсэн хүн бараг байдаггүй аж. Ер нь бол  авлигын хэрэгт том багын ялгаа байдаггүй. 




Авлигын хэрэг маш өчүүхэн гэлтгүй үргэлжийн гай дагуулж байдгийг харуулах үүднээс нэг жижигхэн авлигын хэргийг дурдая.  2010 оны наймдугаар сарын 13-ны өдөр АТГ-т Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхбатаас доорх гомдол иржээ. “Миний охин 2010 оны хавар 11 ангийн сурагч байхдаа БСШУЯ-наас зохион байгуулсан англи хэлний улсын олимпиадын гүнзгийрүүлсэн түвшинд өрсөлдөн, гуравдугаар байрт орсон. Гэтэл тус яамны холбогдох албан тушаалтнууд, тодорхой хэлбэл Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар “андуурсан” гэдэг шалтгаанаар миний охины оронд өөр хүүхдийн нэрийг оруулжээ. Үүнээс болж охин маань сонгосон мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцах эрхийн бичиг, мөн их дээд сургуульд элсэн суралцахад төрөөс олгодог сургалтын төлбөр зэрэг шагнал, урамшууллаа авч чадаагүй. Хамгийн гол нь мэдлэг, ур чадвараа шударгаар үнэлүүлж чадахгүй хохирсон. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад болон ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан БСШУЯ –ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар нарт хандаж, үнэн зөв шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс  энэ үйл ажиллагааг шалгаж, үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ. Дээрх гомдлын мөрөөр АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд хэргийг шалгахад Ж.Мягмар буруутай болох нь хөдлөшгүй баримтаар тогтоогджээ.  АТГ-аас БСШУЯ-ны сайдад олимпиадад байр эзэлсэн сурагчдын байрын дарааллыг санаатай өөрчилж, арван жилийн сурагчийг хохироосон  явдлыг засч залруулан, Ж.Мягмар гэгчтэй хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлээд л энэ хэргийг орхисон. Тус яам хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хөөрхий охиныг хохиролгүй болгосон эсэх нь тодорхойгүй үлдсэн юм. БСШУЯ яахав охиныг хохиролгүй олгосон байж болох юм. Харин тэр охины сэтгэлд авлига хэмээх бузар хэргээс үүдэж үлдсэн шарх анилгүй үлдсэн болов уу.

Нэг сурагч ингээд хохироод үлджээ. Харин нэг сургуулийн хүүхдүүд авлигын хэргийн золиос болох шахсан тохиолдол өнгөрсөн намар гарсан. Тэр  нь Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн биеийн тамирын талбайд “Койнвол” ХХК хууль бусаар барилга барьсан явдал юм. Тоглох талбайгүй болсон сурагчид энэ хэргийг шалгаж өгнө үү гэсэн гомдлыг  АТГ гаргажээ. Гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил явуулахад тус сургуульд биеийн тамирын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн газраас 6591 м2 газрыг “Койнвол” ХХК-д таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2008 онд  гаргасан 464 дүгээр захирамж  гарсан байжээ. 
Уг захирамж нь Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 150 дугаар захирамж зэрэг хууль тогтоомжуудыг зөрчсөн байжээ. АТГ-аас “Койнвол” ХХК-д эзэмшүүлсэн 0203954 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгоно уу гэсэн албан тоотыг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт явуулжээ. Харин Г.Мөнхбаяр дарга алдаагаа дор нь ухамсарлаж, гаргасан захирамжаа хүчингүй болгож, 13 дугаар дунд сургуулийн хүүхдүүдийг тоглох талбайтай нь үлдээсэн байдаг. Энэ бол зүгээр сургуулийн хэмжээний хэрэг л дээ. Нэг үгээр хэлбэл өчүүхэн жижиг хэрэг хэмээн ойлгож болно. Харин бүх л бүтэн аймаг тэр чигээрээ авлигын золиос болсон тохиолдол байнаа. Энэ бол өмнө нь гарч байсан авлигын хэргүүдтэй харьцуулбал цар хүрээ, зохион байгуулалтаараа үнэхээр том хэрэг байсан. Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаасаа хойш илрүүлсэн хамгийн том хэрэг гэчихэд ч буруудахгүй болов уу. Энэ хэрэг бол  Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх, Тендерийн үнэлгээний хорооныхон гэх байгууллага орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн тендерүүдийг санаатайгаар будилаантуулж, цөөхөн хэдэн компанитай хамтран завшиж байсан хэрэг юм. Тэдгээр хүмүүс нь Ховд аймгийн Засаг дарга Д.Нямдаваагийн захирамжаар томилогдсон Засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Сүрэнжав, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Тендерийн захиалагчаар ажилласан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга З.Өмертэй, Д.Баатарсүрэн, У.Батзаяа  нар юм. Тэд нар 2009, 2010 онд явагдсан бүх тендерийг будлиантуулсан байдаг.  Тухайлбал тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд тус аймгийн Татвар, Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагын шууд болон шууд бус заавраар зарим нэг байгууллага, компаниудад татвар, нийгмийн даатгалын  өр төлбөргүй гэсэн бичиг гаргаж өгч байсан байдаг. Нэг үгээр хэлбэл тендерийг будлиантуулах ажилд нь татварын газар, мэргэжлийн хяналтын газар, тендерийн үнэлгээний комисс гэх мэтчилэн бүхий л томоохон албан тушаалтнууд нь оролцож, надад хэн хэлэх вэ? Нохойг хэн саах вэ гэсэн сэтгэлээр хандсан байдаг. 

Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газраас сэтгүүлчдэд тараасан мэдээллийг хүргэж байна.
 1.    Ховд аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Батцэнгэлийн булхай

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Батцэнгэл тендерт шалгарсан компаниудын ажлын гүйцэтгэлд хяналт тавьдаггүй байсан нь ямар учиртай юм бол.  “Толхын ойл” компани  2009 онд тендерт ялж төсвийн мөнгийг авсан атлаа барилгын  ажлыг хийгээгүй.  Өмнөх ажлаа хийгээгүй атлаа төсвийн мөнгөөр ямарч зөвшөөрөлгүйгээр 12 айлын орон сууц барьж эхэлсэн байдаг. Мөн “Алтан буйлааст” ХХК 2009 онд нэг, 2010 онд дөрвөн тендерт давуу эрх эдлэн ялсан байдаг. Харамсалтай нь тус компани тендерийн ажлаа дуусгаагүй  бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авч дараагийн ажлаа эхлүүлсэн зөрчил гаргасан байжээ. Ийм зөрчлүүд гарсныг мэдсээр байж ямар нэгэн арга хэмжээ аваагүйн шалтгаан нь юу вэ? Үүнд ямар нэгэн хээл хахуулийн хэрэг байгааг үгүйсгэх аргагүй.
2.    Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мягмарцоож ямар зөрчил гаргасан бэ?

Тэрбээр “Ховд аргим” ХХК-ийн тендерт шалгарсан материалд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  баримтыг хуурамчаар оруулжээ. Мөн  “Алтан буйлааст”, ББМЗЗТ ХХК-д албан тушаалын давуу байдлаа ашиглан “Нийгмийн даатгалд өр төлбөргүй” гэсэн хууль бус тодорхойлолт гаргаж өгсөн асуудалд холбогдоод байна. Харин тус аймгийн Татварын хэлтсийн дарга С.Жаргалдалай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулийн барилгын их засварын тендерт ялсан “ББМЗЗТ” ХХК нь татварт 27 сая гаруй төгрөгийн татварын өртэй байхад “Татварт төлөх өр төлбөргүй” гэсэн бичиг хийж өгсөн асуудалд мөн л холбогдоод байна.
3. 150 сая төгрөгийн өртэй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан компани тендерт ялсан байжээ

Б.Даваасүрэн захиралтай “ББМЗЗТ” компани Эрдэнэбүрэн сумын сургуулийн засварын 150 сая төгрөгийн өртөгтэй тендерт оролцох үедээ компанийн тусгай зөвшөөрлүүд нь дууссан байжээ. Түүнчлэн тус аймгийн Татварын хэлтэст 27.3 сая төгрөгийн татварын өртэй байсан атал тендерийн шалгаруулалтад ялжээ. Тус компанийг шалгаруулсан хүмүүс нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Үнэлгээний хорооныхон. Тус компани тендерт ялж төсвөөс мөнгөө аваад татварын дөрвөн сая төгрөгийн өр төлбөрөө төлсөн байна. Мэдээж Эрдэнэбүрэн суманд сургуулийн дотуур байрыг барьж өгөөгүй.

4. “Алтайн буйлааст” компанийн булхай

            Татвар, нийгмийн даатгалд өртэй атлаа “Өр төлбөргүй“ гэсэн бичиг гаргуулж, тендерт оролцон ялсан компани бол Н.Бадрах захиралтай “Алтайн буйлааст” компани. Тус компани 2009 онд татварт 2.1 сая, нийгмийн даатгалд дөрвөн сая төгрөгийн өртэй байхдаа улсын төсвийн хөрөнгөөр баригдах Ховд аймгийн Зэрэг сумын Соёлын төвийн барилгын тендерт ялсан байна. Мөн 2010 онд тус суманд хийгдэх барилга засвар, шинээр барих зэрэг нийтдээ 500-гаад сая төгрөгийн гүйцэтгэгчээр ганцаараа шалгарчээ. Тус компанийнхан дээрх сумын Бургасан багийн төвийн барилгын ажлыг эхлүүлээгүй атлаа төсвөөс 30.6 сая төгрөгийн санхүүжилт авч, улмаар уг мөнгөөрөө Жаргалант суманд 12 айлын орон сууц барьж эхэлсэн нь АТГ-аас явуулсан шалгалтаар илэрчээ.

5. “Толхын ойл” компаний булхай 

Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Т.Дырбубай захиралтай “Толхын ойл” компани 2009 онд 3.7 сая төгрөгийн өртэй байхдаа 200 сая төгрөгийн өртөгтэй эко цэцэрлэгийн тендерт ялжээ. Тендер гүйцэтгэлийн өртөг болох 150.4 саяыг төсвөөс авсан атлаа гэрээнийхээ хугацаанд ажлаа ч дуусгаагүй. Мөн Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл авалгүйгээр мөн л орон сууцны барилгын ажил эхэлжээ.

6. “Ховд аргим” компаний булхай

            Ц.Түмэндэмбэрэл захиралтай “Ховд аргим” компани мөн хууль бусаар тендерт шалгарсан. Тус компани 2009 онд 3.7 сая төгрөгийн өртэй байхдаа  Татварын газраас танил талаа ашиглан “Өр төлбөргүй” гэсэн бичиг авч, улмаар Нийгмийн даатгалд өр төлбөргүй, шимтгэлээ цаг хугацаанд нь төлдөг гэсэн  бичгийн хуулбар тендерийн материалдаа хавсарган ялалт байгуулсан аж. Тус компанийнхныг өмнө нь шалгарсан барилгын ажлаа халтуурдаж, чанаргүй гүйцэтгэсэн талаар Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаж, Үнэлгээний хороонд өгсөөр байтал шалгаруулагчид түүнийг үл ойшоож, дахин хууль бусаар шалгаруулжээ. Ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан нөхдийг бултаар нь илрүүлсэн АТГ тэдгээр увайгүй нөхөдтэй эцсийн дүнд хариуцлага тооцож чадсангүй. Яагаад гэхлээр Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 263.1 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264.1 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 266.1 буюу төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх,  270.1 буюу хээл хахууль зуучлах, 273.1 буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах  263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264.2. буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 265. буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 266.2 буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268.  Буюу Хээл хахууль авах, 269 Хээл хахууль өгөх 270.2 буюу Хээл хахууль зуучлах гэсэн найман зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг. Харамсалтай нь илрүүлсэн хэрэгтээ өөрсдөө эрүү үүсгээд явах эрхгүй болохоор дараа дараагийн байгууллагатаа хэргээ шилжүүлдэг аж.  Тухайлбал цагдаа болон прокурорын газарт хэргийг шилжүүлдэг аж. Ерөөсөө ийм гайтай том цоорхойтой хуулиас болж авлигын хэргийн илрүүлэл маш муу байдаг. Илэрсэн ч олон шат дамжлагыг дамжих явцдаа бүдгэрч дарагддаг бөгөөд илэрсэн хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээдэггүй аж. Тухайлбал Ховд аймагт үүрлэсэн дээрх авлигачид доорх шийтгэлийг хүлээжээ.  АТГ-аас тус аймгийн Засаг дарга Г.Нямдаваад Тендерийн үнэлгээний хорооныхон гэгдэх албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан тоот явуулахад Засаг дарга дээрх будлианыг зохион байгуулсан гол хүмүүс болох өөрийн орлогч Ж.Цэнд-Аюуш болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Сүрэнжав, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж нарт сануулах арга хэмжээ авсан бол тус аймгийн засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн О.Буяндэлгэрт ажлаас халах сахилгын шийтгэл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга У.Батзаяад нэг сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах шийтгэлийг оногдуулснаар дээрх хэрэг хаагджээ. Ердийн муу увайгүй луйварчнаас эхлээд бүх л бүтэн аймгийн хөгжлийг уяж мянга мянган хүний эрх ашиг, улсын тэрбум тэрбум хөрөнгөөр туйлсан авлигачидыг цээрлүүлж чаддаггүй манай төр яаж том хэрэг илрүүл хэмээн АТГ-аас шаардаж чаддаг байнаа. Одоо ТЕГ, УПЕГ тус газрын дарга нарыг унагаах талаар улайран зүтгэж байгаа. Аль нэг намын эрх ашигт хэрэгтэй болохоор тэгж байж ч болох юм. Гэхдээ АТГ-ын хуульзүйн орчныг сайжруулахгүй аваас Сангарагчаа ч байсан Чангарагчаа ч байсан авлигачидтай тэмцэж чадахгүй шүү дээ.

No comments:

Post a Comment