Thursday, January 27, 2011

Сонирхлын зөрчлийг хуульчлах уу?

Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50095.shtml
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газартай хамтарч 2009 оны тавдугаар сард Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээр Нээлттэй сонсгол хийсэн билээ. Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэргээр хийсэн Нээлттэй сонголын дараах хоёр дахь сонсгол болсон юм. Харин энэ сонсголын дараа УИХ-ын гишүүд болон олон нийтээс “Авлигатай тэмцэх газар жинхэнэ “тул”-нуудаа барьж чаддаггүй, “жараахай”-нуудтай л хөөцөлддөг юм байна шүү дээ” гэсэн шүүмжлэл хүлээсэн билээ. Гэвч үнэн хэрэгтэй тэр “жараахайнууд”-аа ч барьж чадахааргүй хууль эрх зүйн орчинтой байсан гэдгийг “Иргэний танхим”-д болсон хэлэлцүүлгийн үеэр гишүүн Х.Тэмүүжин хэлсэн. Ийм хууль эрх зүйн орчинтой нөхцөлд авлигатай тэмцэнэ гэдэг нь нийгэмд хий хоосон сенсааци дэгдээх, “скандал” үүсгэхээс цаашгүй байдаг гэдгийг анх 2006 онд АТГ-ыг байгуулснаас хойшхи бараг дөрвөн жилийн ажил бэлхнээ харуулсан билээ. АТГ-ын нөхөд энэ хугацаанд сумын сургуулийн эрхлэгч, гаалийн хэдэн байцаагч, торгуулийн мөнгө хувьдаа завшсан замын цагдаагийн хэргийг л шийдсэнээс бус өөр олигтой үр дүн гараагүй билээ. Харин энэ газарт шалгагдаж байсан нөгөөх “акул”-ууд хэмээх том хэрэгтнүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бүгд л “улс төрийн ямар нэгэн учир шалтгаанаар хэлмэгдсэн” болж таараад, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн.

Мөн хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа “Ерөн оноос хойш л манайд сонирхлын зөрчлийн талаар ямар ч мэдрэмж байгаагүй шүү дээ. Сургуулийн багш хүн ангийнхаа охидуудаар шал, цонхоо угаалгадаг, гэртээ аваачаад хүүхдээ харуулдаг байсан. МСДН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн хүн зурагтаар “Хүмүүс над руу утасдаад банкнас зээл аваад өгөөч гэдэг юм, би тэгээд л банк руу нь утасдаад авч өгдөг” гэж хээв нэг ярьдаг байсан. Өөрөө банкны салбарыг эрүүл саруул ажиллуулах хуулийг нь батлаад сууж байгаа хүн шүү дээ” хэмээн ярьлаа. Хариу жишээг АНУ-ын ерөнхийлөгчөөс иш татна лээ. Америкийн ерөнхийлөгч нар жилд хоёрхон удаа, тус улсын иргэний нийгмийн бүх байгууллагуудад санхүүжилт босгож өгдөг “United Way” гэж байгууллагын өмнөөс зурагтаар үг хэлдэг гэнэ. Иргэддээ хандаж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулж хандив өгөхийг уриалдаг аж. Өөр ямар ч компани, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж сурталчлах буюу зохион байгуулсан үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Харин манай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хувьд аль нэг хувийн компанийн зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцоод, хоол идээд, үг хэлээд явж байх нь сонирхлын зөрчилтэй мэтээр харагдуулдаг гэдгийг тэр хэллээ. Дашрамд дурьдахад манайд ч бас татвар төлөгчдөөс цуглуулсан татварын 0,1 хувийг иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлэхэд зориулах тухай санаачлага гарч, хуулийн төсөл хүртэл бичигдэж эхлээд байгаа. Энэ нь иргэний нийгмийн байгууллагуудыг хэн нэгний нөлөөнд автахгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхан, олон нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулахад зориулагдах аж.
Уншигчид санаж байгаа бол өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ны үймээний дараа үймээнд оролцож, МАХН-ын байрыг шатаасан хэргээр 700 гаруй залуусыг барьж хориход мөн л үймээнд оролцсон цагдаа нар өөрсдөө иргэдээс байцаалт авч, иргэд гэм буруутай хэмээн тогтоосон. Харин дараа нь хөндлөнгийн хараат бус байгууллагаас хийсэн шалгалтаар цагдаа нар иргэдэд хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэсэн, зодож занчиж, айлган сүрдүүлсэн болох нь нотлогдсон билээ. Энэ тухай Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн”-өөс зохион байгуулсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн танилцуулга, нээлттэй хэлэлцүүлгийн үеэр дахин санууллаа.

Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталсан. Гэвч олон улсын “Транспэрэнси интернэйшнл” байгууллагаас хийсэн судалгаагаар Авлигын индексээр 1998 онд дэлхийн улс орнуудаас 35 дугаарт жагсаж байсан Монгол Улс 2005 онд 99 дүгээрт, 2009 онд 120 дугаарт ортлоо ухарсан байна. Авлига нийгмийн аль салбарт илүү байгаа талаар судалгаа хийж, 5 хүртэл оноогоор дүгнэхэд улс төрийн хүрээн дэх авлига хамгийн их буюу 4,55 гарч, хууль хяналтын байгууллагууд 3,92 оноотойгоор “удаалсан” байна. Тиймээс өнөөдөр манай улс ядуурал, авлига болоод өлсгөлнгийн түвшингээр Азидаа тэргүүлж байгаа.  Сонирхлын зөрчил нь авлигын үндэс суурь болдог гол зүйл атал сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулаагүйгээс авлигатай тэмцэх ажил үр дүнгээ өгөхгүй гэдгийг Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Одонтуяа мөн өөрийн илтгэлдээ дурьдсан. Харин бидэнтэй нэг зэрэг зах зээлд шилжсэн хуучин социалист орнууд сонирхлын зөрчлийг хуульчилснаар авлигатай тэмцэх ажил үр дүнгээ өгч байгаа гэнэ. Хуучнаар СЭВ буюу Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд багтаж байсан 30-аад оронд энэ төрлийн хуулийг хэрэглэдэг ба зохицуулалтын хувьд харилцан адилгүй байдаг аж.
Тухайлбал, Казакстан зэрэг зарим оронд парламентын гишүүд сонирхлын зөрчлөө ил мэдүүлдэг боловч шийдвэр гаргахад оролцоод явдаг. Шийдвэр гарахад оролцохыг хориглох нь парламентын гишүүний үндсэн эрхэд харшилна гэж үздэг байна. Төрийн албан тушаалтны хувийн сонирхол ажил үүргээ биелүүлэхэд нь харшилдаг учраас сонирхлын зөрчлийг тодорхойлоход уг нь хялбар. Авлигын эсрэг хуулийг анх боловсруулах үед сонирхлын зөрчлийг зохицуулсан нэг бүлэг байсан, түүнийг батлуулахаар УИХ-ын зарим гишүүд, ТББ-уудаас багагүй хүчин чармайлт гаргасан ч хуулийн төслийг эцэслэн батлах үед энэ бүлэг тэр чигээрээ хасагдаж, зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хэсэг л үлдсэн байна.
Тиймээс УИХ дахь Авлигын эсрэг гишүүдийн бүлгээс санаачлан “Нээлттэй академи” судалгааны байгууллагад захиалга өгч, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ өмнө энэ чиглэлээр боловсруулж байсан гурван ч хуулийн төслийг нэгтгэж, мөн зүүн Европын олон оронд хэрэглэж байгаа Сонирхлын зөрчлийн хуулиудаас туршлага судалсан байна. Таван бүлэг, гуч гаруй зүйлтэй уг хуулийг дагалдан төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ч мөн УИХ-д өргөн бариад байгаа. Сануулахад уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа УИХ-ын гишүүдээс “Сонирхлын зөрчил Монголд байна уу?”, “Сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах шаардлагатай юу?” гэсэн асуултаар санал асуулга явуулахад асуулгад оролцсон 25 гишүүн бүгд нэгэн зэрэг “Сонирхлын зөрчил нийгмийн бүх салбарт, ялангуяа шийдвэр гаргах түвшинд хамгийн их газар авсан байна. Тиймээс үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай” гэсэн хариултыг өгсөн билээ. Хууль санаачлагчдыг төлөөлж хуулийн төслйн танилцуулгыг хийсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ тухай:

-Сонирхлын зөрчил байх ёсгүй, сонирхлын зөрчил бол хамгийн муухай зүйл гэж ярих нь өрөөсгөл болно. Хүн болгонд хувийн ашиг сонирхол бий. Харин энэ нь албан үүргээ гүйцэтгэхэд нь саад болж, нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөхөөр байгаа бол үүнийг хуулиар зохицуулах, хориглохоос өөр аргагүй гэсэн юм.

Мөн хуулийн нэр томьёонд шинээр орж ирсэн “Нийтийн алба” хэмээх нэр томьёоны тухайд, төрийн алба гэдэг нь зөвхөн төрийн эрх мэдэлд үйлчилдэг, нийтийн эрх ашгаас тусдаа сонирхолтой мэтээр харагдаж байгаа учраас “нийтийн алба” хэмээн нэрлэснээ тайлбарласан. Бусад улс орнуудын хувьд ч “public servise” хэмээх энэ үгийг үндсэн утгаар нь буюу “нийтийн алба” гэдгээр ойлгож, хэрэглэдэг аж.

Үүнээс гадна манайд сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулаагүй, хүлээлгэх хариуцлага байхгүй учраас төрийн албан хаагчид сонирхлын зөрчилд орсон байлаа ч үүнийг нь заавал эрүүгийн хэрэг үүсгэх замаар шалгаж, прокурорууд хэтэрхий хүнд шаардлага тавьдаг учир хэрэг нотлогддоггүй байна. Тиймээс төрийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт удаан хугацаагаар шалгуулсны дараа хэрэг нь нотлогдохгүй болмогц хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн зарлан барьж ирээд буцаад ажилдаа ордог. Хэрвээ сонирхлын зөрчлийг хуульчилсан тохиолдолд эрүүгийн гэмт хэргийн шатанд хүрээгүй байлаа ч тохирсон хариуцлагыг хүлээлгэх боломжтой болох юм. Мөн энэ хуульд төрийн буюу нийтийн албанд зүтгэж байгаа хүмүүс, төрийн өндөр албан тушаалтнуудад албан тушаалаа хүлээлгэж өгсний  дараах хариуцлагыг ч тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал, манай дарга нар урьд төрийн албанд байхдаа лиценз олгож байсан компанидаа, эсвэл өөрийн шалгаж байсан байгууллага дээрээ очоод, өндөр цалин аваад, дарга захирал хийгээд суучих тохиолдол элбэг. Хуулинд үүнийг ч мөн ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, тодорхой хугацаанд энэ төрлийн ажил, албан тушаал эрхлэхгүй байхаар заасан байгаа.

Тэгвэл хууль батлагдсаны дараа яах вэ?

Энэ тухай Х.Тэмүүжин гишүүн “Сонирхлын зөрчилд орохгүй байх хүсэл эрмэлзэл, шинэ ёс зүйг бий болгох ёстой” гэсэн юм. Хуучин социалист орнууд ч уг хуулийг баталсныхаа дараа хуулиндаа зохицуулан ёс зүйн дүрмүүдээ шинэчилсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаныхаа ёс зүйг. Мөн Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдсаны дараа одоо одоо төрийн албаны суурь хууль болж байгаа Төрийн албаны хууль ач холбогдлоо алдаж, Сонирхлын зөрчлийн хууль суурь хууль болох гэнэ. Энэ хуульд зохицуулан салбар бүрт шинэ хуулийн зохицуулалт хийх ёстой гэдгийг хууль санаачлагч тайлбарлаж байна. Хамгийн гол нь төрийн буюу нийтийн албан хаагчид сонирхлын зөрчлөө ил мэдүүлснээр олон нийтийн зүгээс гардаг элдэв хардлагаас ангид байж, нэг талаар илүү хамгаалагдах юм. Тиймээс уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд төрийн зүгээс илүү их хүсэл эрмэлзэл гаргаж, техник технологийн туслалцаа үзүүлж, хөрөнгө зардал гаргах хэрэгтэй тул нийтийг хамарсан том хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болох нь.

Гэвч хуулийн төслийг энэ хэвээр баталж чадах уу? Энэ асуулт хэлэлцүүлэгт оролцогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш н.Цогтоо “Наад хуулийг чинь эсэргүүцэх гээд нөгөө төрөөс төрсөн тэрбумтнууд чинь Цагаан хэрэмнээс урт дараалал үүсгэчихсэн зогсч байгаа шүү. Тэднийгээ хоолноос нь салгаж, өлсгөлөнд учруулах ийм хуулийг яаж ийм олон зүйл заалттайгаар дэмжүүлэх юм бэ. Илүү цомхотгох хэрэгтэй” гэсэн саналыг ч гаргаж байсан. Харин Х.Тэмүүжин гишүүн “Яг энэ хэвээр нь баталж чадахгүй байлаа ч хуулийн үндсэн агуулга, үзэл баримтлал бол дэмжигдэнэ” гэж хариуллаа. Хуулийг цөөхөн зүйл заалттай, тунхагийн шинжтэйгээр гаргах юм бол хэрэгжүүлэхээсээ илүү гуйвуулах нь их болдог учир ингэж нэг бүрчлэн тодорхойлж өгсөн гэдгээ ч хэлсэн. УИХ-ын түвшинд анхаарал татаж байгаа гол асуудал нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байсан тохиолдолд УИХ дээр зөвхөн саналын эрхтэй оролцох тухай заалт. Уг асуудал хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх бололтой. Харин Засгийн газрын түвшинд бол “Асуудал эвгүй боллоо шүү” гэсэн сэрэмж нэгэнт бий болоод эхэлчихсэн. Гэвч улс оронд хэрэгтэй гэдэг утгаараа хуулийг дэмжинэ гэж найдаж байгаа гэнэ.

Б.СЭМҮҮН     

No comments:

Post a Comment